Цэцэрлэгт тогооч, эмч, дуучин хүмүүжиж байна гэвэл та итгэх үү?

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Бид Монголдоо хайртай төслийн багийнхан Дорнод аймагт ажиллаа. Дорнод аймгийн 6 цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлчдийн баг танилцлаа.


Дорнод аймгийн Чойбалсан хотод нийтдээ 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус бүрт нь зочлох боломжгүй тул бид  тус аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэгийг зорьж, хүүхдүүд хэрхэн хүмүүжиж байгааг бодит байдал дээрээс нь сурвалжилсан юм.


Дорнод аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэг  энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон давуу байдлыг бий болгосон гэж сургуулийн багш нар онцолсон юм.

Ингэхдээ эцэг эхчүүдтэйгээ хамтран анги танхимдаа эко,амьд орчинг бий болгож тохижуулжээ. Ямар ч хүүхдийн анхаарлыг татаж чадахуйц анги танхим бүрдсэнийг бидний хэсэг нөхөд дуу нэгтэй хэлж чадах байна. Юутай ч анги болгон өөр өөрийн онцлогтой, хүүхэд бүрийн сонирхолыг татахуйц орчин нөхцөлтэй байгаа нь бяцхан үрсэд, цаашлаад эцэг эхэд нь ч таатай уур амьсгалыг авчрах нь дамжиггүй юм.


Мөн тус цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийг бага, томоор нь ялгаж, зааглан хүмүүжүүлэхээс илүүтэй ах нь дүүгээ өхөөрдөж, хайрлаж, дүү нь ахаасаа бас эгчээсээ суралцаж хүмүүжих ёстой гэж үздэг аж.


Тиймээс ч 2 настай бяцхан хүүхдүүд 4 настай эгч, ах нартайгаа нэг өрөөнд тоглож наадан, суралцаж байгаа нь бидэнд их онцлог санагдаж байв.


Тэд өнөөдөр өнгө ялгаж, хоол хийх арга барилаас суралцаж, бүр хутга сэрээтэй хэрхэн харьцах, зүү тариур ямар учиртайг хүртэл ялгаж таниж сууна гэвэл та итгэх үү.


Үнэхээр цэцэрлэгийн хүүхэд энэ бүхнийг суралцаж байна гэхэд итгэмээргүй ч энэхүү цэцэрлэгт "тогооч"  бас "эмч", "дуучин" гээд бүгд хүмүүжиж байв. Тэд багшаараа бууз, хуушуур чимхэх, гурил илдэх, халбага сэрээтэйгээ хэрхэн харьцахыг заалгаж байна. Үүгээр зогсохгүй ургамал гэдэг амьд амьтан, тэднийг хайрлаж, арчлах ёстой гэдгийг багаасаа мэдэрч, цэцэрлэгийн ногоон байгууламжид багшийн хамтаар мод хүртэл тарьж, арчилж байгаа нь бусад цэцэрлэгүүдэд тэр бүр хэвшээгүй сургалтын систем гэлтэй.


Содон, сонирхолтой энэхүү туршлагаас бусад цэцэрлэгүүд ч үлгэр дуурайлал авахад илүүдэхгүй биз ээ.


Энэ жил аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 6-р цэцэрлэгийн тухайд нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ жил 60 хүүхэд шинээр бүртгэж авчээ. Хэдий аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг байгаа ч, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг  онцолсон юм.

Цэцэрлэгийн хүнсний ногооны 20-30 хувийг өөрсдийн талбайгаас хангаж, жимсээр төрөл бүрийн жүүс бэлтгэн хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hhhhh(112.72.13.94) 2015 оны 09 сарын 11

Haa saigui l baidal taaruu bnaa, Ih hurliin 76 yu hiij bnaa, zasgaa ogtsruulj toglohoos oor yum hiij bga ni ogt haragdahgui bna.demjinee

0  |  0
Top