Хип хоп сонирхогч залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа. Энэ жил “Outlaw” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцсанаа та бүхэнд хүргэе. Э.Ариун-Эрдэний хувьд хамгийн сүүлд нээлтээ хийгээд удаагүй байгаа "Зүрх зогсохгүй" хэмээх уран сайхны кинонд Нэхийт гэх залуугийн дүрийг бүтээгээд байгаа билээ.
- “Outlaw” хамтлагаар сонин сайхан юу байна вэ? Хамгийн сүүлд хийсэн уран бүтээлээс яриагаа эхэлье?
- Уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Манай хамтлаг double цомог гаргах гээд ажиллаж байна. Хамгийн сүүлд “Guys” хамтлагийн Төгсөө ахын ая “Нандин” гээд дууг гаргасан. Энэ дуу маань бас “Зүрх зогсохгүй” киноны sound track болж гарсан.
-“Outlaw” хамтлаг хип хоп хамтлаг боловч дууныхаа дахилтуудыг өөрсдөө үнэхээр сайн дуулдаг. Танай хамтлагт мэргэжлийн дуучин бий юу?
- Яг урлагийн сургууль төгссөн зүйл байхгүй. Цэвэр мэдрэмжээрээ дуулдаг. Хип хоп дуулахад урлагийн сургууль төгсөх шаардлага байхгүй. Манай дахилт дуулдаг залуу маань Эрдэнэтийн Горнек соёлын ордонд багаасаа төгөлдөр хуурийн ангид сурч байсан. Ер нь багын авъяастай хүүхдүүд.
- Эрдэнтийн хамтлаг гэдгээр нь хүмүүс та нарыг сайн мэддэг. “Outlaw” хамтлагийхан одоо Эрдэнэтэд байна уу, хотод байдаг уу?
- Бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мэдээж зах зээл ойрхон газраа уран бүтээлээ хийж үзэгч сонсогчиддоо хүргэж байна.
- Хамтлагийн нэрний утга санаа юу вэ?
- Хуулиас гадуур гэсэн утгатай. Үзэл бодол, үгээ эрх чөлөөтэй хэлнэ гэсэн утгатай юм даа.
- Хамтлаг анх байгуулагдаж байсан тухайгаа дурсвал?
- “Outlaw” хамтлагийн бүрэлдэхүүнд давхцалгүйгээр ороод гарч байсан 7 хүн байдаг. Одоо бол Ариука, Жагаа, Чинзо, Сайхнаа гэсэн дөрөв гишүүн уран бүтээлээ хийж байна. Анх 2004 онд Эрдэнэт хотод Ариука, Сайхнаа гээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Долоон гишүүний маань хоёр нь Европт байгаа, нэг нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой болж байгаа. Хоёр цомгоо ойдоо зориулаад гаргах гээд ажиллаж байна. Нэг нь бэлэн болсон, хоёр дахь цомог нь 70 хувьтай явж байна.
- Цомгоо хаана бичүүлсэн бэ?
- СУИС-ийн ард байрладаг “Perfect” хамтлагийн Баяраа ахын “Намуун” студи, “Сүнс” хамтлагийн Лхагва ахын “Маx Music” рекордс, Цэрэнгийн “Royal” студи, “Guys” хамтлагийн Төгсөө ахын студи, Төрөө ахын “New Star” гэх мэт студиудад бүх дуугаа оруулаад дуусч байгаа.
- Цомогт хэдэн дуу орсон бэ?
- Эхний “Thank you Outlaw” цомог 16 дуутай. Дуунууд нь одоохондоо ихэдсэн байгаа учраас сонгоод шилэгдмэл гэсэн дуунуудаа оруулан. Гэхдээ “Эхлэл” цомгоос хойшхи дуунууд орно. Хоёр дахь цомог 11 дуутай.
- 10 жилийн ойдоо зориулаад “Outlaw” хамтлаг тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?
- Уг нь бодож байсан. Энэ зун киноны ажил гээд хойшилчихлоо. Эхний ээлжинд хоёр цомгийн дуунуудыг клипжүүлээд ар араасаа гарна. Он гараад томоохон хэмжээний концерт хийхээр төлөвлөж байгаа.
- Кинонд тоглосон гээд ярилаа. Кинонд ямар дүр бүтээсэн бэ?
- “Зүрх зогсохгүй” кино маань “Скин” энтертайментийн бүтээл. “Скин” энтертайменттай бид өмнө ”Шаргал гуниг” дууны клип дээр хамтарч ажиллаж байсан. Маш авъяаслаг чадварлаг залуус байдаг. Тэр үеэс ер нь ойртож ажиллаж эхэлсэн.
