”Төгсгөлгүй” танго балет маргааш УДБЭТ-т болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв,түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгуй" танго балетийг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилуулах гэж байна. "Төгсгөлгүй" танго балетийн хөгжимд саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг. Та бүхэн симфони найрал хөгжимтэй эдгээр зэмсэг хэрхэн нийцдэгийг шинэ тоглолтоос үзэж сонирхох боломжтой. Энэхүү балетийн хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд О.Анужин, А.Эрдэнэболд, А.Билгүдэ нар тоглох юм. Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ. Дурлалт хосууд бие биедээ тэмүүлж байгаа тэр сэтгэлийг соронзтой л зүйрлэмээр. Энэ танго балетийн гол дүрийн баатар Галт ядуу тарчиг амьдралтай хэдий ч баян сэхээтний охин Сүндэрт дурладаг. Сүндэр ч дурлалдаа мөнгөөр хориг тавихыг хүссэнгүй. Галтад дурласан цэцгийн худалдагч бүсгүйгээс эхлээд Сүндэрийг хайрлаж явдаг Төмөр гээд энэ дурлалыг эсэргүүцэх хүн олон байсан ч тэд эцэстээ хамтдаа байж чаддаг. Харин бодит амьдрал диваажин хоёрын алинд нь тэд хамтдаа байгааг үзэгч өөрөө тунгаах эрхтэй юм. "Төгсгөлгуй" танго балетийн цомнолыг тус театрын захирал Ч.Мөнхзул бичжээ. ”Төгсгөлгүй" танго балетийг бүтээхдээ Улаанбаатар хотын урлагийн гудамжийг бий болгож, циркийн жүжигчин, зураач, оёдолчин бүсгүйг хамтад нь багтаахаар болжээ. Энэ жил УДБЭТ-ынхан үндэсний сонгодог уран бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа учраас тэр зарчимд нь нийцсэн том бүтээлийн нэг нь "Төгсгөлгүй" танго балет юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top