“Алтан намар 2015” үзэгч, оролцогчдын их хүлээлтийг тайлна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо болон Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас хамтран, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам тун удахгүй 32 дахь удаагаа болох гэж байна. Наадмын бүртгэл өнгөрсөн 9-р сарын 23-с эхэлж, энэ сарын 04-ний өдөр өндөрлөсөн юм. Төрөл бүрийн хөгжмийн бүтээлүүдийг оролцуулж, тэдгээрээс шинэ содон бүтээлүүдээр үндэсний хөгжмийн урын санг баяжуулж, шилдэгийг шалгаруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг наадам нь өнгөрөгч 2014 онд зохиогдоогүй бөгөөд тус наадамд оролцохыг хүсэгчид болон үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм. Тийм ч учраас Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны зүгээс энэ удаагийн наадмыг урьд урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээг хамруулж, өндөр зэрэглэлд зохион байгуулж, үзэгч, оролцогчдын их хүлээлтийг тайлахаар хичээн ажиллаж байгаа билээ. Мөн тус холбооноос “Алтан намар 2015” наадмын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын нэгний өдрөөс эхлэн фм-107,5-тай хамтран бүтээл, туурвилаараа ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн 21 нэрт хөгжмийн зохиолчдын талаар хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа юм. Түүнчлэн уг наадмын Гала тоглолт энэ сарын 25-ны өдөр Улсын Филармоний концертийн их танхимд болох бөгөөд МХөЗХ-ноос энэхүү наадмын хүрээнд ирэх сарын 3-ны өдөр нэрт хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top