Х.Болор-Эрдэнэ: Би бол салхи

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Тиймээ, тэр бол салхи. Монголын утга зохиолын ертөнцөд богино өгүүллэгүүдээ барьсаар салхи  татуулсаар орж ирсэн түүнийг би савхин хувцсаар гангарч, “савчаа” бүжгэнд дурласан сахилгагүй охин байхыг нь мэдэх юм. Харин өдгөө түүнийг орчин цагийн Монголын утга зохиолд сэтгэлгээний хэмээх тодотголтой цоо шинэ уран зохиолыг бий болгож, реалист уран зохиолыг олон арван жил уншиж ирсэн Монголын уншигчдын сэтгэлгээний цар хүрээнд хувьсгал хийж чадсан нэгэн хэмээн тодорхойлох болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хүний дотоод сэтгэлд нэвтэрч, уран бүтээлээ туурвиж чаддаг зохиолч болно гэдэг амаргүй. Харин тэр хэдийнэ чадсан. Тэгээд ч тун удахгүй түүний шинэхэн уран бүтээл “Хамтран амьдрагч” хэмээх кино нээлтээ хийх гэж олны дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа энэ цаг үед МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэтэй цөөн хором хөөрөлдлөө.  

-Таны зохиолоор бүтсэн “Хамтран амьдрагч” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ киноны зохиолыг өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэж сонссон. Яагаад энэ зохиолыг бичих болсон юм бэ?

мар ч зохиолч оргүй хоосноос зохиол төрүүлдэггүй. Ямар нэг хэмжээгээр түүний үзсэн харсан, туулсан, дуулсан дурсамжуудтай зохиол гэдэг зүйл аль нэг сэжмээр холбогдож байдаг. Миний бүхий л зохиол яг тэгж төрсөн. Би харж байгаа учраас, мэдэрч байгаа учраас, туулж давж байгаа учраас л бичдэг. Хэрвээ би юу ч мэдэрдэггүй, юу ч үзэж сонсдоггүй байсан бол бичих зүйл ч олдохгүй байсан байх. Тийм л нэг сэдэв энэ кинотой холбогдож байна гэж бодох хэрэгтэй.

-Яг үнэндээ тэрхүү кино таны амьдралтай холбоотой юу, үгүй юү гэдгийг би саяын хариултаас мэдэж чадсангүй.

-Олон дурсамжийг дахин сэрээсэн. Гэхдээ бас үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс найруулагчийн зүгээс өөрчилж, нэмж, хассан зүйл ч байгаа. Ямар ч байсан бүхий л үйл явдлууд нь амьдралаас ургасан. Гэхдээ бүтнээр нь миний амьдрал гэж ойлгож болохгүй.

-Ер нь яагаад өөрийн амьдралаасаа сэдэвлэн бичих болсон юм?

-Продюсер маань өөрөө энэ саналыг тавьсан. Тэгээд бид ярилцаад “Яагаад болохгүй гэж?” гэдэг шийдэлд хүрсэн юм. Яагаад гэвэл миний амьдрал олон эмэгтэйчүүдийг төлөөлнө. Хайр сэтгэл, алдаа оноо, эндэгдэл ухаарлын хувьд ч энэ сэдэв хүн бүхэнд хамаарах байх.

-Өнөөгийн нийгмийн сүүдэртэй талын нэг болоод байгаа “Хамтран амьдрагч”-ийн талаар та ер нь ямар бодолтой явдаг вэ?

-Хүн хүнээ танихад цаг хугацаа хэрэгтэй. Тэр цаг хугацаа нь аль нэг дүр эсгэсэн багийг хуулж орхих тийм эрч чөлөөг ч бас бий болгох хэрэгтэй. Зүгээр л хөтлөлцөөд алхаад л, үнсэлцээд л, эрхлэлцээд л насыг барна гэж бодож байгаа бол тун ч болоогүй байна аа л гэсэн үг. Зовлон жаргал, үл ойлголцол, тунирхал, гоморхол, хаанчлалаа тогтоох сонирхол гээд бүхий л эсрэг тэсрэг дүрүүд хамт амьдрах хугацаанд гарч ирж өөрийгөө харуулдаг.

