П.Ганхуяг: Орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн тоо цөөрсөн

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа

-Орон нутгийн төсвийн хөрөнгийн талаар танилцуулаач, Тухайлбал Замын-Үүд боомтоор орж гарч буй бараа бүтээгдэхүүний  тоо  өмнөх жилийнхээс хэр хэмжээгээр буурсан бэ? Мөн орон нутагт төсвийн орлого тасраад байна гэх мэдээлэл гараад байгаа энэ талаар мэдээлэл өгөөч?

-Замын-Үүд боомтоор орж гарч буй бараа бүтээгдэхүүний татварын орлого манай аймгийнх гэж тооцогддоггүй л дээ. Энэ бол Монгол улсын орлого. Манай орон нутагт ордог орлого бол тэрүүгээр орж гарч буй хүмүүсийн болоод машин техник хэрэгслийн хураамж байдаг.Замын-Үүд боомтоор орж  гарч буй барааны тоо  энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ хэрээр гааль л дээр төлөгдөх татварын хэмжээ буурсан. Яг нарийн тоо баримт бол манайд байхгүй. Ерөнхийдөө бидэнд ирдэг татварын орлого 500 гаруй сая төгрөгөөр тасарсан. Манай аймгийн төсөв тэрбум гаруйгаар тасраад явж байна. Аймгийн татварын орлого зөвхөн  Замын-Үүдийн орлого ч биш л дээ. Бууны татвар, Хүн амын орлогын албан татвар гэх мэт жижиг татваруудаас төвлөрөх орлого бүгд хамаарна. Харин яагаад ингэж тасраад байна гэхээр энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болоод байгаа юм ч байхгүй байна. Харин газрын дуудлага худалдаанаас олох орлого, бараа бүтээгдэхүүний өмч хувьчлалын орлогын татвар зэрэг буурснаас болж  байна. Яагаад газрын дуудлага худалдааны орлого тасарч байна вэ гэхээр эдийн засгийн хүндрэлээс болоод үйлдвэрлэл үйл ажиллагаа  байгуулахаар газраа сонгосон иргэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байна. Энэ мэтээс л болж орлого тасарч байна. Тиймээс  бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.  Өөр бусад салбарт төсөв тасраагүй л дээ. Аялал жуулчлалаас олох  орлогын хувьд жил бүр хамрын хийдийг үзэхээр  70-80 мянган хүн ирдэг байсан бол энэ жил 110 мянга гаруй хүн ирлээ. Р

-Хамрын хийд рүү орох тасалбарын үнэ өмнө нь 300 төгрөг байсныг 2000 төгрөг болгож нэмэгдүүлсн байсан. Энэ мөнгө хаашаа ордог вэ? Орон нутагт төвлөрдөг үү, аль эсвэл тусгай хамгаалалттай  газар нутаг гээд өөр газарт төвлөрдөг үү?

- Тусгай хамгаалалттай бүс  ч бай  юу ч бай ердөө хоёрхон төрлийн л татвар авдаг. Нэг нь улсын татвар, нөгөө нь орон нутгийн татвар. Тус тусынхаа төсөвт төвлөрнө. Одоо энэ газарт төвлөрч байгаа татвар орон нутгийнхаа төсөвт төвлөрнө. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутгийн заалттай учир төвлөрсөн хөрөнгийг тус газар нутгийн  арчилгаанд зарцуулах учиртай.  Хамрын хийдийн  наана цогцолбор байгуулах гэж байгаа. Тэр цогцолборыг барьчих юм бол энэ төвлөхч буй бүх хөрөнгийг тэнд төвлөрүүлнэ. Тэр мөнгийг байгалиа хамгаалах, тус газрын хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулна. Энергийн төв дээр өмнө нь авч байсан зардал бол хэлбэр төдий байсан. Харин цаашдаа үйлчилгээгээ сайжруулах юм бол хэдэн төгрөгийн татвар ч авч болно.

-Сайншандын аж үйлдвэрийн паркын яг одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Орон нутгаас шалтгаалах зүйл байхгүй гэж байсан. Нэгэнт нутагт  нь баригдах их бүтээн байгуулалтын ажилд  биднээс шалтгаалах зүйл байхгүй гээд хойшоо суугаагүй байх л даа?

- Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг компанийг Засгийн газраас байгуулсан байдаг юм. Харин энэ компанид орон нутгийн удирдлагуудаас огт багтаагүй.

-Яагаад багтаагүй юм бол та бүхний зүгээс   санал тавьсан уу?

- Мэдээж  хэрэг орон нутгийнхаа энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцох  хүсэлтэй байлгүй яах вэ.Байнга л санал хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээж  авахгүй байна. Тиймээс энэ ажил яг хаанаа гацчихаад байгаа талаар мэдээлэл алга. Бодвол судалгаа шинжилгээнээс авахуулаад хийх ажил маш их байгаа. Мөн төсөв мөнгө, дэд бүтэц гээд олон асуудлыг бүгдийг нэг дор  цогц шийдэж байж байгуулах учир цаг хугацаа их орох байх.

-Дорноговь аймагт шинэ сум төсөл хэрэгжиж байгаа, энэ ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Шинэ сум төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн бага хувьтай нь  45, хамгийн их  нь 73 хувьтай үргэлжилж байна.

-Орон нутгаас хотыг зорих шилжилт хөдөлгөөн хэр байна вэ?

-Сумаас аймаг хүртэлх хөдөлгөөн нэлээд байх шиг байна. Харин аймгаас хотыг зорих хөдөлгөөн бараг зогссон байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аймаг дээр  суурин амьдарч буй иргэдийн тоо 60-64 мянга болж нэмэгдсэн байна. Энэ нь зам дагасан бүтээн байгуулалттай холбоотой болов уу. Урагшаагаа Замын-Үүд рүү хоёр  цаг давхиад очиж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top