”Эзэн нь байхгүй ч бүтээлийг нь хүндэтгэсэнд баяртай байна”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан “Хонх” хамтлагийн "Хонхны дуу"-д Төрийн соёрхолт шагнал хүртээлээ. Хонхны дуу нь 25 жилийн өмнө ардчилалын төлөө тэмцэж байсан залуусын сүлд дуу болон зохиогдож байсан бөгөөд одоо ч дуулагдсаар байгаа билээ. Шагналыг “Хонхны дуу”-ны үг, аяыг зохиосон С.Цогтсайхан агсны эхнэр Н.Наташа,хүү Ц.Түшиг, С.Майнбаяр, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нар гардан авлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ”Хонхны дуу”-тай дүйцэх ардчилалын сүлд дуу Монголд байхгүй

- Өнөөдрөөс яг 25 жилийн өмнө тэр үеийн Хүүхэд залуучуудын ордны өмнө Монголын ардчилсан холбооны залуучууд Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж анхны цуглаан хийсэн. Тэр цуглаан дээр анх удаа С.Цогтсайхан агсны үг, аяыг нь бичсэн “Хонхы дуу”-г дуулж байсан. Тэр цуглааныг би нээж үг хэлж байлаа. Төрийн соёрхолтыг бүтээлд олгодог. Өмнө ч тийм уламжлал байсан. Дөрвөн мөртэй шүлэгт хүртэл олгож байсан. 20-р зуунд хүйтэн дайн гэж байх үед нийгмийг өөрчлөх, хувьсгалд дуудсан дуунууд зохиогдож байсан. Гэхдээ “Хонхы дуу“ шиг ийм гайхамшигт өөрчлөлт нийгмийг татсан, бүрэн утгаар нь гаргаж чадсан сүлд дуу Монголд байхгүй. Өнөөдөр ч “Хонхны дуу”-гаа дуулмаар санагдах юм гэж хүмүүс хэлдэг. “Хонхны дуу” цаашдаа ч ач холбогдолоо алдахгүй, хэдэн үедээ нийгмийг өөрчлөлт, шинэ зүйлд дуудсан уриа дуудлага байна. Үнэхээр мөнхийн бүтээл болж чадсан. Энэ дуу эгшиглэсээн яг 25 жилийнх нь ойн өдөр зарилаг гаргаж ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн соёрхолт хүртээж, гүн хүндэтгэл үзүүлж  байгаадаа маш их баяртай байна гэлээ.

С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа: Эзэн нь байхгүй ч бүтээлийг нь хүндэтгэж байгаад баяртай байна

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Хонхны дуу”-нд Төрийн шагнал олгосон явдалд манай гэр бүлийнхэн баяртай байна. Ийм үйл явдал болно гэж зүүдэлсэнгүй.  Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр Цогоогийн минь гэрэлт хөшөөг босгож, зохиосон дуунд нь Төрийн шагнал олгосон нь түүхэн, мартагдашгүй үйл явдал болж байна. Зохиогч нь байхгүй ч “Хонхны дуу”-нд нь Төрийн шагнал олгож байгаа нь шинэлэг үйл явдал гэдгийг сая Ерөнхийлөгч маань хэллээ.

Талийгаач нөхөр маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг анх энэ хувьсгалд орсон үеэс эхэлж хамгийн ойр, ойлгож, мэдэрч, түүнд нь тусалж явсан хүн гэдгийг би өөрөө сайн мэднэ. Хань минь өнгөрөөд 10 жил болсон ч ард нь үлдсэн хоёр хүүхдэд маань Цогоог минь байгаа юм шиг энэ хэдэн жил тусалж ирлээ. Аавынх нь оронд аав болж, эрдэм боловсролд нь анхаарч байдагт талархаад баршгүй.

Дотны анд, журмын нөхөр нь энэ хорвоод байхгүй ч  хүнлэг сайхан сэтгэлээр ар гэр, үр хүүхдэд нь сэтгэл гаргаж байгаад нь хүнлэг Ерөнхийлөгчдөө гэр бүлийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлье.  

“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр: ”Хонхы дуу”-г Төрийн соёрхолт болно гэж бодож байсан

- Би “Хонхны дуу”-г хэзээ нэгэн цаг Төрийн соёрхолт авах байх гэж зүүдлээгүй биш, бодож явж байсан. Ялангуяа ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд энэ үгийг олон хэлж байна. Энэ дуу яалт ч үгүй ардчилалын сүлд, олон түмэнд түгсэн дуу. Надтай маргах хүн байхгүй байх. Энэ дуу анх Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны зааланд анх бичигдэж байсан. “Хонхны дуу”-г бүтээхэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн туслалцаа их байсан. “Соёл-Эрдэнэ” хамталгийн бөмбөрчин Цолмон, даралтад хөгжимчин Батболд, басс гитаарчин Дамдинсүрэн нар анх бичихэд надтай хамт тоглосон. Бичлэг хийж байх үед орж ирж биднийг сэтгэл санаагаар дэмжиж, эрч хүч өгч байсан "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дуучин Д.Галсанбат, Баяраа нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ бол та бүгдийн баяр гэж хэлмээр байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top