Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр /2016.11.02/ АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, хатагтай Женифер Зимдал Галт, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илрэхийлээд, хоёр орны иргэд харилцан зорчих чиглэлээр мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг товч танилцуулаад, харилцан мэдээлэл солилцох хамтран ажиллах чиглэлд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн АНУ-аас Монгол Улсад зорчиж буй болон оршин суугаа иргэдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, эрх үүргийг нь таниулах эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтанд АНУ-ын элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П. Спэлберг, Гадаадын иргэн харьяатын газрын Дэд дарга Д.Түвшинтөр, Тамгын газрын дарга М.Төрбат, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, гадаад харилцааны мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, АНУ-ын ЭСЯ-ны ажилтан Ч. Туул нар оролцов.

Сэтгэгдэл ( 0 )