Монголын рок, попын ертөнцөд “Будаггүй уруулын амт” нэртэй дуугаараа хэзээ ч үл мартагдах өөрийн тамгаа тавьж чадсан дуучин бол Сэнгэноровын Бичүү. Түүний гаргасан дуу болгон хит болж, чанартай, чансаатай дуучин хэмээн үнэлэгддэг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Учир нь тэрээр ганц дуу гаргаад мартагдах биш хүмүүсийн сэтгэл зүрхэнд, тархинд хүргэхийг эрхэмлэж, хамгийн чадварлаг хүмүүстэй хамтарч ажилладаг. “Будаггүй уруулын амт” тоглолт, “Хайр-2007”, “My Album” зэрэг цомог түүнийх. Харин гайхалтай хайрын дуунуудаараа тэр Монголын эстрадын урлагт тодоос тод од болж нэгэнт чаджээ. Ингээд түүнтэй цөөхөн хором ярилцлаа.
- Сүүлийн үеийнх нь уран бүтээлийн талаар яриагаа эхлье дээ?
2016 он гарсаар “Хайртай гэж хэлээч”, “Намайг сонс” гээд хоёр уран бүтээлээ цацаад байна. Энэ хоёр дуу маань тун амжилттай болж, хүмүүсийн сонсох дуртай дуу болсонд их баяртай байна. Тэр дундаа “Намайг сонс” хэмээх дууг маань хүмүүс бие биедээ зориулж захиалдаг болсон байна. Би Хөгжмийн зохиолч Аранзаа ахтай олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Бид хоёрын ээлжит нэгэн уран бүтээл болох “Зоргол нүдэн минь” хэмээх сайхан аялгуутай дуугаа бэлэн болгоод байна. Шинэ оноос өмнө 10 дуутай цомог гаргая гэж бодож байсан ч арай л амжсангүй. Тэгэхээр он гаргаад гурав дахь бид даасан цомгоо гаргахаар төлөвлөөд байна. “Зоргол нүдэн минь” дуугаа хайрын баяраар цацна. Уран бүтээлийн хувьд ийм л байна даа.
- “Зоргол нүдэн минь” дууны үгийг хэн бичсэн юм бэ?
Энэ дууны маань шүлгийг бичсэн эзэн нь олддоггүй ээ. Аранзаа ахад нэг залуу дуу болгож өгөөчээ гээд маш олон шүлэг үлдээсэн юм билээ. Тэр дундаас энэ шүлэгний утга агуулга надад таалагдсан учраас дуу хийе гэж бодсон. Хамгийн гол нь энэ шүлэгнийхээ эзнийг олох хэрэгтэй. Ханьдаа зориулаад маш сайхан шүлэг бичсэн байна. Тэр болгон хүмүүсийн сонгож аваад байдаггүй үгнүүд орсон байсан.
- Дууны нэр ч бас тун өвөрмөц юм. Зоргол нүд гэж яг ямар нүдийг хэлдэг юм бэ?
Харин тийм. Би энэ талаар судалж үзсэн л дээ. Хоёр настай бугыг зоргол гэдэг юм билээ. Маш гоё нүдтэй амьтан байдаг. Түүнийг л бүсгүй хүний нүдтэй зүйрлүүлж, чи минь сайхан шүү гэж хэлж байгаа юм байна гэж ойлгосон.
- Таныг хүмүүс “Хайрын дууч” гэж нэрлэдэг. Цаашдаа ч бас бүсгүй хүнийг магтан дуулж, хайрын тухай дуулсаар л байх уу?
Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахтай хамтраад “Аав шигээ л аав болохсон” гэсэн нэртэй нэгэн сайхан дуу хийхээр ажиллаж байна. Эр хүн бүр л аав шигээ болохсон гэж хүсдэг. Би ч бас аав шигээ аав болмоор байна. Дууны маань үгийг Х.Соёмбо бичсэн. Мөн дараа дараагийн уран бүтээлээ хөнгөн гэхээсээ илүүтэй хүмүүст нөмөр нөөлөг болсон, залуучууддаа үлгэр дууриал болохуйц уран бүтээл хийх юмсан гэж зорьж байна. Мэдээж ийм уран бүтээл хийхийн тулд сэтгэлийн хөөрлөөр хандалгүй, бодох хэрэгтэй болдог. Жишээлбэл, “Зоргол нүдэн минь” гэдэг дуун дээрээ би маш удаан ажиллаж байна.
- Хөгжмийн зохиолч Аранзаатай та дөнгөж анхны уран бүтээлээ туурвиж эхлэх үеэсээ хойш хамтарсан. Тэгэхээр та хоёр нэг нэгнээ их сайн мэдэрдэг бололтой?
Тийм, бие биенийгээ мэдрэх гэдэг зүйл байна. Хэдийгээр маш олон хүмүүстэй хамтарч ажиллах шаардлага гардаг ч хамгийн их бие биенээ ойлгож, мэдэрч чаддаг хүн бол Аранзаа ах. Бид хоёр хамтдаа 10 гаруй уран бүтээл дээр ажилласан. “Өөрийн бүхнээ”, “Нууцхан гуниг”, “Ахиж би дурламааргүй байна”, “Намайг сонс” гээд л. Мөн миний “Будаггүй уруулын амт” дууны шинэ аранжировшик гээд л олон зүйл дээр хамтарч ажиллаа. Бичүү ийм байх ёстой, Бичүүгийн өнгө аяс энэ гэж тодорхойлж чаддаг ганц хүн юм уу даа.
- Уран бүтээлч хүмүүсийг үзэгч, сонсогчид үргэлж шинэчлэгдэж, хувьсаж байхыг хүсдэг. Харин түүний дараа шүүмжлэл, магтаал аль, аль нь л ирдэг байх?
Уран бүтээлч хүний жинхэнэ шүүлтүүр нь ард түмэн шүү дээ. Хамгийн гол нь хүний зүрх сэтгэлээс гарсан уран бүтээл аяндаа хүнд таалагдаж, хүрдэг юм болов уу гэж бодох болсон. Тухайн үедээ хүмүүст тийм ч таалагдахгүй байж болох ч олон жилийн явцад хэр чанартай байсан бэ гэдэг нь харагддаг. Мартагддаггүй гэх юм уу даа. Жишээлбэл, “Будаггүй уруулын амт” дуу 2004 онд гарсан. Энэ 12 жилийн хугацаанд хүмүүст мартагдсангүй, одоо хүртэл сонссоор л байна. Тэгэхээр яг зүрх сэтгэлээ мэдрээд, шингээгээд гаргачихсан уран бүтээл бусдаас арай урт настай байдаг юм байна. Үүнийг ойлгосон болохоор уран бүтээлээ чанартай байлгах тал дээр илүү ажилладаг болсон.
- Таныг эрт амьдрал зохиосон, гэр бүлээ нууцалдаг гэх зэргээр хүмүүс ярьдаг?
Яг ч нууцлаад байдаг зүйл байхгүй л дээ. Би хоёр сайхан охинтой, гэр бүлтэй хүн. Айл гэрийн ноё нуруу, аав хүн байх, дээрээс нь ажил, уран бүтээл гээд л бүгдийг амжуулж, зохицуулах гэж хичээж байна. Гэхдээ хувийн амьдралаа олон нийтэд дэлгэж, ил байлгахыг хүсдэггүй. Энэ бол миний л амьдрал.
- Та жаахан байхаасаа л урлаг уран сайхан гэж явсан хүн. Бас таныг Камертоны “улаан фен” байсан гэлцдэг юм билээ?
Тэгэлгүй яахав, тухайн үед шинэ өнгө төрх, шинэ гэсэн зүйлүүдийг “Камертон” хамтлаг анх авчирсан гэж би боддог. 90-ээд оны рок, попын урлаг бол агуу. Хөгжил, дэвшил жинхэнэ явагдаж байсан. Тэр дундаа дөрвөн хоолой салгалт гээд л үнэхээр шинэлэг байсан. Хэдийгээр би хөдөөний хүүхэд байсан ч шинэ зүйлүүдийг сонирхдог, тэр хамтлагийн “улаан фен” байлаа. Даанч хотод ирж тоглолтыг нь үзэж чадахгүй болохоор дууг нь дагаж дуулдаг, голдуу Камертоны дууг дуулж нутаг орныхоо тэмцээн уралдаанд оролцдог байсан.
- Уран бүтээлч хүмүүсийг их сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж ярьдаг. Жишээлбэл, та бухимдлаа яаж илэрхийлдэг вэ?
Маш хурдан уурлаад, хурдан гарчихдаг. Их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Сэтгэл догдлуулсан зүйл үзээд, уншихаараа уйлна.
- Хамгийн сүүлд хэзээ уйлав?
Фэйсбүүкээр нэг Аавын тухай бичлэг үзээд уйлсан юм байна. Тухайн үед аавыгаа оронд нь тавьж бодоод, төсөөлөөд уйлсан. Ер нь урлагийн хүмүүс их уяхан байдаг ш дээ. Аливаа зүйлд амархан баярлана, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлнэ.
- Аав тань бурхан болчихсон юм уу?
Тийм ээ, намайг оюутан, уран бүтээл гаргаж эхлээгүй байхад бурхан болсон. Тиймдээ ч зарим зүйл дээр их харамсалтай санагддаг. Хэрвээ одоо байсан бол манай гэрээс салахгүй, намайг хаана л явна хамт явж байх байсан болов уу гэж боддог юм. Учир нь надад дэндүү амь байсан. Миний аав л намайг өөрийн гараараа хөтөлж, урлагт оруулсан хүн. Ерөөлч, магтаалч болгоно гэж авч явдаг байлаа. Галшарын магтаалыг зохиосон Агваанжамбал гуайд шавьж оруулж, заалгаж байсан. Тоглолт боллоо гэхэд хамгийн урд суучихсан, нүдэндээ нулимс цийлэгнүүлээд л үзээд сууж байдаг байсан. Тэгэхээр надад их л найдлага тавьдаг байсан байгаа юм. Намайг өнгөрсөн ч энэ л миний нэрийг гаргаж явах хүүхэд дээ гэж гэрийхэнд маань ярьдаг байсан гэсэн. Тэр үгийг нь одоо бодохоор улам л ойлгож, ухаарч байна даа.
- Таны ааваасаа авч үлдсэн хамгийн сайхан чанар юу вэ?
Хүн болгоны аав ээж хүүхэддээ худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэж хэлдэг. Миний аав ч бас ухаантай, хүнд тустай байгаарай гэж хэлдэг байсан. Мөн нэг удаа “амьдрал бол боть ном юм, үүнийг уншиж, мэдрэхийн төлөө хүн бүхий л зүйлээ зориулах ёстой” гэж хэлж байсан. Би одоо дөнгөж л энэ номыг уншиж эхлээд, ойлгохын төлөө явж байна. Ер нь аав хүний ухаан гэдэг агуу. Тийм болохоор би аав шигээ л аав болмоор байна.
- Таны нэр их содон. Аав тань өгч байв уу, ер нь ямар утгатай юм бэ?
Тийм ээ, аав маань өгсөн гэсэн. Хүүхэд байхдаа өөрийнхөө нэрнээс их ичдэг байлаа. Харин аав маань миний хүү том болохоороо ойлгоноо л гэдэг байсан. Саяхан хүнээс асууж үзэхэд “өргөн уудам, хязгааргүй сэтгэх” гэсэн утгатай юм билээ. Тэгэхээр надад их л зүйл бодож байж энэ нэрийг өгч дээ гэж бодогдсон шүү.
- Урлагийн хүн цаг зав багатай байдаг. Та гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна уу?
Өөрийнхөө чадах хэмжээнд цаг заваа зарцуулахыг хичээдэг. Гэр бүлийнхээ хүнтэй ярилцана. Мөн миний уран бүтээлийн хамгийн том зөвлөгч, дэмжигч байж чаддаг. Тэгэхээр ганц уран бүтээл гаргасан ч хамгийн түрүүнд гэр бүлдээ сонсгож, тэднийхээ үгийг сонсохыг хүсдэг. Хамгийн гол нь л гэр бүл. Гэр бүлээ л анхаарч, цаг зав гаргаж чадахгүй бол ажил, уран бүтээл сайн урагшлахгүй шүү дээ. Би бусдад зааж сургаад байхаар өндөр наслаагүй байна. Гэхдээ миний бодлоор хүмүүс хүүхдүүдээ хэтэрхий багад нь эрхлүүлээд, хүнээс үг даах чадваргүй болгоод өсгөчихжээ. Тэгээд л бие биенийхээ үгийг сонсож, дааж чадахгүй болсон байна. Уг нь бие биенээ дэмжээд, хүндлээд, нэг нэгийнхээ үгийг даагаад сурчихвал энэ амьдрал улам л сайхан болох байх гэж боддог юм.
- Таны охиддоо үлдээж чадах хамгийн том өв юу вэ?
Намайг дурсаж явах хамгийн том бүтээлүүд минь л байх. Түүнээс биш эд хөрөнгө, байшин барилга биш л дээ. Тээрээс нь би тэгтлээ хөгширчихөөгүй байна. Сайн сайхан зүйлүүд үлдээхийг хичээдэг. Хамгийн гол нь сайн хүмүүжил, боловсрол, ёс жудагтай болгож өсгөхийг л хүсч байна даа.
- Монголын эстрадын урлаг таны дөнгөж орж ирж байх үеэс юугаараа өөрчлөгдөв?
Намайг дөнгөж хөл тавьж байх үе буюу 2000, 2004 мөн 90-ээд оны үеийн эстрад гэж нэрлээд байгаа Монголын рок, попын урлаг дэндүү гоё, эрчтэй хөгжиж байжээ. Одоо жаахан тиймхэн болчихож. Тиймхэн гэдэг нь хэт их стиль, имиж, хэв маяг хөөцөлддөг болчихож. Түүнээс дууныхаа үг, аялгуунд анхаарахаа больсон байна. Бид ямар түүх соёл, заншилтай оронд амьдардаг билээ, энэ бүгдийгээ уг нь анхаарах л хэрэгтэй байгаа юм.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )