Монгол туургатан миссүүд Улаанбаатарт чуулж, шилдэгээ тодруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Монголын урлаг, спортын салбарт сор болсон залуус өнгөрсөн онд "Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг"-ийг байгуулан монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж, чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилго өвөрлөсөн билээ.

Тэд энэхүү зорилгынхоо хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард "Монгол туургатны боксын анхдугаар" наадмыг амжилттай зохион байгуулж Азидаа л хамгийн өндөр шагналын сан буюу 50 сая төгрөгийг оролцогчдодоо урамшуулан олгосон билээ. тэгвэл тус нийгэмлэгийнхэн энэ удаад "Монгол туургатан мисс-2016" наадмыг ирэх гуравдугаар сарын 20-28-ны хооронд зохион байгуулахаар товоо зарлалаа.

Ингэснээр 2006 оноос хойш тасалдаад байсан "Монгол туургатан мисс" тэмцээн дахин сэргэж тун удахгүй монгол туургатан хацар гоо охид шилдгийн шилдгээ шалгаруулан өрсөлдөх нь ээ. "Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.

Мисс модель

Мисс фото

Мисс авьяас

Мисс бикини

Мисс үндэсний хувцастай

Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.

Мөн энэхүү төрлөөс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 15 мянган ам.долларын эзэн болох бол дэд мисс 5000 ам.долларын эзэн болно. Мөн тэмцээнд оролцсон гадаадын оролцогчид 400 ам.доллар, дотоодын оролцогч 150 ам.долларын урамшуулал авах нь ээ.

"Монгол туургатан мисс-2016" тэмцээнд Өвөрмонгол, Буриад, Тува, Халимагийн 12 оролцогч монголын 6 оролцогч нийт 18 хацар гоо охид өрсөлдөхөөр тунан үлдээд байгаа юм. Гадаадын оролцогчдын тухайд эх орондоо миссийн тэмцээнд оролцон шилдгээр шалгарч байсан үзэсгэлэн гоо охид юм байна. Монгол туургатны миссийн тэмцээний шагналын сан 50,0 сая төгрөг Тува, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Монголын хацар гоо охид өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх мөч айсуй.

http://wmga.mn/posts



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top