Ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан иргэд эмийн сангаас дурын хамрын дусаалга худалдан авч хэрэглэж байна. Энэ хэр зөв бэ гэдгийг “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэргүүлэх зэргийн эмч Ю.Баянмөнхөөс тодрууллаа.
-Хамрын дусаалга олон жил хэрэглэх нь хэр зөв бэ?
-Дусаалгыг долоо хоногоос урт хугацаанд хэрэглэж болохгүй. Хэрэв долоо хоног дусаагаад хамрын бөглөө арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй. Түүнээс урт хугацаанд, байнга хэрэглэхэд эмийн гаралтай ринит буюу салстын үрэвсэл гэж өвчин үүснэ. Резинээр төсөөлбөл, судас нь байнга агшсаар байгаад сунаж, агшихаа болих үзэгдэл юм. Салст томроод ирэхээр самалдагийн дотор талын яс томорч, хамрын нүхийг хааж эхэлдэг.
-Хамар битүүрэх өвчин үү?
-Хүмүүс хамрынхаа хоёр нүхээр зэрэг амьсгалдаг гэж боддог. Үнэндээ нэг нүхээр 2-4 цаг ээлжлэн амьсгалдаг. Тэгэхээр нэг нүх нь битүүрэхэд амар аргаар онгойлгох гэж дусаалга хэрэглэдэг л дээ. Үүнд ихэвчлэн хамрын самалдгийг агшаах үйлдэлтэй Отривин, Нафазолин зэрэг багтана. Эдгээр эмийг дээд тал нь долоо хоног л хэрэглэх учиртай. Ханиадны үед салст их ялгардаг ба үүнийг багасгах зорилгоор ханиад, харшлын үед л эмч нар зөвлөдөг юм. Харин хүмүүс үүнийг мэдэлгүй хоёр нүхэндээ хоёуланд нь хийсээр байгаад дасал болж байна.
-Хамрын дусаалга яагаад муу юм бэ?
-Хүн хамраараа амьсгалдаг. Харин таславч нь агаарыг чиглүүлэх үүрэгтэй. Хамрын дусаалга гол төлөв самалдагт сөрөг нөлөө үзүүлдэг юм. Самалдаг гаднаас орох агаарыг бүлээцүүлэн биеийн хэмд хүргээд, цааш дамжуулдаг. Түүнчлэн агаар дахь нянг шүүгээд нус болгон гаргадаг. Бичил лаборатори л гэсэн үг. Гэтэл хүмүүс дур мэдэн элдэв эм, дусаалга хэрэглэсээр байгаад самалдгийн үйл ажиллагааг гэмтээдэг. 10 гаруй жил хамрын дусаалга хэрэглэхэд эдийн өөрчлөлтөд орно шүү дээ. Ажиглаад байхад охид дусаалга их хэрэглэдэг.
-Хамрын дусаалгад дасал болсон тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?
-Дасал болж байгаа нь тархинд өгч байгаа мэдрэмжээс шалтгаалдаг. Хамар битүү байж байгаад агаар ороход тодорхой хэмжээний таашаал авдаг. Нэгэнт дасал болсон бол мэргэжлийн эмчээс тусламж авах хэрэгтэй. Гормон уух, хамраараа амьсгалж сурах дасгал хийх, зүү тавих, жижиг мэс ажилбар хийх, лазераар түлэх зэрэг эмчилгээ бий. Тухайлбал, зүү гэхэд л уламжлалт аргаар самалдгийн агших, тэлэх үйл ажиллагааг зохицуулж байгаа хэрэг. Энэ арга үр дүнтэй ч байнга зүү тавиулна гэдэг хүндрэлтэй шүү дээ. Харин яс нь хэт томорсон бол хагалгаа хийлгэхээс өөр замгүй. Хүмүүс хагалгаа гэхээр их хүндээр боддог. Угтаа томорсон ясыг салстаас нь салгах хөнгөхөн ажилбар юм даа.
-Хамрын дусаалгын сөрөг нөлөөнүүдээс дурдахгүй юу?
-Хараа муудах, уур уцаартай болох, толгой өвдөх, амаараа амьсгалснаас хоолой хатах зэргийг дурдаж болно. Мөн хамрын дусаалгыг хэт удаан хэрэглэбэл эцэстээ хагалгаа хийлгэхэд хүрнэ.
-Ярилцсанд баярлалаа.
О.Анир
Сэтгэгдэл ( 3 )
Баярлалаа
good
ЗӨВ ШҮҮ