Энэ эмэгтэйтэй сайн танилц...

2016 оны 11 сарын 05

Хиллари Клинтоныг АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хамгийн нөлөө бүхий эзэгтэй байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр өөрийн зорилго чиглэл, ач холбогдлыг сайтар ухамсарладаг бүсгүй бөгөөд найзуудынх нь тодорхойлсноор “тэр бол юу хүсч байгаа, түүндээ хэрхэн хүрэх арга замаа сайн мэддэг” эмэгтэй аж. Түүнийг нөхрөөсөө илүү ухаалаг, дөлгөөхөн, үгээ маш нарийн чамбай бодож ярьдаг хэмээн зарим нь дүгнэдэг. Түүнтэй ойр дотно байдаг хүмүүс хурц ухаан, хошин шогийн мэдрэмжийг нь өндрөөр үнэлдэг.

Тэрээр эдийн засгийн хувьд хэнээс ч хамааралгүй ба 1990 онд гэхэд, түүний жилийн орлого 190 мянга, 1993 онд 250 мянга болж,  тухайн үед амбан захирагч байсан нөхрийнх нь жилийн орлого дөнгөж 35 мянган доллар байсан аж. Клинтон хатагтай “Вол-Март”, “Лиз Клиборн” дэлгүүрүүд болон өөр олон байгууллагын хувьцаа эзэмшигч юм байна.

Хиллари Дайан Родэм Клинтон 1947 оны аравдугаар сарын 26-нд Чикаго хотод төржээ. 1965 онд Иллинойс мужийн Парк-Риж дахь дунд сургуулийг төгсөн, Уэлсли коллежид сурч байхдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байжээ. 1969 онд бакалаврын зэрэг аван, Йелийн Их сургуулийн хуулийн ангид элсэн орж, ирээдүйн нөхөр Билл Клинтонтой тэнд анх танилцсан байна. 1970 онд Хиллари нэгэн удаа номын санд урьдын адил сууж байтал нэгэн оюутан залуу түүнийг ширтээд салахгүй байгааг ажиглажээ. Тэрээр тэсэлгүй “хүүе, чи сонсож байна уу, хэрэв намайг харахаа болихгүй бол чам руу нуруугаа харуулж суулаа шүү. Эсвэл бид танилцах ёстой юу? Намайг Хиллари Родам гэдэг” хэмээн анх танилцаж байжээ.

1972 онд тэд хамтдаа ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллаас нэр дэвшсэн Жорж Макговернийн сурталчилгааны кампанит ажилд идэвхтэй оролцжээ. 1973 онд эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн зөвлөлийн хүүхдийн эрхийг хамгаалах фондод ажиллаж байв. Билл Клинтонтой 1975 онд гэрлэсэн ба удалгүй тэд Арканзас мужид шилжин ирж, Билл Клинтон улс төрийн карьераа эхлүүлсэн аж.

Хиллари 1975 оноос Арканзасын Их сургуулийн хуулийн факультетад багшлан, 1976 оноос Rose Law Firm хуулийн фирмд ажиллаж байжээ. 1978 онд ерөнхийлөгч Жимми Картер түүнийг Хуулийн үйлчилгээний Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон байна. Мөн энэ онд Билл Клинтон Арканзас мужийн амбан захирагчаар сонгогджээ. 1980 онд тэдний гэр бүлд Челси охин нь мэндлэв.

Мужийн тэргүүн хатагтайгаар 12 жил /1979-1981, 1983-1993/ болохдоо Клинтон авхай олон нийтийн үйл хэрэгт, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн эрхийн салбарын үйлст идэвхтэй оролцож байв. 1992 онд Билл Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад Хиллари хааяа сонгогчидтой хийж буй уулзалт дээр үг хэлэх шаардлагатай болоход Билл Клинтоноос илүү өргөн хүрээтэй ярин, нөхөр нь бус өөрөө нэр дэвшиж буй мэт зарим хүмүүст санагддаг байжээ.

Ингээд ерөнхийлөгчийн сонгуульд Билл Клинтон ялан, 1993 онд Хиллари нөхрийнхөө хүсэлтээр эрүүлийг хамгаалахын шинэчлэлийн зөвлөлийг удирдах болсон байна. Гэвч шинэчлэлийн төлөвлөгөө, уг албан тушаалын томилгоо зэрэг нь бүгд найрамдахчууд болон анагаахын үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс ширүүн шүүмжлэлд өртөн, жилийн дараа уг албан тушаалаас буухад хүрчээ. Гэлээ ч түүний анхааралд хөгжиж буй орнуудын хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хэвээр үлдсэн аж.

Арканзас мужид 1970-1980-аад оны үед Клинтоныхны оролцоотой үл хөдлөхийн үйл ажиллагаа явуулдаг байсан Whitewater компанитай холбоотой хэрэг 1994 онд үүсэхэд тэргүүн хатагтай нэг гол оролцогч нь болж байв. Мөн 1998 онд Билл Клинтон Цагаан ордны дадлагажигч Моника Левинскитэй холбогдсон сенсааци дэгдэн бөөн шуугиан үүсэх үед Хиллари нөхөртөө сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, түүнээс салж хагацахыг огтхон ч хүссэнгүй. Энэ талаар зарим шүүмжлэгчид өөрийн улс төрийн зорилгын улмаас тийм үйлдэл гаргаагүй хэмээн дүгнэж байв. 

Хиллари Клинтон өөрийн бичсэн “Living History” номондоо нөхрийнхөө Левинскитэй “учир ургуулсныг” нийтэд илчлэгдэхээс нь арай өмнөхөн мэдсэн ба энэхүү харьцааг “түр зуурын самуурал” хэмээн үзэж, нөхрөөсөө салах талаар огтхон ч бодоогүй тухай бичжээ. Түүний энэхүү тэвчээртэй, ухаалаг байдал тухайн үедээ америк бүсгүйчүүдэд үлгэр дууриал болж байв.

2000 онд Хиллари Нью-Йорк мужаас Сенатад ардчилсан нэр дэвшигчээр тодрон, юуны түрүүнд Нью-Йоркийн захирагч Рудольф Жулиантай халз тулгарах нь гарцаагүй болов. Гэвч гол өрсөлдөгч нь өвчний улмаас тойргоос гарч, Хиллари бүгд найрамдахч Рик Лациог сонгуульд ялсан байна. Тухайн үед ажиглагчдын тэмдэглэж байснаар, Хиллари Клинтоны улс төрийн хөтөлбөр бүгд найрамдахчууд болон зарим нэгэн ардчилагчдын зүгээс дэмжлэг хүлээхгүй байв /ялангуяа ерөнхийлөгч Жорж Буш болон Иракийн эсрэг цэргийн хүч хэрэглэх төлөвлөгөөг дэмжиж байсан түүний захиргааныхан/. Тэгээд ч Хиллари Клинтон 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллаас нэр дэвших хамгийн магадлалтай хүнд тооцогдож байв.

2006 оны арваннэгдүгээр сарын 7-нд Хиллари Клинтон бүгд найрамдахч Жон Спенсерийг ялан, ахин Сенатад сонгогдов. Түүний амжилтыг ажиглагчид ерөнхийлөгчийн сонгуулийн замаа засаж байна хэмээн үзэж байлаа. 2007 оны нэгдүгээр сарын 20-нд Хиллари ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа албан ёсоор зарлажээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд түүний хамгийн гол өрсөлдөгч нь сенатын гишүүн Барак Обама байсан ба тэрээр түүнийг ялан нэр дэвших эрхтэй болсон байна.    

2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялсны дараа Хиллари Клинтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал санал болгон, 11-р сарын 21-нд Хиллари Клинтон зөвшөөрч, 12-р сарын 1-нд Барак Обама албан ёсоор зарласан билээ.

Хиллари Клинтоны ажлын эхний өдөр буюу 2009 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар түүний өрөөнд очих үед тэрээр шинэ тусгай элчүүдийг томилсон талаар мэдэгджээ. Сенатын гишүүн асан, ардчилагч Жорж Митчелл Ойрхи Дорнодын энхийг зохицуулагчаар, Афганистан, Пакистаны тусгай элчээр Билл Клинтоны захиргааны үед НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч байсан Ричард Холбрукийг томилсон аж.

Хиллари Клинтон нэгдүгээр сарын 20-нд Барак Обамаг тангараг өргөсний дараа ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтэйгээ мэдэгдсэн ба түүний залгамжлагчаар НҮБ-ын суурин төлөөлөгч Сюзан Райс, Массачусетс мужийн сенатын гишүүн Жон Керри нар яригдаж байгаад Райсын зүгээс татгалзан, Обама Керриг дэвшүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба эмэгтэйчүүдийн албан тушаал мэт сэтгэгдэл төрөхөөр томилгоо хийгдэж байлаа: Колин Пауэллагийн дараа Кондолиза Райс, тэгээд Хиллари Клинтон гэх мэт.  

Зарим шинжээчдийн дүгнэж буйгаар, АНУ-ын Төрийн департментыг Хиллари Клинтон толгойлсон дөрвөн жилд гойд онцгой амжилт олоогүй гэж үзэж байлаа. Обама Нобелийн энхтайвны шагнал авснаас хойш гойд сүртэй зүйл болоогүй, Обамагийн багийнхан арабын ертөнцөд болсон бүх зөрчлүүдэд тийм ч амжилттай оролцож чадаагүй.  Тэд зүгээр л хийх ажлаа хийцгээж байсан, өөр гойд зүйл байгаагүй хэмээн үнэлэн цэгнэж байв.

Харин 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигчээр тодорч байгааг дэлхий нийт харсаар байна. Тэрээр АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байгаа билээ. Түүний улстөрийн карьерын хувь заяа 3-хан хоногийн дараа буюу 2016 оны 11-р сарын 8-ны өдөр шийдэгдэнэ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top