Хар тамхи, зэвсгийн наймааны халхавч гэгддэг биткоин Монголд залрав уу

2017 оны 02 сарын 08

Мөнгөний шинж чанар юунд оршдог вэ гэвэл мөнгө нь эд зүйлс биш. Харин нийгмийн харилцаа байдаг. К.Маркс ингэж хэлжээ. Үүнээс авч үзвэл мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа тэр бүх зүйлсийг мөнгө гэж дүгнэж болно. Гэхдээ мөнгө гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нэгдүгээрт, бүх нийт хүлээн зөвшөөрсөн байх. Хоёрдугаарт, залгамж шинж чанартай байх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь мөнгөний нийлүүлэлтийг төр хариуцдаг байх ёстой юм.

Мөн нэг ижил төрлийн, авч явахад хялбар байх гэгчлэн үндсэн чанарыг агуулж байж мөнгө гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүн төрөлхтөн анх цаасан мөнгө хэрэглэж эхэлснээс хойш олон зууныг  үджээ. Тэгвэл өнөөдөр цаасан мөнгө хэрэглээнээс шахагдаж цахим карт түгээмэл хэрэглэгдэх болсон. Үүнтэй  зэрэгцэн  цахим мөнгө буюу биткоин гэх зүйл зах зээлд хэдийнэ нэвтэрсэн байна. Одоогоор энэ нь дэлхийн бараг бүх улсад хэрэглэгдэх болсон бөгөөд хэрэглээний хувьд маш өргөн хүрээнд яригдаж байгаа юм байна. Тэгвэл биткоин гэж юу вэ. Энэ нь бидний амьдралд хэрэгтэй юү. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд энэ систем нэвтрэх нь зөв үү, буруу юу гэдгийг энэ удаагийн нийтлэлээрээ тодруулахыг хичээсэн юм.

Цахим мөнгө буюу цахим “валют” гэж нэрлэгдэж буй биткоинийг анх 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд өөрийгөө Сатоши Накамота гэж нэрлэсэн программист санаачилж, загварыг нь боловсруулан эх кодыг бичжээ. Тэрбээр энэ тухайгаа “Аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох, ямар нэг шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй тийм мөнгөн тэмдэгт бүтээхийг хүссэн” гэж олон нийтэд илгээсэн захидалдаа тайлбарласан байдаг. Энэ тайлбараас үзвэл үнэхээр л хүн бүхний хүсэн мөрөөддөг төлбөрийн хэрэгсэл мэт харагдана. Даан ч түүний энэ санаа биелэлээ олсонгүй. Учир нь дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй биткоин нь хар тамхи, хүний наймаа болон галт зэвсгийн наймаа эрхлэгчдийн гол хэрэглээ болоод зогсохгүй улстөрч, бизнесменүүдийн бохир мөнгөө угаах хэрэгсэл болжээ. Энэ төрлийн бизнес манай улсад дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд тодорхой хүрээллийг бий болгосон байна. Давос-2016 чуулганы үеэр “Морган стэнли”, “Дойче” банк, Олон улсын валютын сан зэрэг дэлхийн санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагын удирдагчид биткоин буюу онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө болон блокчейн технологийн хэтийн төлөвийн талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн байдаг. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Биткоин цахим мөнгө нь алс ирээдүйд “мөнгө-зээлийн бодлогыг өөрчилж, санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй юм” гэж анхааруулаад “Гэхдээ одоохондоо үүнд санаа зовох нь эртэднэ. Учир нь биткоин цахим валютын нийт мөнгөн дүн долоон тэрбум ам.доллар. Энэ нь  дэлхий дээрх нийт мөнгөний массыг мянга хуваасны нэгээс ч бага хувийг эзэлж байгаа юм. Тиймээс улс орнууд өөр өөрсдийн зохицуулалтыг оновчтой хийх хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, галт зэвсэг зэрэг хууль бус наймааг онлайнаар худалдаалдаг байсан сайтыг хааж, эзэмшигчийг нь баривчлах үеэр гүйлгээгээ биткоиноор хийдэг байсан нь илэрчээ. Үүнээс гадна хүний наймаа, эрхтэн наймаалах болон хууль бус орлогоо нуун дарагдуулах зэрэг бүхий л хууль бус бизнесийн ард биткоины нэр дурдагддаг байна. Үүний шалтгаан нь Сатоши Накамотагийн тайлбарласанчлан биткоин нь аль ч улсын засгийн газар хянах боломжгүй. Хэн нэгэн рүү гүйлгээ хийхийн тулд гуравдагч этгээд буюу банк санхүүгийн байгууллагын оролцоо шаардлагагүй. Мөн бараг шимтгэл төлдөггүй зэрэг нь ийнхүү хууль бус наймаа эрхлэгчдийн өгөөш болоход хүргэжээ. Тиймээс ч биткоины үүсэл гарлыг зарим шинжээч “Сатоши Накамота гэж хүн амьдрал дээр огт байхгүй. Зэвсгийн наймаачид эсвэл алан хядагчид өөрсдийн сүлжээгээ өнгөлөн далдлахын тулд энэ системийг зохиосон” гэж таамагладаг байна. Биткоины ажиллах зарчмын хувьд маш энгийн. Та өөрт байгаа доллараар биткоин худалдаж авахад л энэ сүлжээний “тоглогч” болох юм. Мэдээж үүний тулд хувийн мэдээллээ бүртгүүлж, тоон гарын үсэг авах шаардлагатай. Ажиллах зарчмын хувьд банкнаас тэс өөр. Хэрвээ та хэн нэгэнд мөнгө шилжүүлэх бол банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банкны данс руу шилжүүлэг хийдэг. Юм худалдан авахад ч ялгаагүй банкаар дамжих хэрэг гардаг шүү дээ. Түүнчлэн банкны дансан дахь мөнгө алга болох, банк дампуурах зэрэг эрсдэл үүсвэл банкны эзэнтэй заргалдаж болно. Цаашлаад засгийн газарт ч гомдол гаргах эрхтэй. Эндээс үзвэл банк нь хариуцах эзэнтэй, тэр хэрээрээ эрсдэл багатайд тооцогддог. Ядаж л мөнгөө авъя гэвэл гар дээр тоолоод өгөх боломжтой шүү дээ. Харин биткоины хувьд бүх зүйл эсрэгээрээ. Энэ системийг хянах, шалгах бүр хариуцах эзэн, хувь хүн, албан байгууллага гэж огт байхгүй. Тэгвэл юунд итгэж үүнд хөрөнгө оруулж байна гэж та асуух байх. Мэргэжилтнүүдийн хэлснээр биткоинын сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан бөгөөд ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй гэжээ. Ажиллах зарчмын хувьд маш энгийн бөгөөд биткоинын P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр нөгөө хүндээ шууд мөнгөө шилжүүлдэг байна. Хэрвээ та хэн нэгнээс бараа худалдаж авбал төлбөрийн үнийн дүнтэй дүйцэхүйц биткоиныг нөгөө хүндээ шилжүүлэх үед таны гүйлгээ сүлжээнд байгаа бүх хүнд харагддаг байна. Өөрөөр хэлбэл, танд 10 биткоин байснаас дөрвийг нь Бат руу шилжүүллээ гэж бодоход таны дансанд зургаа үлдэж, Батийнх дөрвөөр нэмэгдсэн мэдээлэл сүлжээн дэх бүх хүнд мэдэгддэг байна. Харин банкны хувьд тухайн гүйлгээг банк, хүлээн авагч, шилжүүлэгч гэсэн гурван этгээд л мэдэхээс биш банкны бүх харилцагчид мэддэггүй шүү дээ. Биткоины энэхүү  ажиллах зарчим нь хэрэглэгчдийг өөртөө улам татаж, хүрээгээ тэлэх гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс ч уг системийг цэвэр итгэлцэл дээр тогтсон сүлжээ гэж олон нийтэд тодорхойлдог аж. Харин АНУ-ын Засгийн газраас биткоиныг нэгдсэн удирдлагагүй, нэгдмэл бус виртуаль валют гэж тодорхойлсон байна. Одоогоор америк болон европ, ази тивийн олон зуун компани биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийх болжээ.

Манай улсад энэ төрлийн бизнес нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд “Ард” санхүүгийн нэгдлээс эхлээд цөөнгүй тооны жуулчны компаниуд төлбөр тооцоогоо биткоиноор хийх, үүнийг төвлөрүүлэх ажлыг хийж байгаа аж.  Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

 

АМ.Доллартай адил эдийн засагт дарамт үзүүлэхгүй

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: 

-Таныг биткоин судлах, нэвтрүүлэх тал дээр ажил­лаж байгаа гэж сонссон. Манай улсад энэ төрлийн гүйлгээг нэвтрүүлэх нь хэр зөв шийдэл вэ?       

-Биткоин бол аль ч мөнгөн тэмдэгт рүү чөлөөтэй хөрвөдөг валют. Монгол Улсад ямар ашигтай вэ гэвэл аль нэг улсын Засгийн газраас хараат бус, цаасан хэлбэрийн бус, зөвхөн бүртгэл хэлбэрээр цахим орчинд байдаг учир бидэнд илүү давуу талтай. Ам.доллараар жишээ авъя л даа. Америкийн засгийн газрын тэргүүн солигдлоо, нүүрс, нефтийн ханш өсч, буурлаа гэх болгонд ам.долларын ханш хэлбэлздэг. Үүнээс болж бараа бүтээгдэхүүний яаж нэмэгддэг билээ. Гэтэл биткоинд ийм сөрөг тал байхгүй. Сул талын хувьд Хятадууд биткоиноор гүйлгээ хийхийг хориглох үед ханш нь унах тал ажиглагдсан. Мөн нууц хөрөнгөө биткоинд шилжүүлж хил дамнуулах, хар тамхи, хүний наймаа болон галт зэвсгийн наймаанд биткоиноор төлбөр тооцоогоо хийх нь нэмэгдсэн. Үүнд Засгийн газраас тавих хяналт байхгүй нь хэрэглээг улам дэвэргэдэг. Бусдаар бол хувь хүнд санхүүгийн эрх чөлөө өгдөг сайн талтай. Ядаж л банк хооронд мөнгө шилжүүлэхэд төлдөг шиг өндөр шимтгэл авахгүй. Ямар ч валют руу чөлөөтэй хөрвөнө. Ингэхээр хүссэн бараагаа боломжийн үнээр худалдаж авах боломжтой гээд тоочвол давуу тал олон бий.