Өнгөрсөн зун тавдугаар сард "Скин" энтертайментийн Анар уулзъя гээд “Ариука нэг ийм кино байна” гэж санал тавьсан. Өмнө нь би ерөөсөө кинонд тоглоно гэж бодож байгаагүй болохоор их сонин байсан. Хамгийн гол нь кино маань эр цэргийн тухай байсан нь маш их таалагдсан. Би өөрөө 10 жил төгсөөд их сургууль гээд цэргийн алба хааж чадаагүй. Тэгээд л яваад үзье гэж бодсон.
Кинонд дөрвөн үл бүтэх этгээд байгаа. Минийх Нэхийт гээд залуугийн дүр. Нэхийт гэдэг нь амьдрал дээр Монгол улсын Баатар хүн байсан юм байна лээ. Энэ хүний нэрээр бас намайг нэрлэж тоглуулсан.
-Хэрвээ одоо цэргийн алба хаа гэвэл явах уу?
-Одоо нас энэ тэр нь яадаг юм бол. Тэрнээс биш эх орон дуудвал явна гэж кинонд тоглож байх үед бодогдсон. Монгол улсынхаа хил дээр очоод Оросын хилийн цэргүүдтэй уулзаж байхад маш их омогшдог юм билээ. Бид нар яг үнэндээ Монгол нутгийнхаа элгэн дээр нь хар багаасаа тоглож өссөн эх орноо дуудах цагт нь очиж чадаагүйдээ кинонд явж байх үедээ өөрөөсөө жаахан ичиж эвгүй санагдсан. Хил дээр байгаа 19-20 настай залуусаар маш их бахархаж байсан. Бид хэд цэргийнхээ бэлтгэл хийж цэргийн нормд дадлагажихын тулд тэнд алба хааж байсан цэргүүдтэй өглөө болгон босч гүйх, харайх бүх бэлтгэлүүдийг сар гаруй хамт хийсэн. Оройн жагсаал дээр эх орныхоо тухай дууг дуулаад алхаад явж байхад эр хүний жаргал тэнд л байгаа юм шиг санагдаж байсан.
- Э.Ариун-Эрдэний хувьд ямар сургууль төгссөн бэ?
- УБИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007 онд төгссөн. Түүнээс хойш хамтлагийнхаа бүхий л ажлыг гардаж хийж байна даа.
- Киноны дүрд сонгогдсон гэхээр Хамтлагаасаа хамгийн жүжиглэх авъяастай нь байсан юм болов уу?
- Сайн мэдэхгүй байна. Өмнө нь бол жүжиглэх талын "А" ч байгаагүй шүү дээ. Гэхдээ уран бүтээлч хүн болохоор арай өөр байх. Дуу дуулахад дуундаа ордог. Түүнээс биш хамтлагийнхаа клипэнд л тоглож байсан. Камертай харьцахын хувьд бол айдас байхгүй.
Анар бас чадна гэж бодож итгэл хүлээлгэсэн учраас надтай уулзсан юм болов уу. Тиймээс ч итгэлийг алдахгүй юмсан гэж өөрийгөө их дайчилж ажилласан. Би өөрөө ч кино үзэхдээ их шүүмжилж, шүүмжлэгчийн үүднээс үздэг. Тийм учраас өөрийгөө тэгүүлэхгүй нь тулд өөрийнхөө хэмжээнд их хичээсэн.
- Кинонд тоглоход хөгжилтэй, хэцүү гээд олон зүйлүүд байсан байх?
- Бид нар Сэлэнгээс цаашаа 200 км-т нэгдүгээр заставт ямар ч утас холбоо байхгүй газар сар гаруй байсан. Стресс тайлагдаж амралт болсон. Заставаас 100 км машин явдаггүй зөвхөн морьтой явдаг газар явахад холгоод... Учир нь хийлийн цэргүүд морьдоо их хайрладаг, давхидаггүй юм билээ. Уг нь давхивал хурдан хүрэхээр байдаг. Зарим алхаа муутай морьтой нь нуруу бөөр тасрах гээд. энэ мэт зүйлүүд хамгийн хэцүү байсан. Бас тооцоолоогүй алдаанууд маш их гарч байсан. Хээр бид гурав хонох байсан боловч батерей цэнэглэгч маань шатаад, хүнсээ хоногтоо тааруулаад аваад явчихсан байсан болохоор хүй нэгдлийн үе рүү очсон. /инээв/
-Эрэгтэй хүүхдүүд ялангуяа цэрэг, цагдаа болно гэж их боддог. Чиний хувьд ямар хүн болно гэж боддог байсан бэ?
-Цэрэг, цагдаа болно гэж бодож байгаагүй. Мундаг л хүн болно гэж боддог байсан. Мундаг гэхээр бараг ойлгогдож байгаа байх. /инээв/
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ЗАЯА
Сэтгэгдэл ( 0 )