Монгол Улсад улстөр болон удирдах шатны байгууллагад популизм авлигын дараа орох том асуудал болоод удаж байна. Популизм хийгчид ч бүр олшрох төлөвтэй. Тиймээс 10 гаруй жилийн түүхтэй “Дисковер Монголиа” уул уурхайн чуулга уулзалт энэ удаагийн уулзалтаа "For mining development without populism: Discover Mongolia-2015" буюу “популизмгүй уул уурхайн хөгжлийн төлөө” хэмээх нэмэлт гарчигтай байсан нь гаднынхан төдийгүй, хэзээний мэдэх ч дотоодынхны анхаарлыг ихэд татав. Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, Монголын уул уурхай, улстөрийн байдлын сайхныг магтах энэхүү чуулга уулзалт нь өөрөө Монголын уул уурхайн салбарт улстөрчид нь популизм хийдэг гэдгийг гаднынханд сурталчлах нь хэр логиктой асуудал вэ.
Нөгөө талаас “Гаднын хөрөнгө оруулагчдаа алдсан Монгол Улс дахин хөрөнгө оруулалтад таатай орон болох гэж байна. Гэхдээ энэ үйл явц их удаан явагдаж байна. Рио Тинто 6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бол маш сайн зүйл” гэж “Дисковер Монголиа-2015"-ыг ажиглаж суусан гаднын нэгэн шинжээч хэлэв.
Улаанбаатар хотноо хоёр өдрийн өмнө өндөрлөсөн хоёр хоног үргэлжилсэн “Популизмгүй уул уурхайн хөгжлийн төлөө: Дисковер Монголиа-2015” форумд ирсэн гаднын төлөөлөгчид буюу олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбар улстөрийн нөлөө хямрал авчраад удаж байгааг дуулгахын сацуу эндээс хэрхэн гарах замыг хамтран хэлэлцэж, гаднынхнаас зөвлөгөө авах шахуу юм болов. Ямартай ч, жилд бүр уламжлал болон зохиогддог энэ уулзалтын энэ оны хэлэлцүүлэгт гадна, дотнын 700 гаруй бизнесмэн, хөрөнгө оруулагч, төрийн байгууллагуудын төлөөлөгч оролцсон юм. Үүний тал орчим хувь нь гаднынхан гэхээр манайхан гаднын төрийн байгууллагуудын төлөөлөгч, томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагчид зэрэг 300 гаруй хүнд уул уурхайн салбарыг уналтад оруулсан популизмаа сурталчилав.
Уул уурхайн сайдтайгаа хамт популизмаа сурталчилсан энэхүү форумын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Уул уурхайн яам энэ оны эхнээс эхлээд өнөөдрийн байдлаар 500 орчим хайгуулын лиценз өгсөн. Цаашдаа 2500 газарт тусгай зөвшөөрөл олгож, хайгуулын талбайгаа ихэсгэнэ” гэв. Ямартай ч, Хятадын төрийн “Синьхуа” агентлагт бичсэнээр Монгол Улс нүүрс, зэс, молибдений баяжмал, төмрийн хүдэр, жонш, алт зэрэг байгалийн баялгийн томоохон нөөцтэй бөгөөд эдгээр байгалийн баялгийн гол ханган нийлүүлэгч орон юм.
*Популизм буюу популист гэж юу гэсэн үг вэ? Энгийн бөгөөд цөөн үгээр тайлбарлавал улстөрийн хүрээнд ихэвчлэн хэрэглэгддэг энэ үг нь олон нийтийн анхаарал төлөвлөрсөн /жишээ нь: Оюутолгой, Тавантолгой гэх зэрэг/ асуудалд өөрийн ашиг сонирхлын үүднээс хандаж олон нийтээр тоглож мэдэгдэл хийн гарч ирсэн ч угтаа тэр асуудлыг олон нийтэд ашигтайгаар бус өөрт ашигтайгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, эрэлхийлэгч хүнийг хэлдэг байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 1 )
popylizm gej tarhi ygaaj bgad yls ornii baylgiig tsulmugchidtei niilsen gadna dotnii lyibarchid tyn ydahgvi amitan blno