Албаныхан дээшээ 500, доошоо 50 төгрөгөөр хэлбэлзэх валютын ханшийг ажиглах хойгуур хоёр жил орчим мартагдсан шатахууны үнэ иргэдийн халаасыг тэмтэрч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ шалдаа буусны буянаар өнөөдрийн ам.долларын ханштай эн тэнцүү яригдаж ирсэн шатахууны үнэ зуу зуун төгрөгөөр буурч, алслагдсан аймгуудад 300 хүртэл төгрөгөөр хямдарсан цаг парламентийн сонгуулийн урдхан хүртэл үргэлжилсэн. Улмаар газрын тосны зах зээл дахин сэргэхгүй мэт сэтгэгдэл төрсний улмаас бид ч шатахуун гээчийн ханш талхны үнэд нөлөөлдгийг хоёр жил орчим мартаж орхиж. Тэгвэл газрын тосны экспортод голлон тоглогчид тохиролцоонд хүрэх сураг, түүнийг дагасан таамгууд манай зах зээлд цохилт өгч эхлэв. Үүнийг шатахуун импортлогчид өөр өөрийнхөөрөө ашиглах боллоо. Шатахууны үнийн өсөлт сар гаруйн өмнөөс мэдрэгдэж эхэлсэн бөгөөд анх УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн гэгдэх “Тэс петролиум” компани шатахууны үнээ литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн юм. Бусад нь энэ сарын 1-нээс тарифдаа өөрчлөлт орууллаа.
Ийнхүү алслагдсан аймгуудад эхэлсэн шатахууны үнийн өсөлт өнгөрсөн бямба гаригийн өглөө нийслэлд орж ирсэн. Хэд хоногийн өмнөөс шатахуун импортлогч компаниуд Увс, Өмнөговь тэргүүтэй хилийн аймагт нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр өсгөсөн. Харин Дундговь, Говьсүмбэр аймагт шатахууны үнэ 50-60 төгрөгөөр нэмэгдээд байсан юм. Үүнд, дэлхийн зах зээлийн ханш нөлөөлсөн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат өнгөрсөн сарын 25-ны Засгийн газрын хуралдааны үеэр дуулгасан. Мэргэжлийн Засгийн газрын бүрэн эрх эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд шатахууны гаалийн татвар гурав дахь удаагаа зөөлөрсөн нь тэр байв. Энэ хугацаанд Засгийн газар гурван удаагийн арга хэмжээ авч нэг тонн АИ-92 шатахууны татварыг 370 мянгаар, дизель түлшний татварыг 350 мянган төгрөгөөр бууруулжээ. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, шатахууны импортлогч компаниудтай ойлголцсон талаар мэдээлж байв. Гэвч хувийн хэвшлийг чиглэсэн татварын хөнгөлөлт үр дүнгээ өгсөнгүй. Улмаар хэт өндөр инфляцийн суурь шалтгаан байж ирсэн шатахууны үнэ иргэдийн амьжиргаанд огцом нөлөөлөх нь дамжиггүй. Тодруулбал, бямба гаригийн өглөөнөөс нийслэл дэх шатахуун түгээх станцууд АИ-92 төрлийн шатахууныг 1630, дизель түлшийг 1720 төгрөгөөр хэрэглэгчдэд худалдаж эхлэв.
