Франц улсын “Бүгд найрамдах улсын шударга ёсны шүүх”-ийн талаар цухас танилцуулах нь...

2017 оны 01 сарын 13

"Францын шүүх Кристин Лагардыг буруутай гэж үзлээ” гэсэн мэдээ, мэдээлэл оны өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ихээхэн цацагдлаа.

Олон улсын валютын сангийн тэргүүн /ерөнхий захирал/ Кристин Лагардыг Франц Улсын Сангийн сайдаар ажиллаж байх үеийнх нь асуудлаар Францын шүүх гэм буруутай эсэхийг хэлэлцэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг манайхан уг мэдээ, мэдээллээс ойлгосон байх. Уншаагүй нэг нь "Францын шүүх Кристин Лагардыг буруутай гэж үзлээ” гэж бичээд google-ээр уншиж болно.

 Гэхдээ түүнийг ямар шүүхээр шүүж, шийдвэрлэв гэдгийг манайхан төдийлөн сонирхоогүй байх тэгээд ч тэр шүүхийн талаар мэдээнд тодорхой дурдсангүй.

Иймээс манай прокурорууд тухайн үедээ төрийн өндөр албан тушаал болох сайдын алба хашиж байсан, одоогийн хашиж буй албан тушаал нь ч дэлхийн банк санхүү, эдийн засгийн салбарт хамгийн нөлөө бүхий энэ эрхэмсэг хатагтайг Франц Улсын чухам ямар шүүхээр шүүн таслав гэдгийг сонирхох болов уу гэсэн үүднээс энэхүү товч мэдээллийг хүргэе.

Хэрэв монгол хүн дэлхийн ийм нөлөө бүхий албан тушаал хашиж байсан бол бид шүүхдээ дуудаж, шүүхээрээ гэм буруутай эсэхийг нь хэлэлцэж чадах уу? гэх асуултаас гадна бид ийм өндөр албан тушаал хашиж буй нэгнийгээ чухам ямар шүүхээр шүүх нь оновчтой вэ? гэх асуулт энэ үйл явдлаас урган гарч ирэх бөгөөд одоогийн манай шүүхийн тогтолцоогоор бол ердийн шүүх буюу Нийслэлийн аль нэг дүүргийн эрүүгийн шүүхээр шүүх нь байна.

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийг Нийслэлийн дүүргийн эрүүгийн шүүхэд шилжүүлж, эдгээр албан тушаалтнуудыг дүүргийн шүүх шүүх нь хэр зохимжтой эсэхийг энэхүү Францын жишээ харуулж байх шиг.

Ер нь Монгол Улсад шүүх эрх мэдлийн байгууллагын болон эрх зүйн шинэтгэл явагдаж буй өнөө үед тэр тусмаа Үндсэн хуулийн шинэчлэл яригдаж буй үед төрийн өндөр албан тушаалтныг шүүдэг тусгай шүүх байгуулах хэрэгтэй эсэхийг хууль, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид судлан үзүүштэй.

Францын шүүхийн талаар бичихээс өмнө Олон улсын валютын сангийн захирлуудын талаар товч сонирхуулья.

Нийтлэлч Баабар "Олон улсын валютын сан ба бид” гэсэн тун сонирхолтой нэгэн нийтлэл саяхан бичиж, Дэлхийн банкийг "касс” нь, Олон улсын валютын санг "түүний дарга” нь гэж тодорхойлжээ.

Тэгвэл энэхүү "дарга” байгууллагын түүхэнд 11 тэргүүн төрөн гарснаар 5 тэргүүн нь Франц Улсаас төрөн гарсан байх юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэх энэхүү хоёр байгууллагуудыг анх санаачлан байгуулсан улсуудын гол төлөөлөл болох Америкийн Нэгдсэн Улс, Баруун Европ хоёр нэг нэгээр нь хариуцан авч, өөрсдийн иргэдээс нэр дэвшүүлэн тэргүүнээр томилж байхаар тохирч, Дэлхийн банкны тэргүүнийг АНУ, ОУВС-гийн тэргүүнийг Баруун Европын аль нэгэн орноос томилж байхаар тогтжээ.

Баруун Европын орнуудын иргэдээс төрөн гарч байсан ОУВС-гийн тэргүүнийг улсаар нь авч үзвэл: Бельги, Испани, Нидерланд, Герман Улсуудаас тус бүр нэг иргэн, Швед Улсын 2 иргэн, Франц Улсын 5 иргэн тус тус томилогдон ажиллажээ.

