ЗГ-ын хуралдаан төрийн үйлчилгээ цахим системд шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр,”Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх талаар Засгийн газрын 275 дугаар тогтоол гарсан. Төрийн үйлчилгээний  цахим систем гэдэг нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх төсөл. Энэ арга хэмжээг гүйцэтгүүлэхэд төсвөөс мөнгө гаргахгүй. Төр, хувийн хэвшлийн  түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх судалгаа хийхийг Хөрөнгө оруулалтын газар,  МТШХХГ-т үүрэг өгсөн. Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх байгууллагууд танилцуулга хийлээ.  Төрийн үйлчилгээний цахим системийг хэрхэн бий болгох вэ гэхээр мэдээллийн өгөгдлийн санг цахимжуулна.  E-zasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээллийн чанарыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой.  Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 42 үйлчилгээний 17 нь ТҮЦ машинаар, 25 нь төрийн үйлчилгээний цахим систем буюу E-zasag.mn сайтаар дамжуулан авч байна. Өнгөрсөн хугацаанд 1.3 сая иргэн энэ системд хандаж  үйлчилгээг авсан байна. Улсын төсөвт 2015 оны эхний хагаст 37 сая төгрөг төвлөрсөн” гэв.

Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн концессийн зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх концессийг  нэмэлтээр явуулах шийдвэр гарлаа. Энэ концессийн хэлбэр нь бусдаасаа өвөрмөц. Систем хөгжүүлэх, ашиглах төрөл. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний мэдээллийн өгөгдлийг цахимжуулах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ.  Хувийн хэвшлийн гаргасан хөрөнгийг төрийн үйлчилгээний цахим системд хандаж, иргэдээс оруулж байгаа орлогоос гарсан зардлаа нөхсний дараагаар төрд шилжүүлнэ. Иймээс улсын төсвөөс мөнгө гарахгүй, иргэд төрийн үйлчилгээг найдвартай хангах бололцоотой. Нийтдээ 37 байгууллагын 170 гаруй үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьж байна. Одоогийн байдлаар 40 орчим үйлчилгээ хүрсэн. Лавлагаа мэдээлэл авах, тодорхой хэмжээгээр зөвшөөрөл авах зэрэг үлдсэн 100 гаруй үйлчилгээг хүргэнэ. Энэ бүх мэдээлэл цахимжвал Монголд цахим засаглал хэрэгжихэд дөхөм болно. Концессийн төрөл зүйлд цахим засаглалыг хөгжүүлэх концессийн заалт орж байна. Концессийн шууд гэрээ байгуулах болон уралдаант шалгаруулалтыг хуульзүйн дагуу шийдвэрлэхийг Аж үйлдвэрийн сайд болон Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top