“Юу болсныг мэдэх гэж 50 жил хүлээлээ”

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 20

Саяхан миний бие улстөрийн хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх “Ногоон нүдэн лам” романыг уншиж эхлэхэд эхний хуудаст нь “Юу болсныг мэдэх гэж 60 хүлээлээ” гэж бичээстэй 1937 онд улстөрийн хэлмэгдүүлэлтэд хайртаа нэгнээ алдсан хүний 1997 онд хэлсэн үг санаанд орлоо. Тэр шиг миний бие өвөө /аавын аав/-дөө юу болсныг мэдэх гэж бараг 50 жил хүлээлээ. Учир нь миний аав, ээж хоёр намайг 11-тэй байхад буюу 1996 онд салсан. Тэр цагаас хойш аавтайгаа цөөнгүй удаа уулзсан ч өвөөгийн талаар тэр бүр нарийн ширийнийг мэддэггүй байв. Харин хоёр жилийн өмнө миний дүү автын осолд орж хүнд бэртэн одоог хүртэл нэг нүд нь юм харахгүй байгаа. Тухайн үед аав ирж, би аавтай гэр бүлгүй, 25-хан насандаа нэг нүдний хараагаа алдаж, тархиндаа хүнд гэмтэл авсан дүүгээ яаж ийж байгаад мөнгө олж гадаадад эмчлүүлэх талаар ярихад”Уг нь өвөөгийн чинь мөнгө ирэх ёстой” гэж надад хэлсэн юм.

Ингээд учрыг лавлахад миний өвөө Намжилын Аюуш 1967 онд Зүүн Герман /өөрөөр Ардчилсан Герман/-д нас барж, Германы Засгийн газраас нөхөн төлбөр болох 35 мянган марк явуулахад замаас нь хүмүүс завшчээ. Аав энэ мөнгийг 2013 он хүртэл хөөцөлдөөгүй бөгөөд миний бие бүхнийг лавлаж одооноос хоёул хөөцөлдөж эхлэе хэмээсэн юм. Ингээд Гадаад хэргийн яаманд хандсан ч тусыг эс олсон. “Юун 1967 оны юм хөөцөлдөөд байгаа юм” гэж бараг л амбсын үеийн юм энэ тэр гэж байхгүй, олох боломжгүй баримт нэхэж басхүү Гадаад хэргийн яамын ажилчид солигдож баахан чирэгдэл учрав. Үүнээс гадна миний бие зав муутай ажилтай учир аавыгаа сайн хөөцөлдөөрэй гэж захиж, бараг л гаднаас нь харж суув. Харин одооноос хөөцөлдөж эхлэхээр шийдлээ.

-Юуны өмнө Та өөрийгөө болон аавыгаа манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Эрдэнэбаатарын Төгсжаргал гэдэг. Миний аавыг Аюушийн Эрдэнэбаатар гэдэг.

-Таны өвөө Зүүн Германд нас барсан гэсэн. Ямар шалтгаанаар нас барсан юм бэ?

-Миний өвөөг Намжилын Аюуш гэдэг байсан. 1930 оны аравдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. 1966 онд Зүүн Герман /Ардчилсан Герман/-д Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуульд яваад дараа жил нь буюу 1967 оны дөрөвдүгээр сард автомашинд мөргүүлж нас барсан гэсэн хариу ирсэн. Тухайн үед миний аав 8 настай байсан. Аав айлын 4 эрэгтэй хүүхдийн хоёр дахь том нь байсан. Ах А.Борчулуун нь 11-тэй, хоёр дүү нь 5, 3 настай байсан. Тухайн үед аавын минь ээж /өөрөөр хэлбэл миний эмээ/ аль хэдийнэ нас барсан байсан бөгөөд бүтэн өнчирсөн аав ах, дүү нарын хамт хамаатныхаа нэг хөгшин эмээ болон нэг залуухан эмэгтэй дээр өсцгөөсөн. Өвөөг автомашинд мөргүүлж нас барсан гэж хэлчихээд цогцсыг нь онгоцоор авчрахдаа чандарласан байсан. Тухайн үед Монголд чандарлана гэдэг ойлголт бараг байгаагүй юм билээ. Германаас төлөөлөгчид ирж, сурч байсан сургуулийнх нь багш хэмээх хөгшин эмэгтэй ирж уйлж байсан ч гэсэн өвөөгийн цогцсыг чандарласан байхыг үзээд тухайн үед хамаатнууд нь ихэд балмагдаж байсан гэсэн. Өвөө маань МАХН-ын гишүүн, томоохон албан тушаал хашиж байсан өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин байсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдоод удаагүй байхдаа дээрээс ирсэн тушаалаар Германд сургуульд явж жилийн дараа 37 насандаа нас барсан. Тэгээд Германы Засгийн газраас Н.Аюушийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр гээд 35 мянган марк /тухайн үедээ маш их мөнгө/ явуулсныг өвөөгийн дараа Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсон Бадамжав гэгч нөхөр замаас нь хувьдаа завшсан.

