Гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулж чадсан "Хамтран амьдрагч" УСК хоёрдугаар сарын 6-аас бүх кино театрын дэлгэцнээ гарах гэж байгаа билээ. Энэхүү кинонд хамтдаа амьдралыг туулахаар биш харин хамтран байр хөлсөлж амьдрахаар болсон 2-ийн тухай өгүүлж эхлэх бөгөөд үйл явдал цаашид таны санаанд оромгүйгээр өрнөх аж. Тус киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Х.Болор-Эрдэнийн хувьд өөрийн нөхөр яруу найрагч Б.Эрдэнэсолонготойгоо айлын өрөө хамтран хөлслөх болсноор цаашдын амьдралынхаа эх суурийг тавьсан гэдэг. Энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Аль алиных нь цалин байрны бүтэн хөлсөнд хүрэхгүй болохоор хамт ажилладаг танил хүмүүсийн хувиар сарын хөлсөө хувааж төлж байхаар гэрээ хийж, нэг өрөөнд орж байлаа. Гэрээгээ цаасан дээр үйлдэж, гарын үсэг зурж байсан. Тэр үедээ бол хайртай, дуртай байгаагүй ээ. Анхандаа нэг гэрт орсон улсын хувиар орчлон ертөнцийн тухай, утга зохиол, сэтгүүл зүйн тухай элдвийг л ярьдаг байлаа. Зүгээр л найзын хувиар бүхнээ илэн далангүй хөөрөлддөг байсан юм. Тэр нь л илүү ойртуулсан болов уу. Нэг мэдсэн түрүүлж ирсэн нь нөгөөхөө хүлээж ядаад л, хожимдож харьсан нь гэртээ яараад л байдаг болчихсон байсан” хэмээн ярьжээ.
Тус киног Khurelkhuu” студи, “Хас медиа” entertainment, “shoэ by shot” студийн хамтран бүтээсэн юм.
Б.Ундрам
Сэтгэгдэл ( 0 )