Баян өв залгамжлагч бүсгүй гудамжинд гарсан түүх

2016 оны 11 сарын 03

Марианна Фридман-Фут бараг шөнө бүрийг Нью-Йоркийн Төв паркийн сандал дээр унтан өнгөрүүлж байгаа аж. Тэрхүү газраас ердөө ганц миль газарт буюу Парк-авеню-д түүний төрж өссөн, 10 сая долларын үнэтэй тансаг харш байдаг гэнэ.

63 настай Марианна хэзээ нэгэн цагт дээдсийн зиндааны бүсгүй байсан бөгөөд Манхэттен дахь нэхмэлийн үйлдвэрийн алдартай эзний ач охин байжээ. Тэрээр балетаар хичээллэн, нэр хүнд бүхий алдартай хувийн дунд сургуулийг төгссөн аж. Гэвч ээж нь нас барснаас хойш амьдрал нь орвонгоороо эргэж, гэр бүлийн эд хөрөнгө нь гарын салаагаар урсах мэт алга болсон байна. Дампууралд орсон эмэгтэй хар тамхины хамааралтай болж, эцэст нь, өнгөрөгч наймдугаар сард ямар ч орон гэргүй болж гудамжинд гарчээ.

 

 

“Би хүлээн авалтын том танхим бүхий тансаг харшид төрж өссөн хүн. Гэтэл одоо нэг иймэрхүү. Үнэхээр зүүдэнд ч оромгүй...” хэмээн Марианна New York Post-д ярилцлага өгөхдөө дурдсан байна. Тэрээр одоо нөхөр Фрэнкийн хамт Төв парк дахь усан цөөрмийн хойхно байрлан, эд зүйлсээ хогийн зориулалтын уутанд хадгалж, шөнө нь поролон матрас дээр унтдаг гэнэ.

 

 

Бүсгүй Парк-авеню дахь 940-р байшинд төрж өсчээ. Тэдний гэр бүл 370 метр квадрат талбай бүхий уран барилгын хийцтэй гоёмсог байшинд аж төрдөг байж. Одоо энэ байшин 10 сая долларын үнэлгээтэй болсон аж. Харин ээжийгээ нас барсны дараа энэ байшингаа ердөө л 3 сая доллараар зараад, мөнгөө эгч Жоржия-тай хамтран үрэн таран болгосон гэнэ. Тэд Манхэттен дахь даавуу үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч, алдартай баян Исидор Капланы ач охид байсан аж.

 

 

1971 оны төгсөлтийн зураг дээрээ Марианна урт үстэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн охин харагдана. Тэр Дээд Ист-Сайд дахь алдартай Калхун сургуульд бүжгийн урлагаар суралцаж байжээ. Түүнийг төгссөний дараа жил өвөө нь таалал төгсөн, харин ээж нь гэр бүлийн бизнесээ цөөн сая доллараар худалдсан байна.

Ингээд Марианна төрсөн гэрээ орхиж, Бостоны их сургууль төгсөн, анхны нөхөртэйгээ гэрлэжээ. Ингээд Жизель хэмээх охинтой болов. Гэвч 30-аад жилийн өмнө Холбооны мөрдөх товчоонд ажилладаг байсан түүний нөхөр ажлын шугамаар Нью-Йорк руу шилжсэн байна. Тэд Марианнагийн төрж өссөн районд эргэн ирсэн хэдий ч удалгүй салцгаажээ. Нөхөр нь Флорида руу бүрмөсөн явахдаа Жизель охиноо аваад явчихсан гэнэ.

Охиноо гурван настай байсан тэр цагаас хойш ахин огт хараагүй бөгөөд тухайн өдөр ямар хувцастай байсныг нь өнөөг хүртэл тодхон санасаар байгаа аж.

 

 

Марианна эгчтэйгээ ч холбоо тасран сэтгэл гутралд орсон байна. Тэрээр 40 гаруй настай байхдаа хар тамхинд орж, зургаан жилийн турш долоо хоногт дөрвөн удаа метадон хэрэглэж байжээ. Байшингаа зарсан 3 сая доллараа эгчтэйгээ хувааж авсаны дараа одоогийн нөхөр, барилгачин Фрэнктэй танилцан 2000 онд гэрлэж, Лонг-Айленд дахь Амитивилле-д байшин худалдаж авсан хэдий ч санхүүгийн хямралын үеэр орон гэрээ алдахад хүрсэн аж.

 

 

“Бид ээжийн мөнгийг яг л солиотой хүмүүс шиг үрэн таран хийж байсан” хэмээн Марианна дурсан ярьжээ. Ингээд нөхрийн хамт анх тэднийг танилцуулсан найз эмэгтэй Донна Элтингерийнд амьдардаг болсон байна. Найз нь элэгний хатуурал, уушигны хорт хавдартай байсан бөгөөд Марианна, Фрэнк хоёр түүнийг асардаг байжээ. Донна гурван жилийн өмнө талийгаач болж, тэд байранд нь амьдарч байсан хэдий ч өнгөрөгч наймдугаар сард байрнаасаа хөөгдсөн гэнэ.

 

 

Тэдний гомдлыг барагдуулахаар хөөцөлдөж буй өмгөөлөгч нь хотын эрх баригчид тэдэнд ямар ч байсан орон байр өгчих байх гэсэн горьдлоготой байгаа бөгөөд хэрэв парк дотор өвөлжихөд хүрвэл Марианна тэсч гарч чадахгүй хэмээн үзэж байгаа аж.

 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ундраа(103.10.22.155) 2016 оны 11 сарын 04

Буянаараа тоглосон тэнэг авгай хохь нь.

0  |  0
Top