-35 мянган марк явуулсныг нь яаж мэдэв? 

 -Энэ явдлын дараа төд удалгүй Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хурал болж, энэ хуралд оролцохоор Германаас төлөөлөгчид ирээд байх үедээ Н.Аюушийн ар гэрийнхэнд мөнгө явуулсан гээд авсан эсэхийг нь лавласан юм билээ. Тэгж л мөнгө явуулсныг нь анх мэдсэн.

-Тэгээд тухайн үед яагаад хөөцөлдөөгүй юм?  

-Дээр хэлсэнчлэн нэг хөгшин эмээ, нэг залуухан эмэгтэй дээр байсан том нь 11 настай хүүхдүүд хөөцөлдөхгүй нь битгий хэл учрыг нь ойлгоогүй. Тухайн үед хөл муутай хөгшин дээрээс нь жирэмсэн байсан нөгөө эмэгтэй хоёр хөөцөлдөж чадаагүй юм билээ. Тэгээд ч тухайн үед одоогийнх шиг юм бүхэн чөлөөтэй байгаагүй. Бадамжав гэгч нөхөр ч тэр их мөнгийг ганцаараа завшаагүй байх, төрд ажиллаж байсан хэдэн нөхдүүдтэй хамтарч завшсан байх. Тэгээд тэд нуун дарагдуулсан биз. Германы төлөөлөгчид ирээд буцсаны дараа Бадамжавыг ажлаас нь халсан гэсэн. 

-Одоо тэгээд Та яг яах бодолтой байна? 

-Монгол Улс улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсээ судлаад цагаатгаад нөхөн төлбөр өгдөг л юм билээ. Ер нь би дотоодод хэлмэгдсэн хүмүүсийг л цагаатгаж байсан тухай сонссон болохоос биш гадаадад хэлмэгдсэн хүнийг цагаатгаж байсан талаар сонсоогүй. Эсвэл миний өвөө л ганцаараа гадаадад хэлмэгдсэн юм уу бүү мэд. Гадаадад өвөө, эмээгээ учир битүүлгээр алдаж байсан хүн байвал надтай холбоо бариарай. Бас энэ чиглэлээр ажилладаг төрийн болоод ТББ-ууд байвал холбоо бариарай. Ер нь тэгээд чандарлана гэдэг чинь үхлийн шалтгааныг нуух хамгийн шилдэг арга биз дээ. Арга ядахдаа Германд хэлмэгдсэн юм байж нөхөн төлбөрт нь ирсэн мөнгийг төрийн түшээд завшчихлаа шүү дээ. Төр нөхөн төлбөр өгөх байтал нөхөн төлбөрийг нь завшчихлаа. Уг нь төр хариуцлагагүй албан тушаалтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг биз дээ. Тэгэхээр төр тухайн үеийн хариуцлагатай албан тушаалтнуудынхаа өмнөөс хариуцлагаа хүлээж, завшсан мөнгийг нь одоогийн ханштай дүйцүүлэн олгох ёстой.


-Тэгээд Гадаад хэргийн яам юу гэх юм?

-1967 оны юм хөөцөлдлөө гэх юм. Тэгж ярьвал аль 1937 оны юм хөөцөлдөөд олж авч байгаа биз дээ. Тэгээд ч миний өвөө төрийн өмнөөс Германд сургуульд яваад амь насаараа хохирч, ард нь бүтэн өнчирж үлдсэн 4 хүү нь бүр ч илүү зовсон. Хэдэн жилийн өмнө миний аавын том ах А.Борчулуун нас барахдаа аавд “Тэр мөнгийг олж аваарай, өвөөгийн чандрыг нутагт нь цацаарай” гэж захисан байсан юм. Миний авга ах А.Борчулуун нас бартлаа өвөөгийн чандрыг гэрийнхээ хойморт хадгалж байсан бөгөөд аав минь захиас ёсоор өвөөгийн чандрыг Сүхбаатарт аваачиж цацсан. Гэхдээ аавд өвөөгийн Хөдөлмөрийн дэвтэр /одоогоор Нийгмийн даатгалын дэвтэр/, зурагнууд нь бий. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь хэдэн онд, хаана төрсөн, юу хийж байсан болон хамгийн сүүлд намын тогтоолоор Германд сургуульд явуулав гэсэн тамгатай бичиг нь бий. Одоо миний аав эцгээсээ хоёулхнаа үлдсэн, нас ч нэлээн ахилаа. Амьд сэрүүн дээрээ тэр мөнгөнөөс ядаж нэг төгрөг ч болтугай гар дээрээ авч үзэхийг л хүсч байна. Аавын хамгийн бага дүү А.Энхбаатар нь эрт нас барсан юм билээ. Одоо аав минь А.Мөнхбаатар дүүтэйгээл үлдээд байна. Хэрвээ тэр мөнгийг цаг тухайд нь авсан бол бага дүү А.Энхбаатарыгаа харамсалтайгаар алдахгүй байсан гэж ярьдаг юм.    

