Нүүрсний салбарт “сэргэн мандалт” гэж хэлж болохоор үйл явц өрнөж байна. Урт хугацааны гэрээ хийснээсээ болж үнийн өсөлтийг “цонхны цаанаас” харж байсан олон компани нүүрсээ шинэ үнээр нийлүүлж эхэллээ. Таван жилийн турш өлсгөлөн байсан тэд өдгөө ашгийг цөм хийхээр яарч байна.
Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 206 ам.доллар болжээ. “Хар алт”-ны үнэ ийнхүү хоёрхон сарын дотор сүүлийн таван жилийн хамгийн оргил үзүүлэлтдээ хүрэв. Үнэ хэтэрхий өсч байснаас ч тэр үү, энэ салбарын ихэнх том компаниуд “Түр зуурынх” гээд олборлолтоо бага зэрэг нэмэхээс өөр хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Харин одоо бол энэ салбарт идэвхитэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Хөрөнгийн зах зээлд уурхайнуудын хувьцааны үнэ өсч, ордуудаа хоорондоо наймаалцаж, хөрөнгө оруулагчдын идэвхи ч илт сэргэв.
Жишээ нь, Оюутолгой төслийг хэрэгжүүлдэг Рио Тинто группийн салбар “Terracom Ltd” компани Австрали дахь нүүрсний уурхайгаа ажиллуулж эхэлсэн байна. Тус компани коксжих нүүрсний уурхайгаа аль 2012 онд хаагааад “мартчихсан” байсан бол одоо эргэн санажээ. Оюутолгой төслийг нэг хэсэг удирдаж байсан Кэмерон Макрей захирлаар нь оччихсон, олборлолтоо эхлүүлээд байгаа аж.
Энэ жишээгээр хаалгаа барьсан байсан олон уурхай эргэн ажиллах, ажиллаж байгаа нь хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ханцуй шамлажээ.
Хятадууд үнэ тогтвортой байх итгэл өглөө
ОХУ 180, Монгол 71 ам.доллараар нүүрсээ борлуулж байна
Оны дөрөвдүгээр улирал ойртохын хэрээр коксжих нүүрсний уурхай болгон тус, тусдаа төлөвлөгөө зохиож, олон жилийн шархаа нөхөхөөр яарч байна. Нүүрсний худалдах, худалдан авах гэрээ урт хугацаагаар ихэвчлэн улирлаар хийгддэг онцлогтой. Тийм ч учраас өсөлт эхлээд хоёр сар өнгөрсөн ч олон уурхай өгөөжийг нь хүртэж чадаагүй байв. Үүний тод жишээ нь манай “Эрдэнэс Тавантолгой” компани 27 ам.доллараар нийлүүлэх гэрээг улирлаар хийснээс болж үнийн өсөлт саяхныг хүртэл манайд хамаагүй байлаа. Оросуудын хувьд байдал манайхаас хавьгүй дээр хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ашиг олж чадахгүй байгаа тухай гоморхсон мэдээллүүд дүүрэн байсан юм. Хойд хөршийн уурхайнуудаас улирлаар гэрээ хийсэн газрууд нь 80 гаруйхан ам.доллар, өнгөрсөн сард гэрээгээ шинэчилж чадсанууд нь 125-140 ам.доллараар нийлүүлж байгаа аж. Тиймээс энэ оноос гэрээгээ шинэчлэхдээ дор хаяж 180 ам.долларт хүргэнэ хэмээн найдлага тавьж байгаа юм байна. Харин манай “Эрдэнэс Тавантолгой” 71 ам.доллараар борлуулах гэрээг хийж чадаад байна.
Монголын нүүрсийг хятадууд “цавчиж” байна
Монголын нүүрс боловсруулалтаар Австрали болон ОХУ-ын нүүрснээс дутуу гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч 71 ам.доллар гэдэг хямд үнэ гэдгийг эдийн засагчид хэлж ярьж байна. Харин компанийн зүгээс харин ч өндөр үнэ хэмээн зөрсөөр, мэтгэсээр байна. Бүр 27 ам.доллараар борлуулдаг байх үед “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал “Манай нүүрс хэтэрхий хямд байгаа бол биднээс худалдаж аваад цааш нь үнэтэй зарж болно шүү” гэсэн мэдэгдэл хийж байсан удаатай. “Таншан боомт дээр байгаа нүүрсний үнэ бол Таншан боомт дахь Ex-Stock хүргэлтийн нөхцөлтэй баяжуулсан коксжих нүүрсний үнэ. Тонн тутмын 140 ам.доллар гэдэг үнэ дотор БНХАУ-ын холбогдох татварууд, агуулахын талбайн хураамж, тээврийн зардал болон авто зам, төмөр зам болон Австрали улсаас БНХАУ хүрэх далайн тээврийн зардал, түүхий нүүрсийг угааж баяжуулах зардал, баяжуулахад гардаг хорогдол болон бусад холбогдох зардлууд бүгд орсон үнэ. Таншан боомт хүргэх эдгээр зардлууд нь нийлээд тонн тутмын 115 орчим ам.доллар болж байгаа тул Австралийн уурхайн амны өнөөгийн үнэ 30 орчим ам.доллар байна” гэх тайлбар тухайн үед гарч байсан. Түүний хэлсэн 115 ам.доллар бол нүүрсний үнээс хамааралгүй. Ямар ч тохиолдолд тогтмол байх зардлууд харагдаж байна. Тэгвэл үнэ 100 хүрэхгүй ам.доллар байхад Австралийн компаниуд яаж, амьдарч байсан болж таарах вэ. Тэд буянтнууд биш шүү дээ. Тэгэхээр дээрх эрхмүүдийн яриа бодитой эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Үнэн хэрэгтээ Хятадын зуучлагч компаниудын “цавчаа”-наас болж л Тавантолгойн ашиг буурч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нүүрс экспортлохдоо дундын компаниар дамжуулахгүй байх бодлого баримтална” гэж мэдэгдсэн нь цавчаа байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон. Бас цаашдаа “цавчаа” үгүй болох юм байна гэсэн найдлага төрүүлсэн билээ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 1 )
tiim undur uneteig avch bolood l bgaa biz dee hujaa nar shaaj bgaan