Сахиусан биш “Сахиулсан тэнгэр” нэртэй шинэ кино энэ өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна. Нэрнээсээ эхлээд л үзэгчдийн дунд таавар дагуулсан киноны нэр нь бие хамгаалагч гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл Монгол хүн бүр өөрийгөө хамгаалах сахиустай, тэр нь биднийг үргэлж хамгаалж байдаг. Мөн биднийг дээд тэнгэр мөнхөд харж ивээж байдаг. Энэ хоёрыг нэгтгээд “Сахиулсан тэнгэр” гэж нэрлэх болсон тухайгаа уран бүтээлчид нь нээлтийн үеэрээ тайлбарласан юм. Кино нь залуусын хайр дурлал, адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлжээ. Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, “Цагаан буга” фильм продакшнд бүтээжээ.
Харин киноны гол дүрийг залуу жүжигчин Ш.Энхжаргал, Б.Золжаргал нар бүтээсэн юм. Нэгэн цагт “шөнийн хунтайж” гэгдэж явсан Энхжаргал нь олон ч дэлгэцийн бүтээлд орлон тоглогчоор оролцсон киноныхны хувьд хуучин “партизан”-уудын нэг. Тэрээр хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч экшн төрлийн кино хийх хүсэлдээ хөтлөгдөн “хүч сорьсон” нь энэ ажээ.Түүний үзэж буйгаар 80 хувьд хүрэхүйц сайн уран бүтээл болсон хэмээн дүгнэсэн юм.
Харин киноны гол дүрийг бүтээсэн Б.Золжаргал бүсгүйг үзэгчид “Хойморт өнжих нар”, “Замбуулин дуусах болоогүй” зэрэг телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосноор нь хэдийнэ танил болсон. Дэлгэцийн бүтээлд шинэ нүүр царай болж буй, царайлаг бүсгүй энэ кинонд тоглохын тулд шөнөөр голын хүйтэн усанд орж, өндөр байшингийн дээврээс үсрэх гэхчилэн амь өрссөн хэцүү хэсгийг зураг авалтыг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэжээ.Тиймдээ ч амьдралдаа үзээгүй юмаа үзлээ хэмээн дуу алдсан нь бий.
Сэтгэгдэл ( 0 )