Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ өдөр С.Михаловын “Бардам туулай” мюзиклыг тоглох юм.
Энэхүү жүжгийг найруулагч Ч.Түвшин найруулж тайзнаа тавьж байгаа бөгөөд Бардам туулайд жүжигчин С.Болд-Эрдэнэ, түүний ах, эгч туулайнуудад жүжигчин О.Дөлгөөн, Г.Амгаланбаатар, үнэгт жүжигчин Б.Одончимэг тоглоно. Харин анчин болон бусад туслах дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчид оролцон тоглох юм байна.
Мюзиклын үйл явдлаас товч танилцуулбал ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуугаа дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барин тэмдэглэхээр тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахаж буйгаар үйл явдал цааш үргэлжилнэ.
Тус мюзиклыг энэ өдрийн 11.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )