АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн 180 градусын эргэлт

2016 оны 11 сарын 04

Улс төр гэдэг өөрөө хачин сонирхолтой "чөтгөрийн тойрог" юм. Бүр ойлгомжгүй ч юм шиг. Ийнхүү гайхах болсон нь учиртай. Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 өдрийг ардаа үдээд байна. Энэ хугацаанд төсөв хөрөнгийн байдал хүн бүрийн толгойг өвтгөсөн асуудал болж хувираад байгаа юм. Тэгвэл эдийн засгийн хямралтай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн хэмнэлтийн бодлогыг баримталсан. Эдгээрийн нэг нь хүүхдийн мөнгө юм. Гэхдээ хүүхдийн мөнгийг ор мөргүй хассан биш харин нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлэн мөнгийг нь өгөөд үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд нөхөн олгохоор шийдвэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл амжиргааны түвшин харьцангуй сайн гэж үнэлэгдсэн айл өрхийн хүүхдүүдийн мөнгийг Засгийн газар үнэт цаас хэлбэрээр хадгалж байгаад эдийн засаг сайжирмагц нөхөж олгохоор болсон юм. Хүүхдийн мөнгө  энэ оны 7 дугаар сараас эхлэн олгогдоогүй байсан. Үүнийг шинэ Засгийн газар гарч ирээд Хүний хөгжил санд 79.2 тэрбум төгрөг нэмэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлж 7-9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр олгоод байна.

Гэтэл үүнийг нь сөрөг хүчин болох АН-ынхан улстөржүүлж иргэдийн санаа бодлыг үймүүлж эхэллээ. Тодруулбал, АН-ын бүлгээс "Хүүхдийн мөнгийг бүхэлд нь олгох хэрэгтэй", "Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь хууль зөрчсөн үйлдэл" гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, чуулган дээр мэдэгдэл хийж байх юм. 

Тэгвэл УИХ-ын АН-ын бүлгийн дарга хийж буй С.Эрдэнийн яг жилийн өмнө буюу ХАХНХ-ын сайд байхдаа “Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно” гэсэн ярилцлага өгч байсныг сануулж байна. Тэрбээр ердөө жилийн өмнө "1-17 дугаар бүлэгт байгаа өрхийн хүүхдэд л хүүхдийн мөнгө шууд олгогдоно" гэж хэвлэлд ярилцлага өгөөд явж байсан байх юм. Тодруулбал, "...Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлж, оновчтой зөв бодлого болгон хэрэгжүүлье гэдэг зүйл яриад байгаа. Хэн нэгнийг ялгаварласан зүйл байхгүй. Ер нь төрөөс үзүүлж байгаа аливаа халамж үйлчилгээний бодлогыг хэрэгтэй хүнд нь өгье л дөө. Хэрэггүй хүнд өгч яах гээд байгаа юм, мөнгөний гарз шүү дээ...  Ер нь өмнөх жилүүдэд дандаа л хавтгайрсан халамжийг үзүүлж ирсэн. Бололцоотой айлын хүүхдүүдэд сарын 20 мянган төгрөг өглөө ч яалаа, байлаа ч яалаа..." гээд ярьсан баримт байх юм.

Гэтэл өнөөдөр УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж ярьж байгаа нь хэдхэн сарын өмнө өөрсдийнхөө ярьж байснаас 180 градус эргэчихээд байгаагийн илрэл юм. Улстөр гэдэг чинь ийм туйлбаргүй зүйл байдаг юм уу, аль эсвэл АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ярьсан хэлсэн бүхнээ мартчихдаг юм уу.

Ингээд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн IKON.MN сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

С.Эрдэнэ: 1-17 дугаар бүлэгт байгаа өрхийн хүүхдэд л хүүхдийн мөнгө шууд олгогдоно

А.ТӨГӨЛДӨР, IKON.MN

2015 ОНЫ 11 САРЫН 30

 Эдийн засгаас хямралаас үүдэн ирэх оноос хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ онд хүүхдийн мөнгөнд 256 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол саяхан батлагдсан 2016 оны төсөвт 144 тэрбумыг хүүхдийн мөнгөнд зориулахаар болжээ. 

Улсын хэмжээнд 0-18 насны 978 мянга орчим хүүхэд байдаг. Дээрх батлагдсан төсвөөр бол 978 мянган хүүхдийн 60 орчим хувь хүүхдийн мөнгө авахаар болоод байна. Тэгвэл айл өрхүүдийг хэрхэн ангилж хүүхдийн мөнгийг олгох болсон талаар ХАХНХ-ийн сайд С.Эрдэнээс тодрууллаа. 

-Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн мөнгийг 40 гаруй хувиар бууруулж, 144 тэрбумаар баталсан. Тэгэхээр нэлээд олон айл хүүхдийн мөнгө авч чадахгүй болох нь ээ? 

-Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлж, оновчтой зөв бодлого болгон хэрэгжүүлье гэдэг зүйл яриад байгаа. Хэн нэгнийг ялгаварласан зүйл байхгүй. Ер нь төрөөс үзүүлж байгаа аливаа халамж үйлчилгээний бодлогыг хэрэгтэй хүнд нь өгье л дөө. Хэрэггүй хүнд өгч яах гээд байгаа юм, мөнгөний гарз шүү дээ. 

Эхний 17 бүлэгт нийт хүүхдийн 83 хувь хамрагдаж байгаа

 Ер нь өмнөх жилүүдэд дандаа л хавтгайрсан халамжийг үзүүлж ирсэн. Бололцоотой айлын хүүхдүүдэд сарын 20 мянган төгрөг өглөө ч яалаа, байлаа ч яалаа. Бололцоотой айл хүүхдээ 20 мянгатай мянгагүй аваад явчихна. Гэтэл хүнд амьдралтай айлуудад хүүхдийн 20 мянга бол маш чухал байгаа. Амьдралд нь ч нэмэр болж байгаа. 

-Тухайн өрхийн амьдралд 20 мянган төгрөг хэрэгтэй, хэрэггүй яаж ялгах вэ. 760 мянга гаруй өрхийн хэд нь ирэх онд хүүхдийн мөнгө авах вэ?  

-Бүх айл өрхийг 20 категорит хуваасан байгаа. Эхний буюу нэн ядуу таван категори, арай гайгүйвтэр тав, түүний дараагийн буюу дундаж айл өрхүүдэд хүүхдийн мөнгө олгоно. 

Хамгийн сүүлийн гурав, өөрөөр хэлбэл чинээлэг гэж хэлж болох гурван бүлгийг чөлөөлөөд 1-17 дахь хэсэгт хүүхдийн мөнгийг олгох юм. Эхний 17 бүлэгт нийт хүүхдийн 83 хувь хамрагдаж байгаа. 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen Maart(46.149.119.176) 2025 оны 03 сарын 13

Ardchilsan niigemiin uls torchid ingej yarij bidnii mongiig khulgailj,deeremddeg yum baina daa.Ene niigemd gyaltaikh yum baina uu...

1  |  0
Top