Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлаар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 06

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлыг Засгийн газраас өнгөрсөн Даваа гаригт /2016.10.03/ томилсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ.

Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ.

  • Ерөнхий захирлын албан тушаалаа хүлээн аваад гурав хонож буй Ж.Хичээнгүйтэй товч ярилцлаа. Түүнд "ТОСК цаашид өмнөх үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх үү?", "Одоогийн байгууллагын дотоод бүтцээ өөрчилж, ажилчдынхаа дунд халаа, сэлгээ хийх үү" гэсэн асуултыг тавьсан юм.

Тэрбээр уг асуултад: 

-"Удирдах байгууллагынхаа бүтцийг Төрийн өмчийн хорооноос баталсан бүтцийн дагуу өөрчилнө. Гэхдээ одоогийн ажиллаж буй 80 гаруй хүний дунд халаа, сэлгээ бараг хийхгүй байх. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Түрээсийн орон сууц”  хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. “Буянт-Ухаа II” хороололд байр худалдаж авсан иргэдийн орон сууцны “ордер” буюу гэрчилгээний асуудлыг энэ сардаа багтаа шийдвэрлэж, Ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангана” гэсэн хариулт өглөө.

“Буянт-Ухаа II” хорооллын байрны “ордер” Хөгжлийн банкны барьцаанд байгаа аж.


ТОСК-ИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД АЖЛААС ХАЛАГДАХ МЭДЭГДЛЭЭ АВЧЭЭ

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр ТОСК өчигдөр /2016.10.05/ бүх нийтийн хурал хийсэн байна.

Хурлын үеэр тус байгууллагын 80 гаруй албан хаагчдын ихэнх нь ажлаас халагдах тухай даргын тушаал хүлээж авчээ.

ТОСК нь нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгууллага. Үүнээс 20 хүн нь гэрээт ажилтан юм.

Гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүй нийт төрийн албан хаагчдынхаа 35-ыг нь авч үлдэн, хамтран ажиллана гэсэн байх. Ингээд тооцвол төрийн байгуулагын халаа сэлгээ энэ долоо хоногт ТОСК-д үргэлжлэх бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top