Бүх зүйл үргэлж сельфи зураг шиг хөөрхөн гоё байхгүй шүү дээ.

Тэр бүхэнтэй танилцаж, дасахдаа дасаж, сөргөхдөө сөргөж, аль алиных нь ард хэн хэн нь эрх чөлөөт бодол санаа, хувь ертөнцтэйгээ үлдэж чадаж байвал хамтран амьдарсны хэрэг бүтнэ. Тэр бүхнээс хүн өөрөө ч боловсорч хөгжинө. Бас бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, өөрийнхөө ертөнцийг бүрэн бүтэн авч үлдэх боломжуудыг олж харна. Хэрвээ тэгж эс чадвал, өөрөөр хэлбэл хэн нэг нь боол болж, нөгөөх нь хаанчилж, дуулгавартай зарц, дагуултайгаар насыг барахаас өөр аргагүй болж байгаа бол хамтын амьдрал гэж байхгүй байснаас ялгаагүй. Бүх зүйл үргэлж сельфи зураг шиг хөөрхөн гоё байхгүй шүү дээ.

-“Хамтран амьдрагч” киноны гол дүрийг залуу жүжигчин Дөлгөөн бүтээсэн. Гол дүрийг хэр илэрхийлсэн бол гэж бодож байна?

-Зохиолыг бичээд эхний хувилбар гарч байхад Хүрлээ продюсер Дөлгөөнийг олоод харчихсан байсан. Уран бүтээлч хүн, тэгээд олон жилийн хашир туршлагатай хүний далдын далд нэг бодол байсан нь ойлгомжтой. Дөлгөөний хувьд дотоод араншинг илүү сайн гаргаж чадсан болов уу гэж итгэж байгаа.  

-Шинэ уран бүтээл гараас гарах, нийтийн хүртээл болох нь өөрийн эрхгүй догдлол төрүүлдэг. Та хэр догдолж байна даа?

-Нэг кино байтугай нэг дуу гарсан ч бид чинь амьсгал даран хүлээж байдаг шүү дээ. Тиймээс нэг талаар санаа зовох, нөгөө талаар уран бүтээлийнхээ хамтарсан багийг хараад тайтгарах, догдлох гээд юм юм л болж байна. Чадварлаг уран бүтээлчид, хамгийн гол нь дүүрэн дүүрэн бялхсан сэтгэлтэй хүмүүс тоглосон байна билээ. Сайхан кино болсон байх аа. Киноны бүх уран бүтээлчиддээ амжилт хүсье. Ялангуяа продюсер МУГЖ Д.Хүрэлхүү болон найруулагч Ганзориг, тэдний гар, сэтгэл нийлсэн кино багийн хамт олонд талархаж байна.

-Таны өгүүллэгүүдийг уншиж байхад ямар нэгэн хэлбэрт баригдаагүй, илэрхийлэхэд хэцүү санагддаг.  Яг л уншигч өөрөө тэр зохиолын нэгэн  дүр юм шиг мэдрэмжийг авдаг. Таны хувьд хэрхэн зохиолоо бичдэг вэ?

-Бүх дүрийн оронд өөрийгөө тавьж бичдэг. Сайн ч бай, муу ч бай бүхий л дүрүүдийн гаргаж байгаа ааш аягийг бүтээж байхдаа би оронд нь байсан бол яах байсан, юу хэлэх байсан бэ гэж үргэлж боддог. Хамгийн гол нь хиймэл, дуураймал, зохиомол зүйлсэд би дургүй. Тийм учраас яаж бичдэг вэ гэж асууж байгаа бол хувьсаж, хувилж байж бичдэг л гэх байна даа.

-Таны “Амьдрал” гээд өгүүллэг хүмүүсийг яг л өөрсдийнхөөрөө юунд ч баригдалгүй амьдрахыг уриалсан  байдаг. Өөрөө харин юунд ч баригдалгүй эрх дураараа амьдарч чадаж байна уу?

