Д.Цогтбаатар: Эгзэгтэй зүйл дандаа баяр ёслолын өмнө гардаг

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Халх голын сав газрыг Чөлөөт бүс болгох тогтоол гарснаас хойш багагүй хэл ам гарах болсон. Тиймээс  энэ асуудлын хүрээнд Дорнод аймгийн Нутгийн удирдлагын зөвлөлийн дарга Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Халх голын асуудал аймгийн удирдлагуудын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Халх голын асуудал зөвхөн Дорнодчууд гэлтгүй улс орны асуудал болчихсон байна. Өөрөөр хэлбэл, олон аймаг, сумд, нийслэлийн иргэдээс над дээр байнга орж ирж санал гаргаж байна. Нутгийн зөвлөлийн хувьд энэ асуудалд өмгөөлөгчтэй хамтарч, цэцэд хандаад байгаа. Мөн УИХ-ын даргад үндсэн хууль болоод салбар хуулиуд, чөлөөт бүсийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шаардлага явуулсан.  Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж хуулиндаа ч байдаггүй. Тиймээс бид энэ асуудлаар хуулийн дагуу хэрэгжүүлэх талаасаа нэлээн агуулгын тэмцлийг явуулж байгаа. Сум орон нутгийн иргэд үүнийг маш анхааралтай ажиглаж байна.

УИХ-ын 75-р тогтоол долдугаар сарын 9-нд гарсан. Аливаа эгзэгтэй зүйл дандаа баяр ёслолын өмнөхөн гардаг түүх давтагдаж байгаа юм биш гэж хардаж байгаа.

Тогтоол нь ч тодорхойгүй байгаа. Хэрэв Чөлөөт бүс болгож түрээслэвэл 40, 60, 100 жилийн хугацаатай байдаг гэж ярьдаг. Гадныхан түрээслэх гэж байгаа гэх асуудлыг ярьж байгаа ч нууц байдалтай байгаа.

Ер нь цаашдаа эзэмших, ашиглах түрээслэх гэхээсээ илүү газар нутгаа бүрэн бүтэн байлгах л асуудал байгаа. Тогтоол дээр 49 мянга га газрыг бид ашиглах эрхтэй. Гэтэл бусдыг нь хэрхэх нь тодорхойгүй байгаа.

-Нутгийн удирдлагуудын зүгээс ямар арга хэмжээ авая гэж бодож байна?

-Халх гол сумын иргэд бидэнтэй уулзаж мэдээлэл авсан. Тэдгээр хүмүүс маш их эмзэглэж байгаа. 500 мянган га газар гэдэг 0.7-гоор бодвол 7.1 сая хүнд оногдох газар байгаа. Хөлбөмбөгийн талбайгаар авч үзвэл 7 мянган хөлбөмбөгийн талбай байхаар газар нутаг. Хөрсний хувьд маш их эмзэг хөрстэй. Хэрвээ үүнийг ашиглаад явбал цаашдаа онгон хэлбрээр нь авч үлдэж чадахгүй. Хамгийн гол нь иргэд, нутгийн зөвлөл газар нутгийнхаа бүтэн байдлыг л авч үлдье гэж байгаа.

Ер нь түүхээрээ авч үзвэл 1600-1800 оны үед Халх аймгууд Оросын хаант улсад Байгал нуур орчмын газруудаа алдсан шүү дээ. Улмаар Буриад олон маань нутаг оронруугаа явсан. Тиймээс бид энэ түүхэн үйл явдлаа эргэж санамаар байна.

-Орон нутгийн удирдлагууд багагүй шүүмжлэлд өртдөг. Таны чих хэр халууцаж байна?

-Монголын нийгэмд нутгийн зөвлөл гэж төрийн бус байгууллагын ажил нэг хэв загварын царцанги байдалтай байна. Тиймээс нутгийн зөвлөлийн ажлыг зайлшгүй өөрчлөх шаардлага бидэнд захиалгаар тохиолдсон байна. Тиймээс Дорнод аймгийн нутгийн зөвлөл бид гол зорилгоо хүний хөгжилрүү хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүний хөгжлөөр дамжуулж улс орноо хөгжүүлэх зорилго өвөртлөн ажиллаж байна. Дэлхий дээр хүнээ хөгжүүлсэн ард түмэн хөгждөг гэдгийг Сингапур улс харуулсан. Тиймээс нутгийн зөвлөлийнхөн нутаг орныхоо хөгжлийг өсвөрийн хүмүүжигч нараа хөгжүүлж байж хөгжинө гэх үзэж байгаа. Нутгийн зөвлөл төр захиргааны байгууллагуудтай хамтран нутаг орныхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаж болно гэдгийг мөн онцолмоор байна. Нутаг орны хөгжил улс орны хөгжил хүнээс шалтгаалдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top