Дэлхийн хамгийн жижигхэн ээж
Дэлхийн хамгийн жижигхэн ээж 71 см өндөр. Хэдийгээр түүний хувьд хүүхэд төрүүлэхэд өөрийнх нь амь нас эсвэл хүүхэд нь эндэх эрсдэл маш өндөр боловч тэрээр гурван хүүхдийн ээж болж чаджээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жил тэрээр хүү төрүүлсэн юм. Стэйси Хералд хэмээх энэ эмэгтэй АНУ-ын Кентаки мужийн иргэн бөгөөд төрөлхийн өвчний улмаас яс болон уушиг нь дутуу хөгжжээ. Түүний нөхөр Уил 1.5 метр өндөр юм байна. Жирэмснийхээ сүүлийн саруудад түүний биеийн өндөр болон өргөн нь бараг л тэнцүү болсон байжээ.
Дэлхийн хамгийн бяцхан хүүхдийн ээж
Дэлхийн хамгийн бяцхан охин эхийнхээ хэвлийд 25 долоо хоног, зургаан өдөртэй байхдаа буюу 2004 оны есдүгээр сарын 19-нд хорвоод мэндэлжээ. Румайса Рахман охин лааз шар айрагнаас хөнгөн буюу 244 грамм жинтэй, 25.4 см өндөртэй төрсөн байна. Ийм их дутуу төрсөн, бага жинтэй хүүхэд амьдрах магадлал тун бага байдаг тэр охин ус уух хувьтай байжээ. Бяцхан Рахман нэг насныхаа төрсөн өдрөөр 1.2 кг жинтэй байсан бол одоо долоо нас хүрч үеийнхнээсээ ялгагдахааргүй болжээ.
Хамгийн олон хүүхэдтэй ээж
Зөвхөн аав ээж, тэгээд хүүхдүүд нийлээд 69 хүнтэй ам бүл байдаг. Ийм өнөр гэр бүл манай хойд хөршид байсан байна. Тариачин гэр бүлийн эзэгтэй Валентина Василеева хамгийн олон хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр нийт 69 хүүхэд төрүүлснээс 67-г нь эсэн мэнд бойжуулж байжээ. 1725-1765 оны хооронд тэрээр нийт 27 удаа амаржсан бөгөөд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн байдаг аж. Харин орчин үед энэ дээд амжилтыг Чилийн Сан Антониогийн иргэн Леонтина Албина тогтоосон байна. Одоо 60 эргэм настай тэрээр хэдийнэ 64 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний 55 нь эсэн мэнд өсч бойжжээ.
Хамгийн хол зайтай төрсөн ээж
Элизабет Энн хоёр хүүхэд төрүүлсэн эх хүн. Тэрээр хамгийн хол зайтай төрснөөрөө дэлхийн дээд амжилт тогтоожээ. Энн ууган охин Белинда Баттлийгаа 1956 оны тавдугаар сарын 19-нд 19 настайдаа төрүүлсэн бол отгон хүү Жозеф Баттлийгаа 41 жил 185 өдрийн дараа буюу 1997 оны арваннэгдүгээр сарын 20-нд төрүүлсэн байна. Хүүгээ төрүүлэхдээ тэрээр 60 настай байжээ. Тэгэхээр эгч нь дүүгийнхээ бараг эмээ нь ч байж болохоор олон насаар ахмад гэсэн үг юм.
Хамгийн олон ихэр төрүүлсэн ээж
АНУ-ын иргэн Надя Денис Сулеман 2009 оны нэгдүгээр сард хамгийн олон буюу найман ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж дэлхийн дээд амжилтыг тогтоож, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд орсон билээ. Хүүхдүүд эсэн мэнд бойжиж байгаа бөгөөд нийт 14 дэрсхэн хүүхэд тэжээж өсгөх хүнд үүрэг хариуцлагыг үүрч яваа ганц бие залуухан бүсгүй мөнгө олох арга зам хайн эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд оролцож, өрсөлдөгчөө амжилттай буулгаж авсан тухай хэвлэлүүдэд мэдээлжээ.
Дэлхийн анхны эрэгтэй ээж
Томас Бити энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсөн ч хүйсээ солиулсан нэгэн. Гэвч тэрээр хэдийнэ хүйсээ солиулж, эрэгтэй хүн болсныхоо дараа хүүхэд төрүүлэхээр шийдсэн байна. Учир нь, түүний 34 настай эхнэр Нэнси өвчний улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байна. Тэрээр нэгэн донорын эр бэлгийн эс болон өөрийн өндгөн эсийн тусламжтайгаар үр шилжүүлэн суулгуулах замаар жирэмсэлсэн байна. Томас ийм замаар хоёр дахь хүүхдээ амжилттай төрүүлээд байгаа юм.
Хамгийн хожуу анхны төрөлт
30 хүрээгүй бүсгүйчүүд анхны төрөлт оройтлоо гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл Энэтхэгийн иргэн Ражо Деви Лохан 70 насандаа ээж болсон байна. Тэрээр 2008 оны арваннэгдүгээр сард анхны хүүхдээ төрүүлжээ. 40 жилийн турш хүүхэд хүсэн мөрөөдсөн тэрээр үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэлж, хүслээ биелүүлж чадсан нь жинхэнэ гайхамшиг байлаа гэж эмч мэргэжилтнүүд тухайн үед онцолж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
гайхалтай юм