Социологийн судалгааны арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох асуудалд

2016 оны 12 сарын 13

Ц. Пүрэв. (Социологийн ухааны доктор, Ph.D)  Идэр дээд сургуулийн нийгмийн ажил, Нийгмийн ухааны багшийн тэнхим

 

Гадаадын өндөр хөгжилтэй орнууд болон дотооддоо суралцах, эрдмийн зэрэг хамгаалах, төсөл хөтөлбөрт оролцох зэргээр мэрэгшлээ дээшлүүлсэн социологийн чадварлаг мэргэжилтнүүд олширч, Монголын социологи олон салбар чиглэлээр үүсэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Өөрсдийн явж ирсэн замаа эргэн харж, алдаа оноогоо цэгнэж өнөөгийн хийгдэж буй судалгаандаа үнэлгээ хийж үзээд, цаашид социологийн судалгааны арга зүй аргачлалыг боловсронгуй болгох талаар юун дээр илүү анхаарах шаардлагатай байгаа талаар төрсөн бодол эргэцүүллийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Нэг. Онол арга зүйн хэрэглээ. Аливаа шинжлэх ухааныг тэр дундаа социологийг  онол эмпирикийн нэгдэл талаас нь бид ярьдаг. Гэтэл бидний хийсэн судалгаа онолоос хөндийрөөд, эмпирик тал нь голлох нөхцөл байдал бүрдээд байх шиг санагдах боллоо. Зарим судалгааны дүн болон өөрийнхөө бичиж нийтлүүлсэн зүйлээ харахад баримт, мэдээлэл тоочсон зүйл ихтэй социологийн онол, хавсарга социологийн үүднээс дүгнэсэн, онолын шинжилгээ хийсэн зүйлс хомс байгаа юм.

Социологит амин чухал зүйл бол арга зүйн хандлагыг оновчтой хэрэглэх асуудал.  Ялангуяа социологийн арга зүйн хандлагууд позитивизм, шүүмжлэлт социологи,  интерпретив хандлага, феминизм, постмодернизмийг судалгаа шинжилгээндээ ашиглах, ялангуяа сүүлийн үед тэдгээрийг нэг асуудлыг шийдвэрлэхэд хослуулан хэрэглэж, онолын триангуляци хийхийг зарим судлаачид чухалчилдаг болжээ. Бид түүнд суралцах хэрэгтэй юм байна. Гадаадын зарим төсөл, судалгаанд оролцож байхад, баримтыг тайлбарлаад бичих гэхээр судлаачийн өөрийнх нь үзэл бодол гээд хэрэгсэхгүй байх тохиолдол цөөнгүй гарч байсан. Сүүлийн үед сургалтанд ч ялгаагүй прагматик сургалт нэрийн дор, онол баримтлалыг орхигдуулах явдал ажиглагдах болов. Энэ бол нэг талын туйлшрал юм.

Дэлхийн социологичдын их хурал дээр (2010) тэргүүлэгч илтгэгчид Өрнөдийн ноёрхлыг зогсоож, Ази, Африк, Латин Америкийн орнуудын социологит өргөн замыг нээж өгөх хэрэгтэй гэсэн байна[1]. Үүнийг нэг талаас тэдгээр орнуудад өөрчлөлт хурдан өрнөж, нийгмийн нийтлэгүүд түүнд янз бүр дасан зохицож байгаа, нөгөө талаас эдүгээжлийн олон янз байдал илэрхий мэдэгдэх болсонтой холбон тайлбарлажээ.

Аливаа нэг орны онцлогт тулгуурласан ерөнхий онол байгуулж болно гэдэгт эргэлзэж байгаа ч, Марксын хэлсэнчлэн Азийн үйлдвэрлэлийн аргад нийцсэн, тэр орнуудын хөгжлийн зүй тогтлыг шинжлэж болох ерөнхий онол байж болохыг зарим эрдэмтэд үгүйсгэхгүй байна[2]. Үүнтэй уялдуулан бид Азийн орнуудын социологийг илүү нарийвчлан  судлах шаардлагатай байж болох юм.

Хоёр. Судалгааны арга барилаа шинэчлэх шаардлага. Нийгэм маш хурдан өөрчлөгдөж, эрчимтэй даяарчлагдаж байгааг бид харж байна. Бассудлаж ойлгох, танин мэдэхэд төвөгтэй олон үзэгдэл үйл явц илрэх болов. Нийгэм тогтвортой байхад бүтэц- чиг үүргийн хандлага, системийн судалгаа социологит түлхүү хэрэглэгдэж үр дүнд хүрч байсан бол, нийгэм эрс шинэчлэгдэж буй өнөө ийм арга зүй тэр бүр тохирохгүй байна гэж судлаачид бичих болов. Иймээс аргазүй арга барилаа шинэчлэх хэрэгцээ үүсч байгаа юм.

Өөрчлөлтийн үйл явцыг мэдэхийн тулд богино хугацаанд мониторингийн судалгааг давтан хийж байх шаардлагатай боллоо. Норвегит жил бүр засгийн газар нь үйлдвэрчний эвлэлтэйгээ олон нийтийн санал асуулга явуулж, хүн ардынхаа амьдралын түвшний өөрчлөлтийг шинжлэн судалдаг ажээ. Ингэхдээ тусгай бэлтгэгдсэн сурвалжлагчдыг ашигладаг юм байна. Мьнморын ардчиллын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи “Энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт авчирснаар ардчиллын үр дүн хэмжигдэнэ” гэж тов тодорхой хэлсэн. Судалгааг шуурхай явуулж үр дүнг түргэн мэдээлж байхгүй бол, энэ хооронд судалгааны обьектод өөрчлөлт орж судалгааны баримт хуучрах, хоцрогдох байдалд  хүрдгийг бид мэднэ.

Иймээс ШУА- ийн Философийн хүрээлэнгээс эрхлэн сүүлийн хэдэн жилд хэрэгжүүлсэн “Ардчилсан засаглалын төлөв байдал” зэрэг социологийн судалгаа болон  олон нийтийн санал асуулгаар нийгмийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтийг байнга  судлаж байх хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн үед социологийн судалгаа явуулдаг байгууллага төвүүд олшрохын хамт судалгаа авах хэрэглэгдэхүүнийг бэлтгэхээс эхлээд судалгааны аргачлал, арга техникийн шаардлагыг төдийлөн харгалздаггүй дутагдал их гардаг болж буйг тэмдэглэх нь зүйд нийцнэ. Тухайлбал олон хуудас асуумжаар үнэний хувьтай мэдээлэл авна гэж итгэхэд бэрхтэйг судлаачид байнга анхаарах шаардлагатай санагдана.

Одоогоор судалгааны практикт хэвшээд байгаа судлаачид өөрсдөө хөдөө явж анкетаар мэдээлэл цуглуулах аргыг өөрчлөж, орон нутагт (Улаанбаатарт ч ялгаагүй) мэргэжлийн сурвалжлага авагчдыг бэлтгэх, социологийн судалгааны хот хөдөөг холбосон сүлжээг бий болгох, мэдээллийн технологи ашиглан онлайн судалгааг өргөн явуулах, зарим үед телефон гар утас ашиглах зэргээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хүч хэмнэсэн аргыг судалгаанд нэвтрүүлэх боломж байна. Энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа зарим судалгааны төвийг дурдаж болно.

IRIM судалгааны хүрээлэн(гүйцэтгэх захирал, социологийн ухааны магистр А. Долгион) судалгааны мэдээлэл цуглуулахдаа таблет, мобайл аппликэйшн ашигладаг юм. Ингэснээр талбараас мэдээллийг цаг тутамд хүлээн авч, хянаж, боловсруулах давуу талууд үүсч байна. Одоогийн байдлаар 10 орчим төслийн мэдээллийг ийм аргаар цуглуулжээ. Мөн энэ хүрээлэнгийнхэн чанарын мэдээлэл боловсруулдаг QDA Miner программыг хэрэглэж байна. Гадаад харилцааны хувьд АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны дэргэдэх Монгол Соёлын Төвөөс жил бүр зохион байгуулдаг Монгол Судлалын хуралд ажилтнуудаа хоёр дахь жилдээ оролцуулаад байгаа билээ.

