“Зүрх зогсохгүй” уран сайхны кино нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

“Skin” intertaiment-ийн бүтээл “Зүрх зогсохгүй” кино Өргөө кино театр дээр өчигдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Эх орноороо бахархах, эр цэргийн алба, анд нөхдийн үнэнч нөхөрлөл, хайр дурлалын түүхийг өгүүлсэн уг киноны гол дүрд СТА С.Чулуунбаяр буюу монголын хип хоп урлагийн тулгын чулууг тавьж байсан “ICE TOP” хамтлагийн гишүүн Коби, ОUTLAW хамтлагийн дуучин Э.Ариун-Эрдэнэ, жүжигчин Б.Энхтүвшин, Б.Батцэрэн, Э.Энэрэл нар тогложээ. Харин МУГЖ Ё.Цог, СТА Б.Навчаа нар хил хамгаалалтын туслах хүчний гишүүнээр туслах дүрүүдийг бүтээсэн байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр уг киноны ерөнхий найруулагч Б.Анар “Аливаа уран бүтээлийн ард гарна гэдэг амаргүй даваа. Энэхүү киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн ангийн Орос улстай хиллэдэг хилийн застав дээр найман сарын туршид үргэлжилсэн. Тус застав тог цахилгаан, сүлжээ байхгүй учраас хэцүүхэн байсан. Энэхүү кинондоо бид залуучууддаа эх оронч үзэл суулгах, эр цэргийн албанаас зугтаах биш, харин ч бахархмаар байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Эр хүн болгон цэргийн албыг хаах хэрэгтэй” хэмээгээд кино сонирхогчдыг киногоо үзэж өөр өөрсдийн үнэлэмж, дүгнэлтээ гаргахыг хүссэн юм.

“Зүрх зогсохгүй”-д өөр өөрсдийн хувь төөргөөр цэргийн албанд татагдаж ирсэн дөрвөн залуугийн тухай өгүүлэх бөгөөд хүн амьдралдаа алдаж, хэн ч байсан байж болно. Харин цэргийн амьдралд бүх зүйлс эрх тэгш шинээр эхэлдэг гэдгийг харуулжээ. Түүнчлэн эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчдийн эх оронч үзэл, торгон хилийн шугам, эр цэргийн хатуужил зэргийг тод томруунаар харуулсан нь үзэгчдийг өөрийн эрхгүй эх орны тухай бодол бодогдуулахад хүргэсэн болов уу.

Ингээд тус киноны Нэхийтийн дүрийг бүтээсэн Э.Ариун-Эрдэнээс киноных нь талаар сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Аливаа нэг том уран бүтээлийн ард гараад нэг сайхан амьсгаа авах шиг сайхан зүйл байдаггүй шүү дээ. Энэхүү кинонд тоглосон өөрийн дүрийг үзээд ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Энэхүү киног маань кино сонирхогч залуус маань их сайхнаар хүлээж авч байна. Их ажлын ард гараад түүнийхээ үр шимийг харах гэж байгаадаа таатай байна. Киногоо үзнэ гэхээр догдлоод урьд шөнө бараг унтаагүй. Ямарваа нэгэн давааг давахад маш их хичээл зүтгэл ордог. Манай уран бүтээлчид маш олон хэцүү цаг үеийг давж чадсаны үр дүнд их сайхан бүтээл болсон байна.

-Өөрийн чинь хувьд кинонд тоглосон анхны тохиолдол шүү дээ. Жүжиглэхэд бэрхшээлтэй тал хэр их байна?

-Миний хувьд жүжиглэх ямар ч төсөөлөл байхгүй учир бэрхшээлтэй талууд их гарч байсан. Уран бүтээлчдээ чирэхгүй байхын тулд их хичээж ажилласан. Мэдээж хамт олныхоо дэмжлэг, тусламж зөвлөгөө надад маш их нөлөөлсөн.  

-Энэхүү кино маань цэргийн алба хааж байгаа дөрвөн залуугийн тухай гарах юм. Залуучуудыг цэргийн албанд уриалан дуудсан сайхан уран бүтээл болжээ?

 -Тэгэлгүй яахав. Залуучууд маань эр хүн болж төрснийхөө утга учрыг цэргийн алба хааж эх орныхоо торгон хилийн шугам, хилийн баганадаа ёслоод зогсож байхдаа мэдэрдэг гэдгийг л маш сайн ойлгосон доо.

-Тэгвэл Outlaw хамтлагийнхан маань  хэсэг нам гүм байлаа. Шинэ бүтээл дээр ажиллаж байна уу?

-Энэ жил манай хамтлаг 10 нас хүрч байгаа. Хамтлагийнхаа ойд зориулж энэ ондоо багтааж хоёр цомог гаргахаар ажиллаж байна. Эхний “Thank you Outlaw” цомгийн маань бичлэг 100 хувь дууссан. Хоёр дахь “Санахын нэр” нэртэй цомгийн ажил 70 хувьтай явагдаж байна.  Энэхүү цомог маань дандаа шинэ уран бүтээл орж байгаа учраас их чанартай цомог болох байх гэж найдаж байна. Манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийгээгүй удаж байна. Иймээс бид он гараад хоёрдугаар сард томхон хэмжээний тайлан тоглолт хийхээр ярьж байна. Энэхүү тоглолт маань манай сонсогчдод том бэлэг болох болов уу.

-Энэхүү тайлан тоглолт өмнөх 2012 онд болсон тайлан тоглолтоос чинь юугаараа илүү онцлог,  давуу болж чадах вэ?

-Энэ тайлан тоглолтонд маань дандаа шинэ уран бүтээл дуулагдана. Шинэ уран бүтээлүүдийн хувьд их чанартай болсон гэж бид дүгнэж байна. Иймээс гарсан даруйдаа сонсогчдын таашаалд нийцэх болов уу.

Э.Цагаан-Уул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BI(202.179.23.209) 2014 оны 12 сарын 04

Yostoi zurih dogdluulsan saihan kino bolosn bn lee. ;)

0  |  0
Top