Эндээс ажиглавал Франц Улс нь бусад улсаасаа илүүтэйгээр олон удаа өөрсдийн иргэдээ томилуулж, тэднээр дамжуулан уг нөлөө бүхий байгууллагыг олон жил удирдан ирсэн нь харагдана. Энэ бол Франц Улсын хир том гүрэн болохыг илэрхийлж буй нэгэн жишээ юм.

Гэвч Баабарын өгүүлсэн шиг "дэлхийн санхүүгийн салбарын хамгийн том "дарга” байгууллагын тэргүүнийг тодорхой ялаар шийтгээгүй ч түүнийг гэм буруутай гэж тусгай шүүхээс нь тогтоож буй нь Франц Улсад хууль, шударга ёс хэрхэн хэрэгжиж буйн бас нэгэн жишээ билээ.

Гэхдээ Шударга ёсны шүүх хэн нэгэн этгээдийг гэм буруутай гэж үзвэл тодорхой ял шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй гэдгийг энэ дашрамд дурдье.

За ингээд Франц Улсын тусгай шүүх рүүгээ орцгооё.

Франц Улсын шүүх эрх мэдлийн байгууллага нь олон нэр төрөл бүхий шүүхийн тогтолцоонуудаас бүрдэнэ. Тухайлбал, улс төрийн шүүхийн тогтолцоо, хэрэг маргаан таслан шийдвэрлэх шүүхийн тогтолцоо, захиргааны шүүхийн тогтолцоо гэх мэт.

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардыг шүүсэн тэрхүү шүүх бол тус улсын улс төрийн шүүхийн тогтолцоонд багтах зөвхөн Засгийн газрын гишүүдийг шүүн таслах эрх бүхий Бүгд Найрамдах Улсын Шударга ёсны шүүх / Cour de la justice de la république/ юм.

Мөн тус улсын Ерөнхийлөгчийг шүүн таслах эрх бүхий Өндөр Дээд шүүх/Haute cour/ гэж бас бий. Эдгээр шүүхүүд нь тус улсын Үндсэн хуулийн байгууллага буюу институт гэдгийг дурдах нь зүйтэй.

Франц Улсын Үндсэн хуулийн "Засгийн газрын гишүүдийн эрүүгийн хариуцлагын талаар” гэх 10 дугаар бүлгийн 68 дугаар зүйлийн 1, 2, 3 –д Бүгд Найрамдах Улсын Шударга ёсны шүүхийн талаар зохицуулж өгсөн байдаг.

Үндсэн хуульд зааснаар дээрхи шүүх нь 15 шүүгчээс бүрдэх бөгөөд 12 нь парламентаас сонгогдох бол / 6 нь Үндэсний асамблей, 6 нь Сенат/ 3 нь Кассицийн шүүх /Дээд шүүх/-ийн шүүгчдийн дотроос 3 жилийн хугацаагаар сонгогдон ордог байна. Кассицийн шүүхийн 3 мэргэжлийн шүүгчийн нэг нь тус шүүхийг даргална.

Шударга ёсны шүүхийн дэргэд Кассацийн шүүхийн Ерөнхий прокурор, түүний орлогч болох ерөнхий өмгөөлөгч хэмээх прокурор нар ажилладаг байна. Ерөнхий прокурор нь тухайн хэргийг шалгах комиссийн саналыг үндэслэн тус шүүхэд хэрэг үүсгэн татах асуудлыг шийдвэрлэх өндөр дээд эрх мэдэлтэй байдаг ажээ.

Уг шүүхийн болон Ерөнхий прокурорын чиг үүрэг, процедур, сайд нарын үйлдсэн хэргийг шалгах комиссын талаар тус улсын Үндсэн хуулийн заалтуудаас гадна нарийвчлан зохицуулсан салбар хуулиуд бий.

Үндсэн хуульд заасан ёсоор иргэн хэн ч Засгийн газрын гишүүдийн үйлдсэн байж болзошгүй онц хүнд гэмт хэрэг /crime/,гэмт хэрэг /delit/ -ийн шинжтэй үйлдлийн талаар гомдол мэдүүлэх эрхтэй.

Дээрх тусгай шүүхүүдийн талаар дэлгэрүүлэн бичвэл хэтэрхий сонирхол муутай байж магад гэж дотроо болгоон үүгээр дуусгая.

Манайд яг энэхүү шүүхийн загварыг нутагшуулахад тохиромж муутай байж болох ч энэ жишгээс санаа аван, хуучнаар Нийслэлийн шүүх анхан шатны журмаар тодорхой хэргүүдийг таслан шийдвэрлэдэг байсныг сэргээн төрийн өндөр албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах эрх бүхий танхимыг Нийслэлийн шүүхэд эсхүл Дээд шүүхийн дэргэд байгуулах нь хэрэгтэй байж болох юм гэсэн санааг дэвшүүлж байна.

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН

ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top