Хатагтай Эмма Морано энэ сарын 29-д 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Эмма бол 1899 онд Италид төрсөн хүн. 120 орчим жил ямар нэг өвчин шаналалгүйгээр амьдарсан түүний амьдралын хэв маяг мэдээж хоол хүнстэй салшгүй холбоотой.
Чухам ямар хүнс хэрэглэдэг болоод өдий насандаа эрүүл саруул байгаа талаар мэдээлэл өгье. Эмма Морано 20 настайдаа анемия өвчний улмаас эмчийн зөвлөснөөр өдөрт гурван ширхэг өндөг идэж заншжээ.
Нэг чанасан өндөг, хоёр түүхий өндөг иддэг байсан бөгөөд 90 гаруй жилийн хугацаанд түүний идсэн өндгийг тоолж үзвэл 100 мянга хол давна. Тэрбээр залуу байхын маш бага иддэг байсан бөгөөд жимс, хүнсний ногоог ч мөн багахан хэмжээгээр иддэг байж. Өглөөний цайндаа хоёр түүхий өндөг, өдрийн цайндаа омелетт, оройн хоолонд тахиа. Энэ бол түүний хоолны дэглэм. Гэвч сүүлийн жилүүдэд тэрбээр ердөө хоёрхон өндөг иддэг болсон бөгөөд хааяа нэг жигнэмэг төдийхөн амтлах болсон гэнэ. Энэ тухайгаа Эмма өөр бусад хоол идэх шүд байхгүйтэй холбон тайлбарлах нь бий.
Өндөг бол уургийн хэмжээгээр өндөр бөгөөд нэг өндгөнд 75 гр калори, долоон гр өндөр чанартай уураг, таван гр өөх тос, 1,6 гр ханасан өөх тос байдаг.
Өнгөрөгч тавдугаар сард Эмма Морано Гиннесийн номонд хамгийн өндөр настай хүнээр бичигдсэн юм. 116 нас зургаан сар зургаан өдөр амьдарсан Сузанна Мушат Жонс хэмээх эмэгтэй тавдугаар сарын 12-д нас барснаар Эмма манай гарагийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон билээ.
Зөвхөн хооллолт гэлтгүй хүний амьдралын хэв маяг, тайван амгалан байдал зэрэг нь таны амьдрах хугацаанд томоохон байр эзэлдэг гэдгийг эмч нар хэлж байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )