Сонгодог жүжгийн өдрүүд эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 04

Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театрын уран бүтээлчид энэхүү ойг угтан олон арга хэмжээг цувралаар зохион байгуулж буй. Энэ удаа гуравдугаар сарыг "Сонгодог жүжгийн өдрүүд" болгон зарлажээ. Энэ сарын 4-27-ны өдрүүдэд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео Жульетта”, “Гамлет”, М.Сервантес “Кихот ноён”, Софокл “Эдип хаан”, Г.Ибсен “Нора” зэрэг жүжгүүдийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэсэн байна.

Тоглолтын хуваарь:

3.4, 5, 6, 7, 8 - “Ромео Жульетта” жүжиг

        /3.4, 5-ны өдрүүдэд 18.00-с, 6, 7, 8-ны өдрүүдэд 17.00-с/

3.11 - “Кихот ноён” жүжиг

3.12, 13-ны 17.00 цагаас - “Эдип хаан” жүжиг

3.16, 17-ны 18.00 цагаас  - “Нора” жүжиг

3.25, 26, 27 – “Гамлет” жүжгийг тус тус тоглоно.

“Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд театрын түүхэнд тайзнаа тавигдаж байсан сонгодог уран бүтээлүүдийн болон бусад сонирхолтой баримтаас бүрдсэн үзэсгэлэн дэлгэгдэж, үзэгчдийн хүртээл болохоос гадна “Театрын уран бүтээл-миний ертөнц” эссэ бичлэгийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулна. Мөн энэ сарын 5-ны өдөр “Сонгодог урлаг 2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Ромео Жульетта” жүжгийн зохиолоор нийслэлийн 10 жилийн дунд сургуулиудад зарласан уралдааны шалгаруулалтын Гала тоглолт болох юм. Үүнээс гадна энэ сарын 18-22-ны өдрүүдэд орон нутгийн театруудын уран бүтээлчид, ажилтнууд дунд зохион байгуулагдах “Театр 2016” сургалт зэрэг олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.

УДЭТ-ын "Сонгодог жүжгийн өдрүүд"-ээр тоглох тоглолтын тасалбарыг үнэ, суудлын зэрэглэлээс хамааран хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болжээ. Үүнд: 5 жүжиг: 60,000, 50,000, 40,000 төгрөг, 3 жүжиг: 40,000, 30,000, 25.000 төгрөгийн үнэтэй байх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top