-Та энэ асуудлаар ГХЯ-наа өөр газарт хандаж үзэв үү?

-Ерөнхийлөгчид захидал бичиж үздэг юм билүү гэж бодоод сураглах нээ замаас нь хүмүүс авч уншаад Ерөнхийлөгчид бараг очдоггүй гэх юм. Аргаа бараад л байж байна. Уг нь ГХЯ, Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний төв архивын газарт өвөө /Намжилын Аюуш/-гийн талаар мэдээлэл цаашлаад Германаас мөнгө явуулсан баримт хүртэл байх боломжтой гэж ярих юм. Даан ч, тэрийг нь ухуулаад, шалгуулах хүн байдаггүй. Гар харсан нэг хүнд шан өгье гэж хэлээд хүртэл хайлгаж үзсэн ч олигтой юм хэлээгүй. 

-Та Германы Элчин сайдын яаманд хандаж үзэв үү?

-Хандаж үзсэн, судлаж байгаа бололтой олигтой юм хэлээгүй. Ер нь тэгээд Дэлхийн II дайны дараа зүүн, баруун гэлтгүй Германд улс орнууд оюутан, дипломатч нэрийн дор хүмүүс илгээж, тэд нь ч нэг бус удаа учир битүүлгээр амиа алдаж байсныг би судалсан. Гэхдээ би өвөөгөө тагнуул байсан гэж боддоггүй. Харин тагнуул гэж сэжиглэгдээд алагдчихсан байх даа л гэж боддог. ЗХУ-д сургууль төгсөөд ирсэн, залуухан, царайлаг, басхүү том албан тушаал хашдаг, дөрвын дөрвөн хүүтэй хүн байсан миний өвөө. Тухайн үед ЗХУ л гэхээс биш Германд хэр баргийн хүн сургуульд явдаггүй. Монгол Улсын хамгийн өндөр сэхээтнүүд л Герман уруу явдаг байсан үе юм билээ. Лав сураг сонсох нээ Германд сургууль төгсөөд ирсэн нэг хүн Хивсний үйлдвэрт насаараа дарга хийж байгаад хэдэн жилийн өмнө нас барсан гэсэн. Аав минь хааяа өвөө чинь байсан бол бид ингэж амьдрахгүй байсан гэж хэлээд уйлдаг л юм. 1967 онд аавтай хамт 5 хүн Германд сургууль явсан юм билээ. 1967 онд 30-аад насны хүн гэхээр одоо 80-90-тэй хүмүүс байх ёстой. Амьд сэрүүн байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Лав л Германд хамт авахуулсан зурагнууд нь байдаг юм. Бас ГХЯ-наас тухайн үед 5 хүн Германд явуулсны хамгийн дээр нь миний өвөөгийн нэр бичигдсэн нэгэн жижиг бичиг өгсөн. Хэрвээ миний аавд туслах хүн байвал бидэнтэй холбогдоорой. 

Баруун гар талаас 2 дахь нь миний өвөө Н.Аюуш /Германд/

Голд нь зогсч байгаа нь миний өвөө Н.Аюуш

 

1966 оны 7 сарын 22-нд Германд сургуульд явуулахаар томилов гэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн шийдвэр бүхий тамгатай Хөдөлмөрийн дэвтэр нь

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(43.242.242.51) 2015 оны 08 сарын 04

бадамжав нь өдийд өнгөрөө байлгүй

0  |  0
irgen(202.179.29.2) 2015 оны 07 сарын 21

Ter Badamjav gedeg nuhruus asuuj lavlaj olj avah heregtei

0  |  0
and(103.10.22.168) 2015 оны 07 сарын 21

zov shde hootoslodoh heregtei. hen ch gsn iim zuil tohioldvol hootsoldoh bolno bitgii shantraarai amjilt husie hunii erhiin hooond handval yadag um bol

0  |  0
Ard(202.126.89.199) 2015 оны 07 сарын 21

Amjilt husey tuushtei temtsej munguu zaaval olj avaarai!

0  |  0
Top