С.Бямбацогт: Зардал 2012 оныхтой харьцуулбал 600 тэрбумаар нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тооцож буйгаар  энэ оны эцэс гэхэд төсвийн алдагдал 900 гаруй тэрбумд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд энэ нь 2015 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага гарч байгаа юм.  Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн орлогыг 6 их наяд 628 тэрбум төгрөгөөр, төсвийн зардлыг 7 их наяд 300 тэрбум төгрөгөөр төсөөлж, алдагдлыг ДНБ-ний 5 хувьтай тэнцүүлэхээр төлөвлөсөн төсөл оруулж ирээд байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цалинг бууруулна гээд байна, 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж, 180 мянга болсон. Энэ бол яам, агентлагийн тоо өсч, тэр хэрээр зардал өссөн хэрэг. Зардлыг 2012 оныхтой харьцуулбал 600 тэрбумаар нэмэгдсэн. Есөн яамтай ажиллахаа одооноос эхлүүлье.

Хоёрт, дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан байтал Монголд буурахгүй байна. Энэ асуудлаар бид Р.Жигжид сайдад асуулга тавьсан, мэдээлэл хийхдээ буурсан гээд байгаа ч бодит байдал дээр ямар ч өөрчлөлт орсонгүй. Мөн нефтийн бүтээгдэхүүний үнийг ижил төвшинд аваачмаар байна. Баруун аймаг, Улаанбаатар хот хоёрын нефтийн үнийг адилхан болгоё. Аи-92 нийслэлд 1 литр нь 1690 төгрөг, Ховдод 1 лирт нь 2100 төгрөг байна. Үүнийг Засгийн газар татварын бодлогоороо дамжуулаад ижил төвшинд аваач л даа. УИХ Засгийн газарт эрхийг нь өгсөн шүү дээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улс өөрөө уул уурхайн салбар дээр суурилсан, эдийн засагтай. Янз бүрээр тайлбарлаад үр дүнг нь ямар нэгэн байдлаар залж залруулах боломж хомс. Уул уурхайн супер циклийн үед цалингаа нэмсэн. Энэ жил бид төсвөө хоёр дахь удаагаа тодотгох гэж байна. Өмнөх тодотгол дээр цалинг нэмэхэд 90 тэрбум төгрөг суулгасан байсан, үүний дарамт нь 2016 онд 260 тэрбум болж нэмэгддэг. Ийм дарамт ирдэг. Яамдын бүтцийн тухайд, 2016 оны төсвийн төслөө танилцуулаагүй, 2015 оны төсвийн тодотгол ярьсан учраас болохгүй байна.

Нефтийн татварын хувьд нефтийн үнэ буурахаар дагаж буурдаггүй. Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих нь эерэг нөлөө үзүлж байгаа учраас Засгийн газарт эрх нь олдсон, одоо тавьж болох хамгийн өндөр татвараа тавина. Засаг өөрөө хуулийнхаа хөдөлгөөн хийдэг эрхийг нэмж авъя гэж байгаа, ингэснээр төсөвт тодорхой бааз суурь бий болно. Өнгөрсөн хугацаанд нефтийн компаниуд 2-3 сар ашигтай ажиллаж байна, үнэ өсөхөд алдагдалтай ажиллана. Түүнийгээ ашигтай ажилласнаараа нөхнө.

Уул уурхайн сайд Р.Жигжид: 2012 оны сүүлээс нефть бүтээгэдэхүүний хангалтыг тогтвортой байлгах чиглэлээр дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сүүлийн үед зах зээлийн үнэ буусантай холбоотойгоор зах зээлийн зарчмаар аж ахуйн нэгжүүд ажилласан. Үнэ улам буураад татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон. Аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд үнэ тогтоох эрх салбарын яаманд байхгүй. Жижиглэнгээр борлуулах нефтийн үнэ 150 төгрөгөөр буурсан. Шатахуун 300 төгрөгөөр буурч, 1390 төгрөг болсон. Улаанбаатар хотын захын хороололд 1 литр тутамдаа 60 төгрөгөөр буурсан. Баруун аймагт нефтийн бүтээгдэхүүний үнэ үнэтэй байгаа. Төвийн бүсээс нефть нийлүүлэгддэг учраас зардал нь өндөр тусч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өрсөлдөөний хуулиар болдоггүй гээд хэлээд сууж байдаг. Үүнийхээ оронд Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг бүсээр ангилахгүй адилхан нэмэгдүүлэхээр оруулж ирэхийнхээ оронд ялгавартай тогтоочихвол адил үнэ тогтох боломжтой. Үүнийгээ ашиглаач ээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Улс орноо аваръя гэж байгаа бол яамдаа цөөл, ирэх оны зургадугаар сарыг хүлээнэ гэвэл даахгүй. Оны төгсгөлд нөхцөл байдал хүндэрнэ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top