”Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Цэргийн баярын мэндийг хүргэж, Болор цомын шагналт яруу найрагч М.Билэгсайханы эрчүүдэд зориулсан шүлгийг хүргэж байна.


Эр хүнийг та нар  хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ 

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ 

Эр  хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаж бай 

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Хэл нь тагнайгаа олохгүй тультчиж 

Хөл нь дэлхийгээ олохгүй тэмтчиж 

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь 

Хараалын үг урсгаж халаасыг   нь битгий хоосло

Янагийн захиа л лав гарахгүй шүү  дээ наадахаас чинь 

Яахав дээ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Халуун залуу насыг нь 

Хамт элээснээ бод 

Хайрын галзуу дурлалд 

Хамт элэгдсэнээ болгоо 

Өөрийг чинь ээж болгосон 

Эрийн тэнгэрүүд юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон 

Хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ

Хазайсан газар тэдэнд чинь бүүвэй ээж  түшиг болдог юм

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм 

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр эх урмыг нь бүр хугалчихвал 

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм

Дээл бүсэн гоёлтой 

Дээрээ малгай хийморьтой 

Андынхаа дэргэд цовоожиж 

Аавынхаа харцанд томоождог 

Янагийн сэтгэлд нялхарсан эр хүнийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ 

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ 

Эр  хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла 

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл,  Янжинлхамууд минь

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2023 оны 03 сарын 04

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Bkl(112.72.13.252) 2023 оны 03 сарын 04

Manai angiin yaruu nairagch angiin buh erchuudde bayrin mend (*) :-j ^:)^

1  |  0
Bita(150.129.142.31) 2023 оны 03 сарын 04

Unen shuu. hair l daah heregtei erchuudee.

1  |  0
Top