Аварга биет бүсгүйн цогцсыг судалжээ

2016 оны 11 сарын 16

XIII зууны үед амьдарч байсан таамаглал бүхий нэгэн үлэмж том биетэн эмэгтэйн цогцсыг судалсан дүнгээ Польшийн эрдэмтэд танилцуулсан тухай The Daily Mail-д мэдээлсэн байна.

215,5 см өндөртэй энэ бүсгүйн цогцсыг 1977 онд Польшид дундад зууны үеийн сүмийн туурийг ухах үед олсон аж. Ингээд өнгөрсөн хугацаанд хийгдсэн олон жилийн задлан шинжилгээний дүгнэлтийг одоо танилцуулж байгаа юм байна. Уг бүсгүйн хэн болохыг нарийн тогтоож чадаагүй ч үхлийн шалтгааныг нь харин нарийн тогтоож чаджээ.

Түүний биеийн өсөлт өнөөгийн хэмжүүрээр ч агууд тооцогдохоор. Ясыг нь судалж шинжлэхэд уг эмэгтэй хэт өсөлтийн эмгэгээр шаналж байсан нь тогтоогдсон байна. Энэ нь өсөлтийн гормон хэт ихээр ялгарахтай холбоотой юм.

Бүсгүй нэлээн залуу насандаа талийгаач болсон бөгөөд нуруу нь бөгтийн, гар хөлийн хугаралтай байсан аж. Түүний яс ихээхэн сийрэгжилттэй байсан учраас биеийн массаа даалгүй хугардаг байсан талаар эрдэмтэд нотолжээ. Мөн үүнээс гадна, уг бүсгүй олон тооны өвчинтэй байсан нь түүнийг үхэлд хүргэсэн бололтой.

Энэ нь нээж чадсан зөвхөн ганц л нууц нь бөгөөд хувь хүн талаасаа хэн байсан нь оньсого хэвээр байсаар. Түүний цогцсыг Эрэлхэг Болеслав хааны үеэс дээдсийн төлөөллийг оршуулдаг байсан газраас олсон аж. Тэгээд ч түүнийг доод давхаргад харьяалагдах ямар ч эд мөрийн баримтыг булшнаас олоогүй юм байна.

Түүнээс гадна, толгойг нь зүүн зүгт чиглүүлэн, гар хөлийг нь нугалсан байдалтайгаар оршуулсан байж. Бусад талийгаачдын цогцсууд болохоор бүгд толгой нь баруун зүгт чиглэсэн, гар хөлийг нь тэнийлгэсэн байдалтай байжээ. 

Д.Мөрөн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top