Оньсого мэт хачирхалтай үзэгдлүүд

2016 оны 11 сарын 16

Биднийг хүрээлэн буй ертөнцөд тайлагдашгүй зүйлс их. Үүнтэй холбоотой зарим үзэгдлийг сонирхуулья.

 

 Тариан талбай дахь тойргууд

 

Хөдөө аж ахуйн газар тариалангийн талбай дээр дүрслэгдсэн геометрийн төрөл бүрийн дүрсүүдийг зөвхөн өндрөөс харах боломжтой аж. Эдгээр дүрсүүдийг тэмдэглэсэн хэсэг газрын өвс ногоо огт гэмтээгүй бөгөөд нэг тал руугаа жаахан налсан байдаг аж. Иймэрхүү төрлийн дүрслэлүүд 1970-аад онд Англид ихээхэн тохиолдож, олны анхаарлыг татаж байжээ. Хэрхэн энэ дүрсүүд үүссэн талаар олон янзын таамаг байдаг ч алийг нь ч нотлоогүй юм байна.

 

 Тунгусын солир

 

 

1908 оны зуны нэгэн өглөө 07 цагийн орчимд Дорнод Сибирийн нутаг дэвсгэр дээр, Тунгуска голын хавьд байгалийн ер бусын үзэгдэл тохиолджээ. Араасаа гэрэл цацруулсан тэнгэрийн биет асар хурдтай явж байхыг орон нутгийн оршин суугчид харсан байна. Унаж буй биетийн дуу шуугиан уг газраас хэдэн мянган км алсад ч сонсогдсон гэнэ. Цохилтот долгион тэр хавийн байшингуудын цонхны шилийг хагалж, моддыг үндсээр нь булгалжээ. Хожим нь эрдэмтэд үүнийг асар том солир унасан хэмээн таамагласан ч ямар нэгэн нотлох баримт олоогүй аж.

 

 Розуэлийн хачирхалтай биет

 

Америкийн Розуэлл хотоос холгүйхэн нэгэн өвөрмөц сансрын хөлөг сүйрчээ. Хэрэв Америкийн цэргийн агаарын хүчний албан ёсны мэдээллээр бол, энэ биет нь нууц төслийн хүрээнд ашиглаж байсан цаг уурын зонд гэжээ. Гэвч энэхүү биет үл мэдэх нисдэг зүйлсийг судалдаг хүмүүсийн анхаарлыг ихэд татан, энэ үзэгдэл дээр үндэслэн хэд хэдэн кино бүтээгдсэн билээ.

 

 “Мария Целеста” дарвуулт хөлөг

 

Манай дэлхий дээр тохиолдсон хамгийн оньсого мэт зүйлсийн нэг нь “Мария Целеста” хөлгийн экипаж алга болсон явдал юм. 1872 онд аялалд гарснаасаа дөрвөн долоо хоногийн дараа дарвуулт хөлгийг өөр нэг хөлөг онгоц олсон байна. Түүн дээр ямар ч зорчигч, хөлгийн багаас хэн ч байсангүй. Хөлгийн байдлаас харахад, ямар нэгэн салхи шуурганд өртөөгүй бөгөөд ямар ч гэмтэлгүй байсан аж. Хүмүүсийн хэрэглэж байсан хувийн эд зүйлс бүгд байрандаа байсан гэнэ.

 

 “Түлээ хагалагч” буюу Жек-Потрошителийн хэрэг

 

Олон тайлагдаагүй түүхүүд аллагатай холбоотой байдаг. Иймэрхүү түүхүүдийн нэг жишээ нь, өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа  Жек-Потрошителийн хэрэг юм. 1918-1919 онд Шинэ-Орлеан хотод “Түлээ хагалагч” нэртэй цуврал алуурчин гарч иржээ. Тэрээр түлээ хагалдаг сүх ашиглан гэмт хэргээ үйлддэг байв. Золиос болох хүнийхээ гэрийн хаалгыг сүхээр хэмх цохиж ороод нөгөөдхөө бас сүхэддэг байж. Харин цуврал аллага гэнэт эхэлсэн шигээ гэнэт зогссон байна. Хэв журам сахиулагчид энэ хэргийг илрүүлэхийн тулд бүхий л хүчээ дайчилсан боловч яагаад ч илрүүлж чадаагүй аж.

