Ганцаардлаа давуу тал болго

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

Олон нийтийн дунд ганцаардлын талаарх нийтлэг ойлголт байдгийн нэг нь ганцаараа байхад үүсэх мэдрэмж, бодол гэж үздэг. Гэтэл ганцаардал нь хүмүүстэй байхад ч үүсч болдог зүйл. Тиймээс тухайн хүний онцлог, нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байдаг.

Бусадтай буюу хайртай хүмүүс, найз нөхөд, хамт олон дундаа байхдаа ганцаардах явдал нь илүү сэтгэл зүйн шинжтэй байдаг. Энэ нь тухайн хүн ямар нэг зүйлд хэт санаа зовсон, хүлээсэн эсвэл тухайн орчин нөхцөл тааламжтай бус сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлсэнээс үүсдэг. Харин ганц бие амьдралын /бэлэвсрэх, салах/ ганцаардал нь биологи, нийгэм, сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Хүн өөрийгөө ганцаардаж байна гээд түүнийгээ юунаас үүсэлтэй ганцаардал болохоо зөв тодорхойлбол өөртөө сайнаар туслаж чадна. Үүнд, ажлын байран дээрээ ганцаардах, хайртай хүнээсээ хол амьдрах сэтгэл мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байснаас ганцаардах, зөрчил маргаанаас болж ганцаардах гэх мэт.

Ихэнх хүмүүс бэлэвсэн хүнийг /эрэгтэй, эмэгтэй/ маш их ганцаарддаг гэж үздэг. Энэ нь нэг талын өрөөсгөл ойлголт. Тэд харин ч хамгийн их нийгмийн идэвхтэй, олон зүйлийг хийж амжуулах хүсэлтэй байдаг. “Ганц бие болохоос ганцаараа биш” гэсэн бодолтой хүмүүс байдаг. Тиймээс ганцаардах буюу  хоосон байдлыг хүчтэй мэдрэх мэдрэмжийг хүмүүст өөрстөө зохиомлоор үүсгэх нь бий. Энэ тохиолдолд гандаардал нь нийгмийн өвчин болдог.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд авч үзвэл харахад эрэгтэйчүүд найз нөхөд, танилын хүрээгээрээ их байдаг ч илүү ганцаарддаг. Энэ нь нийгмийн гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн ганцаардалд их өртдөг болохыг харуулдаг.

Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн хувьд байнга хэн нэгнээс тусламж, дэмжлэгийг хайж, ганцаардсан мэдрэмж төрөх үед өөрийгөө хамгийн сайн хамгаалж, ганцаардлаас гаргаж чаддаг учир халдварт өвчин тусдаггүй, мөн илүү урт насалдаг байна. Өөрөөр хэлбэл, ганцаардлын нөлөө  нь сэтгэл зүйн гаралтай олон өвчлөлийн суурь болдог байна.


Ямар үед эмэгтэйчүүдэд ганцаардах мэдрэмж хүчтэй төрдөг вэ?

Ихэнх хүн бага насандаа ганцаараа үлдэх /цэцэрлэг, гэртээ үлдэх/ үед хамгийн анх ганцаардлын мэдрэмжийг мэдэрсэн байдаг. Нас биенд хүрсэн үед ганцаардал нь илүү ухамсартай болон ухамсаргүй шинжтэй болдог. Ганцаардал нь гэр бүлийн харилцаа, уур амьсгал, эрхэлж буй үйл ажиллагаа, нас зүйн онцлог зэргээс хамааралтайгаар эрэгтэйчүүдээс ялгаатай байдаг. Үүнд:

  • Сэтгэл санааны байдал, мэдрэмжээ хуваалцахгүй байх. Эмэгтэйчүүд хийх гэж байгаа үйлдэлээ хийхээсээ өмнө үр дүнг нь гаргаж бусадтайгаа хуваалцаж байж сэтгэл нь ханадаг байхад эрэгтэйчүүд бодитой болж үр дүнгээ өгсөний дараа ярьдаг. Мөн ямар ч асуудлыг хуваалцаж, ярилцаж байж тайвширдаг онцлогтой.
  • Жирэмсэн болон төрсний дараах хямрал. Жирэмсэн эмэгтэйчүүд маш их анхаарал халамж хүсдэг. Хайртай ханиасаа гадна хүн бүрээс халамж хүсдэг. Хайр, халамж дутуу юм шиг мэдрэгдэх л юм бол ганцаардаж, гуниж эхэлдэг.
  • Гэрлэлтийн дараа /анхаарал халамж маш их хүсдэг/. Шинээр гэр бүл болсон хосуудын хувьд харилцаа гэрлэлтийн өмнөх үетэй харьцуулбал сул болохтой холбоотой үүсдэг. Мөн олон идэвхтэй харилцагч нартай байхаа больсонтой холбоотой ганцаардах мэдрэмж хүчтэй төрдөг.
  • Гэртээ хүүхдээ асарч байхдаа / нийгмийн идэвхтэй харилцаа дутагдах/. Амаржсаны дараах хэдэн саруудад нь хүүхэд маш их анхаарал шаарддаг. Нэг нас хүрэхээс эхлээд харьцангуй гараас гарч завтай болох үеэс болон гэртээ 1.5 жилээс дээш хүүхдээ харж байгаа хүмүүсийн хувьд маш их ганцаардаж нийгмийн идэвхтэй харилцааг үгүйлж, өөр нэгэн үйл ажиллагааг эрэлхийлж эхэлдэг. Гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харах ажилгүй байхад хүн идэвхгүй бодлогширох, аливаа асуудлын сөрөг, амжилтгүй талыг түрүүнд боддог болдог. Ингэх нь сэтгэл зүйн хувьд тайван бус байдлыг авчирч, өөрийгөө айдаст автуулдаг.
  • Гэр бүлийн гишүүд болон нийгмийн харилцаанд хагарал гарах үед тус тус хүчтэй төрдөг. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал үнэт зүйл нь тэдний гэр бүл ялангуяа үр хүүхэд, хань ижил нь байдаг. Бүх зүйлээ тэдэндээ зориулж, цаг заваа хайртай хүмүүстээ зориулахыг хичээдэг. Гэр бүлийн хайртай хэн нэгэн гишүүн гомдооход сэтгэл санааны байдал тогтворгүй, тайван бус болох үед маш ихээр ганцаарддаг байна.
  • Зан ааш харилцаа. Эмэгтэйчүүд өөрсдийгөө ганцаардал руу ихэнхдээ түлхэдэг. Манай нийгэмд ч энэ ойлголт байдаг. Эмэгтэйчүүдэд нууцлалын зэрэглэл өндөртэй мэдээллийг хэлэхгүй байх. Сонсохгүй байх нь аль алиндаа дээр гэж үздэг маш олон хүн байдаг.  Шалтгаан нь тэдний зан ааш, харилцаа, хандлага. Харилцагчынхаа чин сэтгэлийн, нууц шүү гэсэн үгийг хүртэл ойлгож, хуваалцаж сонсохын оронд шүүмжилж, доош хийж, үнэгүйдүүлж сонсдог. Энэ байдал нь харилцагчынхаа итгэл, сэтгэлийг алдах, таагүй сэтгэгдэл төрүүлэхэд хүргэдэг. Эцэст нь ямар ч сайн чин сэтгэлээ хуваалцах, ярилцах найз нөхөргүй ганцаараа болж хоцордог.  

Зөвлөгөө

Ганцаардалд бүх насны хүмүүс ямар нэг байдлаар өртөж байдаг. Хэрэв та өөрийгөө ганцаардаж байна гэж үзвэл дараах зөвлөгөөг санал болгож байна.


  • Ганцаардал нь хийсвэр зүйл гэдгийг санаарай. Хэрвээ өөрийгөө ганцаарддаг гэж бодвол ганцаардах л болно. Тиймээс өөрийн бодол санаагаа эерэгээр цэнэглэж, идэвхтэй амьдралын хэв маягийг өөртөө бий болгоорой.
  • Танихгүй, шинэ хүмүүсийн дунд ганцаарддаг. Та шинэ хамт олон дунд ороод удаагүй байгаа бол ганцаардах мэдрэмж төрөх нь энгийн зүйл гэдгийг санаарай.
  • Хязгаарлагдмал орчин нөхцөл. Цомхон хүнтэй газар /улс, нутаг, хамт олон/ бие биенээ мэддэг учир нийгмийн болон сэтгэл зүйн асуудлаа хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй буюу харилцааны хувьд хязгаарлагдмал байдгаас ганцаарддаг.
  • Ганцаардлын мэдрэмж нь бидэнд нийгмийн идэвхтэй харилцаа холбооны хэрэгцээ байгааг илэрхийлдэг. Тиймээс идэвхтэй эсвэл чин сэтгэлээсээ харилцдаг харилцагчийнхаа тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
  • Ганцаардалаа давуу талаа болгон ашигла. Ганцаараа түр хугацаанд байх нь давуу талаа сайжруулах боломж олгодог. Ганцаардал нь мөн бүтээлч байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: хийж дуусгаагүй ажлаа хийж дуусгах, шинийг олж мэдэх, сурах, сурсан зүйлээ улам сайжруулахад гэх мэтээр ашиглаж болно. Зарим хүмүүсийг тэдний  ганцаардал алдартай зураач, яруу найрагч, хөгжмийн зохиолчид болоход нь хөтөлсөн байдаг.

Орчин үеийн завгүй, нийгэм болон бие хүний асуудал ихтэй нийгэмд ганцаардал нь өөрөө өөрийгөө сонсох, мэдрэх боломжийг өгч байгаа гэдгийг бүү мартаарай.

О.Анир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
билгүүнтөгс(103.79.156.36) 2024 оны 10 сарын 14

маш сайн

0  |  0
Top