АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өндөрлөлөө. Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой энэ наадам анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшээд байгаа кинонуудыг үзэгчдийн хүртээл болгосон юм.
Тэгвэл тус наадамд эх орноо төлөөлөн жүжигчин Б.Амарсайхан өөрийнхөө гол дүрд нь тоглож, продюссерээр нь ажилласан “Бодлын хулгайч” киногоо авч явсан юм. Нийт 30 кино бүтээл гол үзвэр болохын төлөө өрсөлдөж, долоон бүтээл шагнал хүртсэн энэхүү наадмаас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн аж.
Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. Түүнтэй хамт “Oscar”-ын шагналт, нэрт продюссер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ. Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах, бусад орны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн олон улсын нэр хүнд бүхий наадмуудад оролцох, өөрсдийн чадвар, чадамжийг шалгах томоохон боломж, үүд хаалгыг нээж байгаа хэрэг хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 2 )
Хоолой сөөнгө ямарч доторгүй худлаа тоглолтой зүгээр л орлон тоглогч нэртэи л жүжигчин тайзан дээр хэн ч биш. Хувийн нэг ч үзүүлбэр байхгүй зодоонтой кинонд тоглоодл өрөвдмөөр.
gaihaltai, bayar hurgey, ulam ih amjiltiig husey