Бяцхан үрсийн хамгийн анхны хоол жимс болон ногооны нухаш, каш байдаг билээ. Хамгийн чанартай, эрүүл, химийн ямар нэгэн хольц байхгүй гэдгээрээ алдартай “Гербер” брэндийн бүтээгдэхүүнийг өхөөрдөм бяцхан хүүхдийн зурагтай шил саваар нь бид төвөггүй таньдаг.
Тэрхүү зургийн эзэн болох Энн Төрнер Кук энэ сарын 20-д 90 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Энн 1928 оноос эхлэн маш алдартай болсон байдаг. Түүнийг дөрвөн сартай байхад нь эцэг эхийнх нь танил нэгэн эмэгтэй ирж зургийг нь аваад буцжээ. Тун удалгүй “Гербер” компани бүтээгдэхүүндээ дүр төрх хайж байна хэмээн уралдаан зарлаж, Энн Кукын зураг ялагч болжээ. Ингэж дөрвөн сартай Энн Кукын зурсан юм шиг хөөрхөн зураг 90 жилийн турш хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй шилдэг бүтээгдэхүүнийг илэрхийлсэн юм.
1931 оноос түүний зургийг компанийн албан ёсны худалдааны тэмдэгт болгосон боловч охины эцэг эхэд маш бага хэмжээний мөнгө өгдөг байсан гэдэг.
Энэ явдлаас хойш Энн 1978 болон 1990 онд Гербер компанийн ойн баярыг тэмдэглэж байжээ. Англи хэлний багш мэргэжилтэй Энн сайн ээж сайн эмээ бөгөөд төрсөн өдрөө дөрвөн хүүхэд, ач зээ нарынхаа хамтаар нижгэр тэмдэглэжээ.
“2016 Gerber Baby” гэрэл зургийн уралдаанд 170 мянган 300 оролцогч зургаа илгээснээс Мичиган мужийн долоон сартай Исла охины зураг тэргүүн байрт шалгарч тэдний гэр бүл 50 мянган доллараар шагнуулсан байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 1 )
egdyytei um be, bas shanaagaa tulchihaj kkk