 

 Сомертон наран шарлага дээр тохиолдсон явдал

 

1984 онд Австралийн Сомертон наран шарлага дээр нэгэн үл мэдэх эрэгтэйн цогцос олджээ. Уг эрүүгийн хэргийн мөрдөн шалгалт ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд өнөөг хүртэл илрээгүй байсаар. Энэ түүх олон нийтийн анхаарлыг машид татсан хэдий ч хагас зууны туршид уг эрэгтэйн хэн болох, түүний үхлийн шалтгаан юу болохыг огт тогтоож чадаагүй байна. Уг эрэгтэйн цогцосны дэргэд: “Tamam Shud” хэмээх нууцлаг бичиг бүхий жижиг цаас л байсан аж.

 

 Кыштымийн одой хүн

 

1996 оны зун Челябинск мужид нэгэн тэтгэврийн эмгэн маш сонин амьд биет олжээ. 30 см өндөртэй энэ биетийн хуруунууд сарвуутай, бүх бие нь үсээр бүрхэгдсэн байж. Настай эмэгтэй түүнийг өсгөхөөр шийдэн, Алёшенька гэдэг нэр хүртэл өгсөн байна. Харин хэсэг хугацааны дараа Алёшенька нас барсан гэнэ. Түүний хатсан цогцсыг цагдаагийнхан олсон боловч дараа нь оньсого байдалтайгаар алга болчихсон аж.

 

Нумын ордноос ирсэн нууцлаг дохио

 

1977 онд АНУ дэлхийн бус биетүүдээс ирж буй дохиоллыг сонсох төсөл хэрэгжүүлжээ. Радиотелескоп Нумын ордноос ирж буй гариг хоорондын дохиог тэмдэглэж авсан байна. Ингээд тэдгээр бүлэг тэмдэгтүүдийг тайлж унштал “Wow!” гэсэн үг болсон бөгөөд уг дохиог энэ үгээр нэрлэсэн аж.

 

 “Мальборо” хөлөг онгоц

 

1890 онд туршлагатай ахмад, 30 усан цэргийн хамт Британийн усан боомтоос Шинэ Зеландыг чиглэн 75 хоногийн аялалд гарсан байна. Хөлөг онгоц зогсоолдоо хүрээгүй учраас түүнийг Хорн хошууны хавьд далайн шуурганы улмаас живсэн гэж таамагласан аж. Харин 23 жилийн дараа худалдааны хөлөг онгоцны усан цэргүүд алга болсон хөлгийг Галт газрын эргээс холгүй олсон байна. Хөлөг дээр тэд гарч харахад, илжирч муудсан хувцасны тамтаг бүхий 20 усан цэргийн цогцос суудал дээрээ байсан бөгөөд тухайн үед цаг агаар муу байсны улмаас “Мальборо”-г чирж явж чадаагүй, тэр цагаас хойш “сүнстэй хөлөг онгоц” ахин олдоогүй аж.

 

 Дятловын багийн нууцлаг үхэл

 

1959 оны нэгдүгээр сард туршлагатай аялагч Игорь Дятловоор удирдуулсан Политехникийн дээд сургуулийн залуу аялагчдын баг Уралын нурууг зорьжээ. Тэд 350 км замыг цанаар туулах ёстой байв. Аяллын төгсгөлийн цэгт хүрэнгүүт тэд хоноглохоор болсон бөгөөд тэнд ямар нэгэн аймшигт зүйлтэй тулгарсан бололтой. Айсан аялагчид майхнаа дотор талаас нь зад зүсээд гарч, тал тал тийшээ зугатсан аж. Хожим нь тэдний цогцсыг хоноглохоор буудалласан газраас нь нэлээн хол зайд олсон байна. Тэдгээр 9 хүнд тохиолдсон аймшигт явдлын учиг өнөөг хүртэл тайлагдаагүй бөгөөд энэ сэдвээр олон тооны ном, кино бүтээгдсэн аж. 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(203.91.115.42) 2017 оны 03 сарын 01

ter tulee hagaldag aluurchin chin ooroo bas l hun ym chin zolgui baidlaar nas barchihsan l bna l daa tegeed l genet allaga zogoschihson baihgui yu

0  |  0
Top