Дэд сайд Б.Энхбаяр Маргарита Маллихийг хүлээн авч уулзлаа

2016 оны 11 сарын 03

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын бүсийн хөтөлбөрийн менежер хатагтай Маргарита Маллихийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага 2012 оноос Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус улсын хуулийн байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв. Мөн тэрээр тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байгааг тэмдэглээд төслийн үр дүнд хууль сахиулах байгууллагын алба хаагчдад зориулсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, гарын авлага бий болсон нь дээрх төрлийн гэмт хэрэгтэй ажиллаж буй алба хаагчдын ажлын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлж чадсаныг онцлов.

Түүнчлэн уулзалтын үеэр шинээр байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг танилцуулаад, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус яамны зүгээс цаашид гэрч, хохирогчийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх санал тавилаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top