-Оюун санаа минь, дотоод эрх чөлөө минь одоо ч миний мэдэлд байна. Тэгэхээр би юунд баригдах ёстой вэ? Хэн нэг нь магадгүй барьчихлаа гэж бодож байж болох л юм. Хэрвээ тийм бол салхи хэзээ ч гарч баригддаггүйг сануулах нь зүйтэй байх. Би бол салхи. Магадгүй хөөрхийг сэрүүцүүлэх санаатай хацар шанхыг нь илж байсныг гартаа барьчихлаа гэж андуурсан байж болох л юм.

-Та их нээлттэй юм шиг хэрнээ нууцлагдмал байх дуртай хүн юм шиг ээ. Барагтай л бол гэрээсээ толгойгоо цухуйлгаж олны дунд үзэгддэггүй хүн шүү дээ, та?

-Яг үнэндээ би төсөөлөл их сайтай хүн ш дээ, хэхэхэ. Тэнд очоод яг юу болох, яаж өрнөх, яаж төгсөхийг төсөөлж мэдчихээд байдаг болохоор аливаа арга хэмжээнд очоогүй гэж хэлж бас болохгүй л дээ. Бие минь байхгүй ч ухаан санаа минь үргэлж байж л байдаг. Арай сүнсэрхүү юм ярьчихав уу, яав?

-Зохиолч хүн нэг шинэ уран бүтээл гараас гарангуут дараагийн бүтээлийн тухай бодож эхэлдэг болов уу гэж боддог. Таны хувьд дахин хэзээ шинэ уран бүтээлээрээ үзэгч, уншигчидтайгаа уулзах бол?

-Үүнийг бурхан л мэдэх байх.

-Яагаад бурхан гэж? Нөгөө оюун санааны эрх чөлөө чинь яагаав?

-Харин тэгээд л өөрөөсөө түлхэж байхгүй юу даа, хэхэхэ.

-Рок сонсох дуртай, мөн тийм стилиэр хувцасладаг дэггүй охин байхыг чинь мэдэх юм. Одоо тэр дэггүй зан чинь хэвээрээ юү?

-Бас байгаа байгаа... Гэртээ анплаггед тоглолт хийгээд л, гитар балбаж, тогоо шанагаа ч болсон бөмбөр болгож нүдээд, хэдэн хүүхэдтэйгээ яаж ийгээд концерт босгочихоод л байгаа шүү дээ, /инээв/.

-Хэзээ томоожих бол?

-Нөгөөх л мэдэх байх...

-Нөгөөх гэж хэн?

-Яагаав, Бурхан...

-Та “Хэзээ ч би шүлэг бичиж байгаагүй. Бичнэ гэж боддог ч үгүй” гэдэг хэрнээ олон сайхан хит дууны үгийг бичсэн байдаг. Дууны шүлэг адармаатай гэдэг. Тэгэхээр хэзээ ч яруу найргийн ном гаргая гэж бодож байгаагүй юү?

-Хэзээ ч бодогдож байсангүй. Тийм болчимгүй, тавьтиргүй зүйл хийхгүй байх гэж өөртөө найдаж байна.

-Яруу найрагчид болчимгүй тавьтиргүй улс гэж үү?

-Тэд чинь тусдаа улс. Харин надад тэдний энд хүрэх  тийм бөх зүрх алга.

-Ингэхэд таныхаар амьдрал гэж юу юм бэ?

-За ямар ч байсан сайхан зүйл гэж бодож байна. Сайхан учраас л би энд амьдарч байна. Үүнээс илүү юм хэлж чадахгүй нь.

