Амархан аргазүйгээр хүүхэд өөрөө хичээл боломжийг бүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 12

 “I Love Mongolia” төслийн багийнхан Хэнтий аймгаас Дорнод аймагт хүрэлцэн ирээд байна. Төслийн багийнхан тухайн орон нутгийнхаа өв соёл, түүх ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдралыг сурталчлан таниулж байгаагаараа онцог юм.
Энэ удаад Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгээс эхлээд урлагийн театр, музей, цэцэрлэгт хүрээлэн, тамгын газар зэрэгтэй танилцлаа.


Ингээд манай сурвалжлах баг Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Улсын тэргүүний, Үндэсний лаборатоти Хан Уул цогцолборыг зорьж, дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Орон нутагтаа төдийгүй, нийслэлд  ч жишиг болохуйц энэхүү улсын сургууль нь  1998 онд анх байгуулагдаж байжээ.


Сургуулийн удирдлагуудын хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажилд шамдан ажилдагаа онцолж байв. Ингээд инээд хөөр цалигласан эрдмийн өргөөгөөс хийсэн эхний сурвалжлагынхаа тэргүүнд  сургуулийн захирал Г.Бүдтуяатай ярилцсанаа хүргье.


-Маш сайхан эрмийн их өргөө баригджээ. Сургалтандаа ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?
-Өнгөрсөн хичээлийн жилд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар  хичээлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Барилгын ажил маань дулааны шугамаа шийдвэрлэж чадаагүй хугацаа алдахад хүрээд байсан. Гэвч БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр өөрийнхөө багцаас 250 сая төгрөг, мөн аймгийн засаг дарга асан н.Ганбат гуай 250 сая төгрөг шийдвэрлэснээр гэр хорооллын хөдөөгийн хүүхдүүд орчин үеийн тохилог барилгад нэг ээлжгүйгээр хичээллэх бүрэн боломж нээгдсэн түүхтэй.


Хүүхдүүд шинэчлэсэн сургалтын хөтөлбөр, бага, дунд хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлж, аймаг улсдаа тодорхой хэмжээгээр ахиц амжилтыг авчирж байна. Сургуульд маань орон нутгийн төдийгүй, нийслэл, гадны зочид төлөөлөгчид хүртэл сонирхон ирдэг болсон.


Орчин үед тохирсон хими, физик мэдээлэл зүйн бүхий л каминаттай.


-Танай сургууль урлагийн талын авьяасыг түлхүү суулгахыг зорьдог юм шиг санагдлаа?
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж сургуулиараа бишгүүр хөгжмийг хөгжүүлж өнгөрсөн  хавар Улаанбаатар хотод очиж илтгэлээ тавьлаа. Бүх хүүхэд нотоор хөгжим сурдаг. Хийл болоод бүжгийн дугуйлангуудад бүх хүүхэд хамрагдаж байна.  Өнгөрсөн жил олон ястны бүжгийг анги бүлгээрээ сонирхон сурч тайлангаа тавьлаа.  Хүүхэд нэг бүрт урлагийн боловсролыг яаж олгохов гэдэг л стандарт явагдаж байна. Манайх өөрсдөө энэ үйл ажиллагаагаа арай өөр аргазүйгээр явуулж байгаа.


Манай сурагчдын хувьд өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй амжилтууд гаргасан. Аймгийнхаа олимпадад түрүүлсэн. Бүх талаараа ахицтай байгаа.


-Багш нарыг хөгжүүлэх хийгээд хүүхэд бүрт хүрч ажиллах дээр хэр ахицтай явж байна?
-Багш нараа яаж хөгжүүлэх зэрэг сургалтуудыг бүхий л аймаг орон нутгуудаар явж хийсэн. Энэ үеэр тэтгэвэртээ гарах гэж байсан ахмадууд “Та нар сургуулиа сахь гэдэг байсан бол би 30 гаруй жил сургуульд ажиллаж байхдаа түмний хүүхдийг болоод өөрийгөө зовоож яаж хичээллэдэг байснаа одоо  ухаарч байна. Ийм амархан аргазүйгээр хүүхдүүд өөрөө мэдрээд сургаж байгаа гэдэг хамгийн чухал юм байна” хэмээн ярьж байсан.


Сургалтын явцад, гурван жил дугаргаж чадаагүй хүүхдийг та дугаргалаа гээд манай багшид талархал илэрхийлж байгаа багш нарыг хараад бид сургуулиараа, багш нараараа бахархаж байсан. Тэгэхээр энэхүү аргазүйн шинэчлэл хүүхэд бүрт хүрч чадаж байна.


Ер нь манай БСШУЯ-наас барьж байгаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг бодит амьдрал дээр нь барьж чадвал яг үр дүнгээ өгч байгаа.


Ямар аргазүй нь боломжтой байна гэдгийг судалж үзсэний үндсэн дээр бүх нийтэд түгээн дэлгэрүүлж буйгаараа онцлог байна.


-Ерөнхийдөө лаборатори сургууль гэдгийг аймаг, нийслэл бүрт хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Улаанбаатарт 20 гаруй лаборатори сургууль бий.  Аймаг аймаг дээр нэг, нэг сургууль байна гэж тусгасан. Ер нь бид гадны сургалтын хөтөлбөрийн дагуу буюу хуулбарлаж байна гэж ярьдаг. Гэтэл өөрийнхөө бага боловсролын үндсэн хөтөлбөрийг тусгавал ямар хэрэгтэй вэ гэдгийг харлаа.


Тэгэхээр лаборатори сургууль нь өөрөө базз нь болж өгч байна.

 


-Танай сургууль хажуудаа дотуур байртай юм байна. Бүх сумдаас хүүхэд ирж сурах боломжтой юу?
-Дотуур байрныхаа хүрэлцээг хараад зургаан сумдаас одоогоор хүүхэд элсүүлээд байгаа. Суурь боловсролтой болсон сургуулиудын хүүхдүүд ирж сурч байна.

 

Энэхүү сургууль өнгөрсөн жил “хуучин хувцсаа” тайлсан нь энэ. Тэд шинэ хичээлийн байрандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч сургалтын хөтөлбөр, онол практик, хүүхдүүдийн суралцах эрмэлзэлд аль хэдийнэ ахиц гарчээ.


Сургуулийн хөгжмийн дугуйлангийн бишгүүр хөгжмийн хамт олон аяз өргөж, ахлах ангийн сурагчид лабораториудынхаа үйл ажиллагааг танилцуулав.


10Б ангийн сурагч М.Учрал “Физикийн комбинатын гол зорилго хүүхэд өөрөө өөрөө хөгжих. Манай физикийн танхим шинэчилсэн хөтөлбөрийн дагуу явдаг учир компьютер ашиглагдаж хичээллэгддэг.   Харин химийн танхимд анхлан суралцагчдад зориулсан үе болоод бүлгийн дугаарыг цээжлэх, цаашлаад гүнзгийрүүлэн сурч буй оюутнуудад хэрэгтэй танхим байгаа. Багш нар маань өөрсдөдөө сэтгэл гаргаж үелэх системийг хүртэл хийж өгсөн байдаг. Мөн тухайн бүлэг сэдвийнхээ хүрээнд сурагчид бүтээл хийдэг” хэмээн танхимуудаа танилцуулав.

 

Хүүхэд бүрийг хөгжүүлэх аргазүйг практик дээр амжилттай хэрэгжүүлж буй орон нутгийн сургууль болох Хан Уул цогцолбороос хийсэн сурвалжлага ийн өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top