Монгол бүсгүй германчуудыг алмайруулав

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 18


“...Монгол эмэгтэй, Борхүү зураачийн охин Үйзэнмаа ХБНГУ-ын хамгийн том, нэр хүндтэй наадмуудын нэгт зүй ёсоор тооцогддог Баварийн кино урлагийн наадмын дээд шагналыг “Өсвөр залуу үеийн найруулагч” зэрэглэлээр “Над руу ингэж битгий хар” бүтээлээрээ хүртлээ. Түүний шагнал авахдаа “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй” гэж хэлсэн жинтэй үг нь германчуудыг үнэхээр догдлуулсан байна. Б.Үйзэнмаадаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэсэн сэтгэл догдолсон үгтэй мэдээллүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээгээр маш хурдтай тархаж, цөөхөн монголчуудын нэгнээрээ омогших сэтгэлийг бадрааж чадлаа. Тийм ээ, үнэхээр монголчууд маань дэлхийн тавцанд авьяастай, чадвартай гэдгээ батлан харуулсаар байна. Тийм ч учраас ММ энэ долоо хоногийн “Дуулиант нөхөр”-өөр Б.Үйзэнмааг онцолж байна. Тэрбээр бүр бага байхдаа л хилийн дээс алхсан нэгэн аж.

Учир нь түүний ээж 1974 онд Зүүн Германд сэтгэл судлалын багшаар суралцаж, тэндээ ажиллахаар болсон нь түүнийг эх орондоо бус харийн оронд өсч, суралцаж, боловсроход нөлөөлсөн гэлтэй. Хэдийгээр эх орноосоо хол гунигтай байсан ч тэрбээр 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судлаад, дараа нь Германы алдартай, Мюнхений телевиз, кино урлагийн их сургуульд суралцсан байна. Кино урлагтай  амьдралаа холбох болсон шалтгаанаа тэрбээр “Би үргэлж аливааг сониучирхаж, эргэцүүлж, хачирхалтай нөхцөл байдалд буй хүмүүсийг ажигладаг байлаа. Кино үзэх дуртай ч найруулагч болно гэж бодож байсангүй. Гэхдээ сэтгэл бодол доторхоо илэрхийлж, ямар нэгэн зүйл үзүүлэхийг үнэхээр их хүсдэгээ мэдэрдэг байсан. Тиймээс ч оюун бодолд буйгаа цаасан дээр буулгаж. шүлэг, өгүүллэг оролдоно. Энэ бүхэн өөрийгөө хэрхэн илэрхийлэх зөв замыг хайсаар байсан нь тэр. Ингээд кино намайг маш сайн илэрхийлж чадах юм байна гэдгийг ойлгож, урлагийн сургуульд орохоор шийдсэн” хэмээн тайлбарласан байна. Түүний сонголт зөв байсныг бүтээлээс нь харж болох биз ээ. Учир нь Б.Үйзэнмаа “Намайг битгий ингэж хар” бүтээлээрээ Испанид болсон наадмаас гадна олон кино фестивальд амжилттай оролцсон нь үүнийг батална.

Олон улсын кино наадмыг зохион байгуулагчид өөрсдөө бүтээлүүдийг шалгаруулж, тохиромжтой гэж бодсон уран бүтээлчдийг сонгож наадамд урьдаг аж. Уран бүтээлч бүсгүй “Намайг битгий ингэж хар” киногоороо амьдралд тохиолдох элдэв сонин учралуудыг тусгахыг хичээсэн бөгөөд хайр гэж чухам юуг хэлээд байгаа юм, хэн нэгнийг хайрлахад үргэлж золиос, дарангуйлал агуулдаг юм биш үү, бид үнэхээр эрх чөлөөтэй байж чаддаг уу гэдэг асуултад уран бүтээлээрээ дамжуулан хариулахыг оролдсон ажээ. Түүнээс гадна эмэгтэй хүн, тэдний өнөөгийн дүр төрхийн тухай кинондоо тусгахыг хичээсэн төдийгүй хүйсийн тэгш эрхийн тухай хөндөж, хуучинсаг хүмүүсийн тогтсон үзэл бодолд бүтээлээрээ няцаалт өгөхийг оролдсон нь олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж, дуу алдахад эрхгүй хүргэсэн байна. Тус бүтээлд Хэди, Ева гэх хоёр бүсгүйн дүр гарах бөгөөд тэд бол эмэгтэйчүүдийн тухай өнөөгийн нийгэмд буй тогтсон ойлголтоос эсрэг үйл, амьдралтай бүсгүйчүүдийн дүр ажээ. Хэдигийн дүрийг Б.Үйзэнмаа өөрөө бүтээсэн бөгөөд, тэрбээр маш чадварлаг жүжигчин гэдгээ ч энэ дүр дээр ажилласан байдлаараа харуулаад амжжээ.

