“Улаанбаатар“ олон улсын кино наадамд урьж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 01

Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-ний 19 цагаас Тэнгис кино театрт нээнэ.

Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн гурван киноны уран бүтээлээс бүрдэх “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг 2016 оны 10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.

Олон улсын кино хөтөлбөр 2016 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба  дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF -ээс авна уу.

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам-2016 урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top