2017 онд тохиох үйл явдлууд

2017 оны 01 сарын 03

Дэлхий даяар баяр хөөрт умбан шинэ оноо өлгийдөн аваад удаагүй байгаа энэ цаг мөчид  “euronews”  2017 оны хамгийн эхний нийтлэлдээ тус онд тохиох онцлох үйл явдлуудыг багцлан хүргэжээ. Өнгөрсөн он таамаглаж тааварлашгүй, гайхуулж алмайруулам үйл явдлаар дүүрэн байсан шиг 2017 он Европ тивийнхний хувьд завгүй жил байх бололтой.  2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлуудыг хүргэж байна.

Нэгдүгээр сар

- Бельги, Румын улсын Европын холбоонд гишүүнээр элссэний 10 жилийн ой тохиож байна.

- Харин францчуудын хувьд гунигт жил  болох нь. Учир нь, хоёр ч террорист халдлагын хоёр жилийн ой тохиох юм.  “Чарли Хэбдо” сэтгүүлийн байранд  2015 оны нэгдүгээр сарын 7-нд халдлага болж байсан бол үүнээс долоо хоногийн дараа Парист мөн олон хүний аминд хүрсэн халдлага болсон юм. 

-* Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гутериш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор томилогдож 10 жил тус байгууллагыг тэргүүлсэн Бан Ги Мүн суудлаа шилжүүллээ.

- Америкчууд төдийгүй дэлхий нийтийн гайхшруулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөлөгчдийн саналаар тэргүүлсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Дональд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Ингэснээр тэрбээр тус улсын 45 дахь Ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ мөнхлөх юм. Харин америкчууд түүхэн дэх хамгийн баян, улс төрийн туршлагагүй, цэргийн алба хаагаагүй анхны Ерөнхийлөгчөө угтан авна. Трамп тангараг өргөснөөр Барак Обамагийн улс төрийн бодлого орвонгоороо өөрчлөгдөнө гэдгийг ажиглагчид хэлж байна.

Хоёрдугаар сар

- Хоёрдугаар сарын 3-нд Европын холбооны удирдлагууд уулзаж, “Маастрихтийн гэрээ”-ний хэрэгжилтийн үйл явцыг хэлэлцэнэ. Энэ гэрээ нь Европын улс орнуудын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зорилготой юм. 

- Хоёрдугаар сарын 26-нд Оскарын кино наадам болох бол мөн энэ сард Берлиний олон улсын кино наадам болно.ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. 

Гуравдугаар сар

- Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооны  үндсэн нөхцөл болох Лисабоны гэрээний 50 дугаар зүйлийг хэрэгжүүлж эхлэх юм. Энэ нь Их Британи Европын холбооноос гарах анхны алхам болно.

- ОХУ-д хувьсгал болсноос хойш зуун жил өнгөрч байгаа бол Крымийг ОХУ-д нэгтгэх гарын үсэг зурснаас хойш гурван жил болж байгаа юм байна. 1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны 21:45 цагт Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) “Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлсэн. Хуучин юлиан цагалбараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон.

Дөрөвдүгээр сар

- Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний сунгаа  явагдана. Харин тус санал хураалтад хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн шийдвэрлэх санал хураалт тавдугаар сарын 7-нд болох юм. Сонгуульд эрх баригч намаас Ерөнхий сайд асан Мануэль Валлс өрсөлдөх бол өнөөгийн Төрийн тэргүүн Франсуа Олланд нэр дэвшихгүй.

- Грект цэргийн эргэлтийг нухчин дарсны 50 жилийн ой тохионо.

- Унгарын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Тавдугаар сард

- Их Британид орон нутгийн сонгууль болно.

- Италийн Сицилид “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт болно.

- Ираны Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд өнөөгийн Төрийн тэргүүн Хассан Рухани улиран сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгааг ажиглагчид онцолж байгаа. Ираны түүхэн дэх 12 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд 18-аас дээш насны иргэд оролцож саналаа өгөх юм.

Долдугаар сар

- “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт долдугаар сарын 7-8-нд ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдана.

- Хонконг Хятадын мэдэлд шилжсэнээс хойш 20 жил болж байна.

Наймдугаар сард

- Их Британийн гүнж Диана нас барснаас хойш 20 жил өнгөрч байна.

- Их Британийн Лондон хотод энэ өдөр 16 дахь удаагийн хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн наймдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.

- Кеничүүд энэ сард  шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Насанд хүрсэн 22 сая хүн уг сонгуульд оролцож саналаа өгөх юм.

Есдүгээр сар

- Есдүгээр сард  Перуд хуралдах ОУОХ-ны чуулганаар 2024 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэр тодорхой болно. Тунаж үлдсэн нэр дэвшигчид нь Лос Анжелес, Парис, Будапешт багтсан. Үүнээс гадна хоёрдугаар сард Азийн өвлийн наадам, зун нь Универсиад наадмууд болно.

- Германы парламентын сонгууль болно. Тус сонгуульд  Канцлер Ангела Меркель Христийн ардчилсан холбоо намаа удирдаж оролцох юм. Хэрэв түүний тэргүүлж буй нам ялалт байгуулвал Меркель дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон Канцлер болох билээ.

Арваннэгдүгээр сар

- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 23 дугаар уулзалт энэ сард Германы Бонн хотноо болох юм. Уулзалт 17-нд эхэлнэ.

Арванхоёрдугаар сар

- Нобелийн шагнал гардуулах ёслол болно.

Ц.Даваасамбуу


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top