-Сураг чинь дуулдаад л, бүтээлүүд чинь зорьсон зорилгоо биелүүлээд л байдаг. Харин таныг л хүмүүс тэр бүр гудамжинд тааралдвал мэдэхгүй, танихгүй өнгөрдөг. Таны дуунуудыг амандаа аялдаггүй эмэгтэйчүүд ховор байх. “Охин минь битгий уйл”, “Цэцэрлэгт учирсан хоёр”,” Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай”, “Хайр ийм өнгөтэй”, “Дурласан цас”, “Хайр” жүжгийн дуу гээд их урт жагсаалт болох гээд байна л даа. “Би чамд хайртай-2”, “Ми-15”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч” гээд миний мэдэхээр дөрвөн ч кино гарчихлаа. “Диваажингийн хоригдлууд”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр”, “Муу залуу”, “Хишигт” гээд номнуудын чинь нэрийг бүтэн дуудна гэвэл зай их эзлэх байх. Бас “Охины минь дурлах залууд илгээх захидал”, “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал”гээд сошиалынхны амтархан уншиж, ээждээ хүүхдүүддээ бэлэг дурсгал болгож хадгалуулдаг хоёр захидал байна. Хийсэн бүтээсэн зүйлс чинь энэ мэт хаа сайгүй л байж байдаг хэрнээ ганцхан та л байдаггүй. Яагаад ингэтлээ нуугдаад байдаг юм бэ? Хэл амнаас эмээдэг үү?

-Хөөрхөн төрөх албатай болчихсон энэ сонин үнэлэмжтэй цаг үед гайхуулаад байх хөөрхөн царайгүй байж энд тэндхийн самбар, сонин дээр заларч хүний дургүй хүргээд яахав дээ. Хүмүүс тайван хоолоо идэж, зурагтаа үзэг л дээ. Ер нь бол миний зорилго царай зүсээ таниулах явдал биш юм аа. Дуртай юм аа л хийж байгаа хүн ш дээ. Үүгээрээ ямар нэг зүйлийг баталж нотолж, ямар нэг элдэв содон имиж бүрдүүлээд энд тэнд хөвөрч явахыг хүсэхгүй байна. Мужаан хүн мод зорж өөрийн ур чадвараараа ямар нэг сайхан зүйл урлаж амьдардаг шиг би ч бас үг үсэг өрж өөрийн хүссэн ажлаа л хийж яваа хүн. Тэгээд л боллоо. 

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Марал(112.72.13.231) 2015 оны 02 сарын 08

Үргэлж дэмжиж, хүндэлж явдаг шүү. Номын дэлгүүр орж ганц номыг нь ч авч чадаагүй л яваад байдаг.. авна аа л гэчихсэн байгаа хэ хэ. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өшөө илүү сайхан бүтээлүүдээрээ бидэндээ бэлэг бариарай амжилт хүсэе :-)

0  |  0
fan(112.72.13.206) 2015 оны 02 сарын 07

hundeldeg zohiolch maani bn

0  |  0
munkhbayar(83.254.129.71) 2015 оны 02 сарын 07

shulguud ni mash gaihaltai bsn, hen bichsiin bol gej bodoj bsn, zaluuhan busgui bsn bnash de, uhaalag daruu huurhun busgui bna

0  |  0
sumaa(217.192.239.99) 2015 оны 02 сарын 03

Uznee kinog chin (*)

0  |  0
Like(178.198.211.217) 2015 оны 02 сарын 03

Элдэв янзын чимэггүй гооё яриа болжээ, аажмилт шоо Молоор

0  |  0
Azka(180.149.78.20) 2015 оны 02 сарын 03

Mundag shuu Amjilt.

0  |  0
хахх(178.198.211.217) 2015 оны 02 сарын 02

:D

0  |  0
золоо(178.198.211.217) 2015 оны 02 сарын 02

Шударга гар шүү. Яджаахад хөгжилтэй кккк Киног нь үзэх гэж тэсч ядаж бнадаа

0  |  0
bi(99.13.236.127) 2015 оны 02 сарын 02

Ene chini harin harj bayasaj baimaar saihan huuhen baishd. Goyo zohiol bichdeg bol avch unshyaa.

0  |  0
bi(99.13.236.127) 2015 оны 02 сарын 02

Ene chini harin harj bayasaj baimaar saihan huuhen baishd. Goyo zohiol bichdeg bol avch unshyaa.

0  |  0
bi(99.13.236.127) 2015 оны 02 сарын 02

Ene chini harin harj bayasaj baimaar saihan huuhen baishd. Goyo zohiol bichdeg bol avch unshyaa.

0  |  0
Top