Занабазарын бүтээсэн Дарь эхийг тайвань иргэн 3.5 сая еврогоор авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

 Манай сайт өмнө нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн 21 Дарь эхийн нэгийг Парисын дуудлага худалдаагаар зарах гэж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл энэхүү Дарь эхийн нандин урлагийн бүтээл 3.5 сая еврогоор зарагдсан байна.

Дэлхийн сонгодог, хосгүй бүтээлүүдийг худалдаалдаг “Sotheby’s” дуудлага худалдаагаар Дарь эхийг 200000-300000 мянган еврогоор дуудаж эхэлжээ. Худалдан авалт Бээжин, Тайвань, Америкийн багийнхны дунд маш өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд Дарь эхийг авах гэж олон хүн удаан үнэ хаялцсаны эцэст 3.5 сая евро дээр тогтсон байна. Чухам хаанахын, хэн энэ бүтээлийг худалдаж авсныг нууцалсан гэжээ. Гэхдээ Тайваны иргэн авсан гэж хэвлэлүүд бичиж байна.

Дарь эхийн энэхүү хүрэл цутгамал хөшөөг 17-р зууны сүүл үед хийсэн гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. 1954 онд Парисын нэгэн иргэн Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс Өндөр гэгээний хосгүй ховор бүтээлийг худалдаж авсан бөгөөд анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшдэг аж. Захиалагчийн тухай мэдээлэл болон уг бүтээл ямар замаар Францад хүрсэн хүртэл тодорхойгүй хэвээр үлдэж байгаа юм.

 

Өндөр гэгээний Дарь эхийн үнэлэгдэшгүй бүтээл хурууны үзүүр нь хүртэл хөндий байдаг хөөмөл, цутгамал байдаг нь урлагийн бүтээл гэдэг утгаараа асар үнэтэйд тооцогддог байна. Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал дүр байдаг аж.

30.7 см-ийн өндөртэй Дарь эхийг дуудлага худалдааны компани “Баруун хөлөө доош сунган ирж яваа байдалтай байдаг нь, хэн надаас аврал эрнэ, би хамгийн түрүүнд тусална гэсэн билэгдэлтэй. Баруун мутартаа удвал цэцэгч барьсан нь, сайн заяаны амьтан, бясалгагч бүтээлчин, бурханы шавь нарын хүслийг бүтээж, ертөнцөд удаан сааталгүй нирвааны балгадад үтэр зорчигтун, би тусалья гэсэн утгатай. Зүүн мутрын удвал цэцэг нь муу заяаны амьтан бүхнийг би хоцроолгүй аварья, намайг шүт гэсэн билэгдэлтэй. Толгойгоо баруун тийш нь үл ялиг хазайлган, алсыг сонордсон байдалтай байдаг нь, хэн надаас аврал эрнэ, түүнийг үтэр аварья гэсэн билэгдэлтэй юм” хэмээн дүрсэлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүслэгч(103.229.120.63) 2014 оны 12 сарын 12

Эргэж ирэх болтугай гэж бүгдээрээ, сүслэн залбирцгаая.Ямар нэг хүч үйлчилж ирүүлэх ч юм билүү

0  |  0
ee chaavaas(112.72.13.6) 2014 оны 12 сарын 12

ene avraliig uur humuus hurteh n dee, bidnii huvi dutlaa daa, ezengui turiin huvigui humuus ch yum shig

0  |  0
Top