“Хөгжлийн эрэлд” судалгааны төв (захирал нь социологич Б. Амарсайхан) нь судалгааны обьект, судлах зүйлийн онцлогт нийцүүлэн эдийн засаг, нийгэм, улс төрийн судалгааг олон улсын арга, аргачлалын дагуу хийдэг.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн санал бодлын судалгаа тэр дундаа улс төрийн судалгааны чиглэлээр мэргэжил, ур чадварын өндөр түвшний багийг бүрдүүлэн ажиллуулж байна. Ганцхан жишээ дурдахад хамгийн сүүлд  2013 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн судалгааны ажлыг гүйцэтгэж, нэр дэвшигч 50.17 хувиар ялах болно гэсэн прогноз хийж өгсөн нь сонгуулийн дүнтэй яг тохирсон  (50.23 хувьтай гарсан) юм. Энэ төвийн удирдлага мэдээлэл цуглуулах баг, мэдээлэл боловсруулах багийг зохистой бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Бусад судалгааны байгууллагатай харьцуулахад орон тооны болон гэрээт судлаачиддаа цалин урамшууллыг дунджаар хоёр дахин илүү хэмжээтэй  олгодог  гэж ярьж байна.

21 аймагт гэрээт судлаачидтай. Иймээсулсын хэмжээг хамарсан ОНСБ-ын судалгааг 4 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Түүний зэрэгцээ судалгааны төвдөө Монгол улсын олон жилийн статистикийн мэдээллийн санг бүрдүүлсэн бөгөөд жил бүр шинэчлэн баяжуулж байдаг ажээ.

Өнөө үед хийгдэж байгаа судалгааны төслийн зардалд шинжилгээ хийж үзэхэд, судалгаа явуулах зардлын өчүүхэн хувийг мэдээлэл боловсруулах, шинжлэх, тайлан бичихэд зарцуулж ихэнх хэсгийг мэдээлэл цуглуулахад зарж буй. Мэдээллийг шивэх нэг хэмжээст тархалт байгуулахад мөнгө тавиад, бусад статистик болон логик шинжилгээг орхиж тооцдог дутагдал бидэнд байна. Францын түүхч Куланж “Нэг бүтэн жил анализ хийснийг синтез хийхэд (нэгтгэн дүгнэхэд) ганцхан өдөр хэрэгтэй” гэжээ. Судлаачид олон удаагийн задлан шинжилгээний дүнд шинэ мэдлэг буюу дүгнэлт болохуйц цөөн өгүүлбэр гаргаж авдгийг түүхч эрдэмтэн ийнхүү анхааруулсан хэрэг. Социологийн мэдээлэл бловсруулахдаа SPSS өргөн хэрэглэж буй ч ялангуяа анкетад тоон шинж бага байдаг учраас, шинэ хоёр утгат хувьсагч үүсгэх замаар логик аргаар ангилах, статистик таамаглал шалгах, төрөл бүрийн статистик шинжилгээ, хэв маягчлал, регрессийн шинжилгээ хийж, нийгмийн хөгжлийн хандлагыг тодорхойлох хэрэгтэй байна.

Чанарын мэдээллийн шинжилгээ “шигтгээнээс” хэтрэхгүй байна. Ялангуяа судлаачийн өөрийнх нь дүгнэлт гаргалгаа төдийлөн харагдахгүй байгаа дутагдал ажиглагдсаар байгааг хэн хүнгүй мэднэ. .

Хүмүүсийн амьдралын хэв маяг амьдралын түвшин харьцангуй нэг төрөл буюу жигд байх үед улсын хэмжээнд 1000-2000  хүнийг судалгаанд хамруулахад түүврийн төлөөлөх чадвар боломжтой гарч байсан бол,  олон хэв маягт соёл дэлгэрч, нийгмийн ялгарал гүзгийрч буй өнөө үед түүврийн дээрхи хэмжээ төлөөлөх чадварыг хангаж чадахгүйд хүрч байна.

Ялангуяа Монголын нийгмийг бүхэлд нь хамарсан томоохон судалгаанд аль нэг бүлэг нийтлэгээс хэтэрхий цөөн хүн хамруулах (тухайлбал малчдын хувьд) явдал байнга гарсаар байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнд бас судалгааны байгууллагын хөрөнгө зардал, хүн хүч, цаг хугацааны боломж хийгээд хүн ардын нутагшилтын онцлог гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.

Судалгааны шинэ төрлүүдийг эзэмших тухайлбал маркетингийн судалгаа, бодлогын судалгаа, улс төрийн судалгаа, чанарын судалгааны аргыг сургалт судалгаанд өргөн хэрэглэхийг нийгмийн амьдрал шаардах болов.

