Сонгодог урлагийн хатан хаан Ли Линг Юу Монголд “десант” буулгалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Хятадын Сонгодог урлагийн хатан хаан, дуучин, жүжигчин Ли Линг Юу өнөөдөр Монголд ирлээ.

Тэрбээр “Эх дэлхийн дуулал” тоглолтонд өндөр ач холбогдол өгч байгаа учраас ая дуугаа өргөхийн үэрэгцээ манай орноор аялах хүсэлтэй байгаа гэнэ. Тиймээс дуучин бүсгүй ээж, нөхөр, хүү, продюссер, туслахууд гээд нүсэр бүрэлдэхүүнтэй иржээ.

Түүний багийг УИХ-ын гишүүн Д.Арвин болон “Эх дэлхийн дуулал” тоглолтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөгчид "Чингис хаан" олон улсын нисэх буудалд тосож авлаа. Тэрээр Монгол оронд хурдан ирэхийг хүсэж байснаа, ирээд ихэд сэтгэл хөдөлж байгаагаа Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөлд ярьж, энэхүү тоглолтонд маш их ач холбогдол өгч, сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа.

Ли Линг Юу 1980-аад онд уран бүтээлээ эхэлсэн бөгөөд тайзнаа гармагцаа алдар нэрийн оргилд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, 1984 онд гаргасан “Сайхан, сайхан, сайхан” хэмээх анхны цомог нь тэр жилдээ 8 сая хувь борлогджээ. Ийнхүү Шанхайн эгэл даруухан охин ганцхан өдрийн дотор алдар нэрээ цуурайтуулсан од болсон байна.

Нэгэнтээ тэрбээр “Хүмүүс миний хоолойны цар хүрээ, дуучны ур чадварын талаар шүүмжлэлтэй хандахыг хүлээн зөвшөөрнө. Харин өмссөн хувцсыг минь өөчилж, гоочлохыг тэвчиж чадахгүй” гэж ярьсан удаатай.

Гэвч түүний алдрын зам өөгүй дардан байсангүй. Өнгө мөнгөнд дурлагсад түүний тоглолт болон цомгийн дуунуудыг хууль бусаар олшруулж, ганцхан долоо хоногийн дотор нэг сая хуурамч цомог борлуулжээ. Дуучин бүсгүй энэ бүхэнд бууж өгөөгүй юм. Тиймдээ хоёр дахь цомгоо “Шөнө дунд гудамжинд” нэртэйгээр хэвлүүлж, өмнөх амжилтаа эвдсэн байна. Өөрөөр хэлбэл, түүний энэ цомог 10 сая хувь борлогджээ. 

Ли Линг Юу урлагийн тэнгэрт тодоос тод гялалзаж, алдар нэр, эд хөрөнгөнд умбасан ч аз жаргалтай байж чадсангүй. Түүний анхны амьдрал бүтэлгүйтсэний зэрэгцээ сэтгэл санааны хувьд гүн дарамтанд байв. Тэрбээр энэ тухайгаа “Би хэзээ ямагт амьдралыг амтлаг сайхан хэмээн боддог гэмгүй охины дүрд тоглодог байлаа. Үнэндээ би энэ дүрд үнэхээр дургүй” хэмээн ярьсан нь бий.

Тэрбээр уйгагүй хөдөлмөрөөрөө урлагийн карьериа аварч чадсан ч хууль бусаар цомог олшруулагчид түүнд бууж өгсөнгүй. Гэвч дуу бичлэгийн компаниуд түүнд санал тавьж байсан учир дуучин бүсгүй 1992 онд дараагийн цомгоо хэвлүүлжээ. Харамсалтай нь энэ цомог нь үнийн хувьд ч, өнгө аяс, бүтцийн хувьд ч язгууртнуудад зориулагдсан учир энгийн ардууд түүний цомгийг худалдаж авч чадахгүйд хүрсэн байна.

Эцэст нь дуучин бүсгүй урлагийн карьерьтаа цэг тавьж, цоо шинэ амьдрал эхлүүлэхээр харийн орныг зорихоор шийджээ. Тэрбээр Японыг зорьж, тэндээ хоёр жил амьдраад, Канад руу шилжин суурьшсан байна.

Ли Линг Юу тус улсад арав гаруй жил амьдраад чамбай ажил хэрэгч бүсгүй, аз жаргалтай ээж, үзэсгэлэнтэй гэргийн дүрээр эх орондоо буцан иржээ. Тэрбээр Канадын бизнесмэнтэй гэрлэсэн бөгөөд өдгөө 16 настай нэг хүүтэй. Тэд ч цуг Монголд ирсэн.

Тэрбээр амьдралын олон саад бэрхшээлийг даван туулсны эцэст аз жаргалаа олсон. Гэвч хүнд хэцүү даваанууд, он цагийн салхи түүний гоо сайхан хийгээд байгалиас заяасан цээл сайхан хоолойнд сүүдрээ ч хүргэж чадсангүй. 

Ли Линг Юу одоо ч анх удаа тайзан дээр гарсан 18-тай үеийнх шигээ гэрэлтсээр байна. Та ч гэсэн түүний энэхүү зургуудыг хараад 52 настай бүсгүй гэдэгт эргэлзэхээр байгаа биз.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top