“Ромео Жульетта” жүжиг шинэ тавилтаар дахин амилахад бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 29

Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна.

 Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта”. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавих гэж байна.

 Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байгаа аж.

 Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

 Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар  “Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрэх болно.

 Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Түүнчлэн цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top