Үнийн өсөлтөөс сэргийлэх боломж
“Brent” маркийн нэг баррель (158.9873 литр) газрын тосны үнэ өнгөрсөн зургаан сарын хугацаанд хоёр дахин өссөн. Газрын тос экспортлогч орнууд (ОПЕК)-ын хоёр ч удаагийн ээлжит хуралдаанаар газрын тосны хоногт олборлох хэмжээг 1.2 сая баррелиар бууруулахаар тогтож, дээр нь ОПЕК-ийн дарга ОПЕК-ийн гишүүн бус оронтой хийсэн уулзалтаар хоногт олборлох хэмжээг 0.558 сая баррелиар бууруулахаар болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон. Эдгээр мэдээлэл манай шатахууны үнэд нөлөөлсөн бололтой. Тэгвэл эрх баригчдын зүгээс дээр хэлбэлзлээс хэрхэн сэргийлэх талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч С.Мөнхчимэгийн хийсэн судалгаагаар импортын шатахууны нийт өртгийн 46 хувийг бүтээгдэхүүний худалдан авах үнэ, 33 хувийг татвар, 16 хувийг үйл ажиллагааны зардал, таван хувийг ашиг эзэлж байгаа аж. Гэвч өнгөрсөн оны долоо, наймдугаар сард валютын ханш огцом өсөлтөөс бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, ашиг буурах хандлагатай гарсан байна. Улмаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх, төгрөгийн ханш сулрах эрсдэлийг Засгийн газраас татварын хувь, хэмжээг шат дараатайгаар бууруулах эсвэл зах зээл дээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар өртгийн өсөлтийг шингээх бодлогын хувилбаруудыг сонгох гарцыг судлаачийн зүгээс дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн Засгийн газарт иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор төсөвтөө ачаалал авч, шатахууны импортын татварыг дахин бууруулан асуудлыг шийдвэрлэх гарц байна. Эсвэл шатахууны үнийг зуу зуугаар нэмэгдэхийг ажиглан суух бас нэг гарц бий аж. Тэгвэл шатахууны үнэ өчигдрөөс 100 төгрөгөөр өссөнөөс үзэхэд, Засгийн газар хоёр хувилбарыг сонгосон бололтой. Гэхдээ үүний өмнө 320-370 мянган төгрөгөөр бууруулсан татварын хөнгөлөлтийн бодит тооцоо гаргах шаардлагатай гэдгийг зарим судлаач сануулж байгаа юм. Харин өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн шатахуун импортлогчдыг татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлэх буюу үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, татаас өгөх зэрэг зах зээлийн бус арга замуудаас үргэлжлүүлэх нь урт хугацааны бус өнөөдөртөө гал унтраах төдий алхам бөгөөд үнийн хэлбэлзлээс сэргийлэх боломжгүй аж.
“Монгол мөрөөдөл” буюу нефтиэ нэрэх мөрөөдөл биелсэн цагт
Дотоодоо бүрэн хангах газрын тосны нөөцтэй хэдий ч импортоос 100 хувь хамааралтай манай зах зээлийн хувьд газрын тос боловсруулах үйлдвэр үнээ тогтвортой барих ганц боломж. Тиймээс ч Дорнодын талаас газрын тос ойлгогдсон цагаас эхлэн түүхий нефтиэ нэрж, шатахуун гаргаж авах “Монгол мөрөөдөл”-ийг салбарын тээж ирсэн. Гэвч үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтдаг газрын тос боловсруулах үйлдвэр ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд ч энэ зорилтыг тээж байгаа. Тухайлбал, Энэтхэгийн авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтоод буй. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний тээвэр, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд нефтиэ нэрж эхэлсэн тохиолдолд хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 560 мянган тонн шатахуун, 670 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, тосолгоо зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдах зэрэг өөдрөг төсөөлөл мундахгүй аж. Гэхдээ хамгийн гол нь үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо бий. Улмаар Монгол Улс стратегийн бүтээгдэхүүний хараат байдлаас ангижирч, дэлхийн зах зээлийн үнийн савалгаанд өртөхгүй байх болно. Монгол Улс өнгөрсөн онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, үлдсэн дөрвөн хувийг Япон, Солонгос тэргүүтэй бусад улсаас худалдан авчээ.
Д.Мягмардорж
Сэтгэгдэл ( 1 )
Ман-ын сонгуульд хандивлаж оронд нь суудал олж авсан эрхмууд нэгдэж нийлээд иргэдийн халаасыг тэмтэрч уэрсдийн шархаа нухэх ажлаа ч эхлууллээдээ. Цаашид ч их юм боллх бхаадаа. Ман-ханд ичих нуэр эмээх зурх сэтгэл даанч байхгуй авлигачид болсон уу