      Гурав. Социологийн судалгааны арга техникийн шинжилгээ. Аливаа нээлтээс илүүтэйгээр ямар аргаар ийм үр дүнд хүрэв гэдэг нь их чухал гэж ярилцдаг. Иймд арга техникийг хэн яаж зохистой хэрэглэсэн, ямар үр дүн гарч буйг нь судлах нь чухал. Тухайлбал нэг онд хийгдсэн хоёр судалгаагаар айл өрхийн амжиргааны түвшинд үнэлгээ өгүүлэхэд эрс ялгаатай хариулт гарсан байв. Энэ нь асуултынхаа хэлбэрээс болсон уу? эсвэл түүврийн алдаа юу? Үгүй бол энэ хугацаанд үнэхээр хүмүүсийн амжиргааны түвшинд нөлөөлөхүйц үзэгдэл гарснаас (   үнийн өсөлт, мөнгөний ханш уналт гэх мэт) болов уу? гэдгийг судалж тогтоох шаардлагатай болно. Польшийн судлаачид асуултын томьёоллоос хамааран хариулт харилцан адилгүй байгааг арга зүйн туршилт явуулж тогтоож байв[3]. Дээрх туршилтаар үндсэн хуульд заалт оруулах, үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн хоёр хэллэгээс хамааран судалгааны дүн харилцан адилгүй гарч байгааг тухайн орны иргэдийн амьдралын хэвшил, зан заншил хийгээд улс төрийн зан төлөвийн онцлогтой холбон тайлбарласан байдаг.

Арга зүй аргачлалаа турших судалгааг сайн хийж, гарч болзошгүй дутагдлаас сэргийлэх ажил хоцрогдох хандлагатай явж ирлээ. Мөн судалгааны хөтөлбөрийн аргазүй болох удиртгал хэсэг нь хэт ерөнхий хийгддэгээс сэдэв зорилгоосоо хамааран тухайн судалгаанд хэрэглэгдэж буй арга зүй, арга техникийн онцлог тал нь сайн харагдахгүй байх тал ажиглагддаг. Ийм  асуулт яагаад байх шаардлагатай, энэ асуултыг яаж боловсруулах гэх мэт нь мэдэгддэггүй, анкет, хөтөлбөр зохиохдоо энэ талаар урьдчилан бодож тооцдоггүй дутагдал элбэг тохиолддог. 

Судалгааны тайлангуудад анализ хийж, зорилго таамаглалын хэрэгжилт, баримт мэдээлэлд шинжилгээ хийсэн байдал, социологийн ямар ойлголтыг хэрхэн хэрэглэсэн зэргийг судлан үнэлгээ өгөх ажлыг мэрэгжлийн хүрээлэн, салбар, төв, социологичдын холбоо гардан зохион байгуулж, үр дүнг мэрэгжлийн сэтгүүлд нийтлэж байх нь судлаачдын ур чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй санагдана. 

Арга зүй аргачлалын чиглэлээр мэрэгжлийн сэтгүүлд өгүүлэл ховор нийтлэгддэгийн дээр доктор, магистр, бакалаврын зэрэг хамгаалж буй бүтээлүүдэд энэ чиглэлийн сэдэв үндсэндээ орхигдсоор ирсэн билээ. 

Бид  1980-аад онд малчдаас тэдний өнгөрсөн онд авсан хөдөлмөрийн хөлсийг өөрсдөөс нь асууж бичээд хожим нь баримт бичигтэй тулгаж хариултын үнэний хувьд шинжилгээ хийж байсан.  Мөн цуглуулсан мэдээллийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор мэдээллийн  найдвартай байдал, төлөөлөх чадвар, тогтвортой байдал зэргийг тогтоох оролдлого хийж байсан. Ийм судалгаа одоо ч хэрэгтэй байна. Учир нь цуглуулж байгаа мэдээллийнхээ чанар, үнэний хувьд үнэлгээ дүгнэлт өгөхгүйгээр, олон асуумж цуглуулахыг урьдал болгосноос, хариултыг нэгтгэж гаргасан судалгааны дүн нь бодит үнэнээс хазайж зөрөх явдал гардгийг бид мэднэ. (үргэлжлэл бий)



[1]В.А Ядов. Всемирный социологический конгресс в Гетеборге-событие, требующее осмысления и действий сообщества социологов // Социологический журнал. 2010.№3.

[2]В.А Ядов. Каким мне видится будущее социологии // социс. 2014. № С. 7

[3]Г. Огрызко-Вевюровский. Версий вопроса при исследовании общественного мнения // Социс. 2003. №6.С. 96-100.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top