Түүний энэхүү бүтээл олон бүтээлтэй өрсөлдөж байж, Мюнхений олон улсын кино наадмыг нээх бүтээлээр сонгогджээ. Энэ үеэр Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагналыг хүртээсэн байна. Дараа нь Испанийн Таррагона хотод болсон REC олон улсын кино наадмаас “Өвөрмөц санаа” шагналыг хүртжээ. Тус наадмын шүүгчид “Эмэгтэйчүүдийн мөн чанарыг ийм өнцгөөс гаргасан кино өмнө нь үзэж байгаагүй. Сонирхолтой, гоё арга замаар шударга үзүүлжээ” гэж дүгнэсэн гэнэ билээ. Мөн Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооныхон “Б.Үйзэнмаагийн кино урьдчилан таамаглахын аргагүй, зоримог. Зохиолч, найруулагч, гол дүрүүдийг хүчтэй өөрчлөн шинэчилжээ.

Онцгой, гуйвшгүй дүрслэлтэй, зөрчилдөөн бий болгосон бүтээл юм” гэсэн дүгнэлтэд санал нэгтэй хүрчээ. Б.Үйзэнмаа “Намайг битгий ингэж хар” бүтээлээ ирэх сард Шведийн Гётеборгийн олон улсын кино наадам, гуравдугаар сард Осакагийн кино уралдаанд оролцож, мөн сардаа Германы театруудад гаргахаар төлөвлөсөн байна. ХБНГУ-д дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид ажиллаж, тэгш эрхтэйгээр өрсөлддөг учраас эндээс муу бүтээл төрнө гэсэн ойлголт байдаггүй аж. Тиймээс ч Б.Үйзэнмаа “Монголд олон гайхалтай уран бүтээлч байгаа ч соёл, урлагийнханд мөнгөгүйн зовлон байдаг. Монгол кино бүтээгчид 10 өдөр зургаа аваад хоёр долоо хоногт эвлүүлж дуусгадаг гэж хүмүүсээс сонссон. Хурдхан мөнгөтэй болохыг хүссэн сэтгэлээр кино урлагт хандвал мэдээж чанаргүй уран бүтээл төрнө.

Сайн бүтээл гаргахын тулд тодорхой цаг хугацаа зарцуулах, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Зүй зохисоор нь хийж чадахгүй, халтуурдвал мэдээж өнгөц кино болж, мөнгө ч олж чадахгүй. Тэгэхээр үнэхээр сайн кино хийх, дуу бутээх, уран зураг туурвихын тулд юун түрүүнд мөнгө олох тухай бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Бидний буй цаг хугацаанд, амьдралд нөлөөлөх уран бүтээлчид шаардлагатай байна. Бидэнд жинхэнэ соёл урлаг хэрэгтэй” хэмээн уран бүтээлчиддээ хандаж хэлсэн байна. Мөн тэрбээр шинэ зохиол бичиж байгаа бөгөөд зураг авалтдаа тун удахгүй орох юм байна. Түүний хамгийн том зорилго Монголд уран сайхны кино хийх гэнэ билээ. Тун удахгүй дэлхийд мөрөө үлдээсэн чадварлаг уран бүтээлчийн бүтээлийг монголчууд маань хүлээн авах биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Туул

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altaa(83.253.164.0) 2016 оны 02 сарын 20

yamar mundag sain bas yamar saihan busgui ve.Amjilt husie

0  |  0
зочин(202.131.234.5) 2016 оны 02 сарын 19

amjilt mundag baina shyy.

0  |  0
2016(150.129.143.78) 2016 оны 01 сарын 25

:-bd =D> :-*

0  |  0
Зочин(202.70.33.242) 2016 оны 01 сарын 22

Амжилт, амжилт, амжилт.

0  |  0
irgen(27.123.214.102) 2016 оны 01 сарын 21

Ulam ih amjilt ood uragshaa zvtge

0  |  0
Irgen(103.57.92.172) 2016 оны 01 сарын 20

Mundag sain bn.amjilt husue

0  |  0
Top