Морин хуурын чуулга энэ сарын 9-нд Бээжин хотноо болох “World Music Series best of Asia” фестивальд оролцоно. Тус чуулгын хамт олон уг фестивальд БНХАУ-ын Бээжин хотын их театр болох “Сувдан” театрын урилгаар тоглох гэж байна. Тоглолтоор хөгжмийн зохиолч М.Довчин, Н.Жанцанноров, Б.Чинбат нарын “Монгол аялгуу”, “Бурхан Халдун”, “Жингийн цуваа”, “Уужмын зүүд, их хааны аравт” зэрэг бүтээлийг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан эгшиглүүлнэ. Мөн уртын дуучин Б.Мөнхбаатар “Ай Нанаа”, “Хөх торгон цамц”,”Тунгалаг тамир” уртын дууг дуулж сонирхуулах юм байна. Хөөмийч Н.Ашит, ятгач О.Мөнхтогтох нар болон ятга, морин хуурын дөрвөл хөгжимчид ая эгшгээ өргөх юм.
Тус чуулгынхан өмнө нь “Сувдан” театрт 2008 онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 59 жилийн ойгоор тоглож байсан бөгөөд энэ удаа тус театрын албан ёсны урилгаар хоёр дахь удаагаа тоглож буй нь энэ ажээ.
Сэтгэгдэл ( 0 )