АН-ын дотоод зөрчил улам хурцдаж байна. Энэ нь мөнөөх л фракцуудын эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөн улам л далд хэлбэр рүүгээ бугшиж, тус намын ил фракцууд далд хэлбэрт шилжиж эхэллээ. Үүний нэг жишээ нь “Нэг ардчилал” фракц албан ёсоор татан буугдсан нь юм. Гэвч татан буугдсан гэдэгт нь үнэмшиж, энэхүү фракц алга болсон гэж ойлговол эндүүрэл болно. Татан буугдсан бол тус фракцийг бүрдүүлж байсан гишүүд нь хаана шингэсэн бэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж таарна. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Б.Пүрэвдорж, М.Чимэддорж, Д.Бадарсан зэрэг гишүүд аль фракцийн хатавч, хаяаг бараадсан бэ гэдэг нь сонирхол татаж байна.
Тэгвэл “Нэг ардчилал” фракцийн татан буугдсан гол шалтгаан нь дангаараа оршин тогтноод, үүгээрээ дамжуулан гишүүдийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй болсонтой шууд холбоотой. Бүр тодруулбал, энэ фракцад АН-ын дараагийн дарга болчих санаатай цөөнгүй гишүүн бий. Тэдний эрх ашгийг фракц нь хангаж дийлэхгүй, боломжгүй болсоон гэсэн үг. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нар АН-ын дарга болох битүүхэн хүсэл тээх болсон учраас хэн хэнд нь бусад фракцтай ойлголцох, тохиролцоонд орох шаардлага үүссэн хэрэг. Ингээд албан ёсоор фракцаа задаллаа. Энэ нь АН-ыг фракцгүй болгохын төлөө биш, гагцхүү бусад фракцаар өөр өөрсдийгөө дэмжүүлэх гэсэн зорилгоос үүдэлтэй гэж харагдаж байна.
Аль нэг фракцийн хүчийг нэмэгдүүлэхийн төлөө АН-д фракцийн задрал явагдаж байна. Өөрөөр хэлбэл, тус нам доторх фракциуд өөр хоорондоо урвалд орж эхэлжээ. Түүнээс биш фракцууд устаж эхэлж байгаагийн өчүүхэн ч илрэл байхгүй. Энэ нь өнгөрсөн хугацаанд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадалгүй хэдэнтээ хойшлуулснаар илэрсэн. Фракцуудын зодоон намын дотоодод битүү хаван үүсгэж, эрх ашгуудыг яг одоогийн фракцуудын хүчний харьцаагаар шийдэж хангаж чадахгүй байснаас тэр юм.
Уг нь З.Энхболд АН-ын дарга болсон даруйдаа өнөөдрөөс эхлэн фракцгүй нам боллоо гэж зарлаж байсан. Цаад санаа нь тухайн үеийн “Алтангадас” фракцийн хоншоорыг тас цохих зорилгоор хэлж байсан үг хэдий ч намын даргын хувьд дэвшүүлсэн бараг хамгийн анхны том тунхаг нь болсон. Гэтэл намын дотоод дахь фракцууд амь бөхтэй оршсоор байгаад зогсохгүй ноён даргын багалзуур дээр хутга шиг биш гэхэд тээг шиг тулж, амьсгалыг нь давчдуулсаар өнөө хүрсэн. Өдгөө Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний дийлэнх олонхийг “Алтангадас” фракц бүрдүүлдэг учраас нам доторх хөдөлгөөн, хүчний харьцаанд нэлээд өөрчлөлт орох шаардлага үүссэн байх талтай. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа бууснаас хойш тус фракцийн голлох нөлөө буурсан ч дахин чиг зааж эхлэх найдвар тээсэн хүчтэй дэмжлэг энэ фракцид байсан хэвээр. “Алтангадас”-аас гадна МоАХ, МҮДН, “Шонхор “Хөх тэнгэр”, “Чандмань” гээд олон фракц энэ намд бий. “Нэг ардчилал”-ын хувьд аль нэгэн рүү нь хүч хуваагдан шингэсэн нь тодорхой юм.
“Монголын ардчилсан нэгдэл” гэх фракц сүүлд мэндэлсэн ч Г.Батхүү, Л.Болд тэргүүтэй тус фракц амбицаа хүчтэй илэрхийлж буй учраас хүчний харьцаанд голлох нөлөө үзүүлж чадна. Ихэнх тохиолдолд нам дахь эрх мэдлийн хуваарилалтад оролцох гэсэн бүлэг улстөрчдийн сонирхлоос үүдэлтэйгээр фракц бий болдог. Энэ удаа фракцуудын зүгээс намын даргыг сонгоход үзүүлэх нөлөөгөө ашиглан улс төрийн тоглолт хийж байгаа. АН-ын гол фракцууд болох “Алтангадас”, МоАХ хоёрын хүч нэлээд суларсан. Гэхдээ л улстөрийн тоглолтууд тэдэнгүйгээр хийгдэхгүйг санах хэрэгтэй. Хүчний хуваарилалт МоАХ аль талд гарч зогсохоос илүү их хамаарах болов уу. Тэдний эсрэг талд З.Энхболдын тэргүүлсэн Ардчилсан холбоо, Шонхор фракц нүүдэл хийж байна. Гэвч энэ нь З.Энхболдын гэхээс илүү С.Эрдэнийн тоглолт болж хувираад байгаа. Тиймээс “Нэг ардчилал” фракц задарч, гишүүд нь аль фракц дээр хүч нэмж нэгдсэнээс хамаарч, АН-ын даргын төлөөх өрсөлдөөний эцсийн хариу шалтгаалах болов.
Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )
энэ Фракци энэ тэр хэнд хэрэгтэй юм, Бүлэглэж нийлж санаа нэгдсэн улсуудын хоорондоо хуйвалдаж идэж уух гэсэн БҮЛЭГЛЭЛ шүү дээ, Лав л Улс оронд гай л авчирана уу гэхээс ашиг тустай БҮЛЭГЛЭЛ лав биш,
Та нар АН-аа ийм хунд байдалд оруулчихаад ямар нуурээрээ дарга болох санаатай юм бэ? Одоо АН-аас хол байсан чинь олзий байх шуу.
Бөөснөөсөө салж чадахаасаа нэгэнт өнгөрсөн турж эцээд хатингиршсан Ардчилал гэж үгүй АН хөөрхий ...