-Нийтдээ 21 сая биткоин зах зээлд нийлүүлэх боломжтой гэж мэдээлсэн. Гэхдээ нэг биткоиныг тоон системээр үржүүлбэл энэ нь хэдэн тэрбум ам.доллартай тэнцэнэ гээд байгаа. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад санхүүгийн тогтворгүй одоогийн нөхцөлд гадагшаа урсах валюын хэмжээг улам ихэсгэх юм биш үү?

-Одоогоор 16 сая орчим ам.доллар нь зах зээлд нийлүүлэгдсэн. 2041 онд сүүлийн биткоин гарна гэсэн төлөвлөгөө бий. Гадагшаа урсах валют гэж ярьвал ам.доллар, юанийг ч дотооддоо хэрэглэдэггүй. Ингэхээр ялгаагүй. Нэг нь гарт бэлэн баригдаж, тоологддог зүйл. Нөгөөх нь интернэт орчин дахь шифрлэгдсэн тоон систем. Анх нэг ч ам.долларын үнэгүй байсан зүйл өнөөдрийн байдлаар нэг биткоин нь 1024 ам.доллартай тэнцэж байна. Арав хүрэхгүй жилийн хугацаанд үнэ цэнэ нь ингэж өссөн гэхээр дэлхийн нийтийн эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.

 

Биткоиныг зохицуулах боломжгүй

МТХХГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгсайхан: 

 -Дэлхийд хүчээ авч байгаа бит­коин  манай улсад нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Манайд энэ төрлийн бизнес явуулахад технолгийн чадамж хэр байна вэ?

-Биткойны систем нь хяналттай, хяналтгүй гэсэн хоёр орчинд үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хувьд биткоины үйл ажиллагааг зохицуулж, хянах боломж одоогоор алга. Олон улсад хамгийн хүчтэй валют гэж тооцогддог. Гэсэн ч үүний цаана бохир мөнгө угаах, хууль бус наймаа эрхлэх зэрэг хууль бус үйлдлүүд нуугдах болсон. Манайх  үүний золиос болохыг үгүйсгэх аргагүй. Цахим хэлбэрээр мөнгө гаргах гэж яригдвал candy, GG ч гэсэн ялгаагүй цахим мөнгөд тооцогддог. Сandy-г мобиком дээр очоод мөнгө болгож болно. Интернэт эрх эсвэл нэгж худалдаж авах боломжтой гэдгээс харвал биткоинтой яг ижил. Биткоиныг бэлэн мөнгө болгож болно. Эсвэл бараа бүтээгдэхүүнээр сольж болно. Ямар ч ялгаагүй цахим мөнгө. Нэг ялгаатай зүйл нь биткоин нь дэлхийн олон улс орныг хамарсан цахим мөнгө. Энд нэг зүйл тодруулж хэлэхэд candy, GG үйлчилгээ  нь мөн л хууль бус шүү дээ. Энэ гүйлгээг зөвшөөрсөн хуулийн нэг ч заалт байхгүй. Манай байгууллагын хувьд зохих зөвшөөрлөө авсан байгууллагыг технологийн тал дээр дэмжлэг үзүүлж ажилладаг.

-Интернэт орчинд ажиллаж, тухайн хүний нууцлал алдагдах эрсдэл нь хэр их бий вэ?  

-Биткоины хэрэглэгч болоход цахим гарын үсэгтэй байхыг шаарддаг. Монгол Улсын хувьд цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц үүсээд тогтвортой ажиллаж байна. Цахим гарын үсэг гэдэг нь сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллээ нууцлах зориулалттай шифрлэгдсэн программ. Хувь хүн өөрөө нууцлалаа хэрхэн хамгаалахаас бүх зүйл хамаарна.

-Дэлхийд биткоинтой холбоотой 300 гаруй сервер ажиллаж байгаа гэсэн. Ямар нэгэн байдлаар эдгээр сервер унтарвал энэ тогтолцоо нурах эрсдэл бий юү?

-Бикоины гол онцлог нь хэн хэнд хэдэн биткоин шилжүүлсэн бэ гэдэг нь олон нийтэд нээлттэй харагддаг. Харин дамжуулагдахдаа нууцлагдсан байдлаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл, би мөнгөө шилжүүлэхдээ цахим түлхүүр үгийн тусламжтайгаар гүйлгээ хийх ёстой. Түлхүүр үгээ хэр сайн хадгална. Төдий чинээ чиний данс найдвартай байна гэсэн үг. Биткоин нь интернэт орчинд cloud буюу үүлэн хэлбэртэй явагддаг. Аль нэг сервер унтарч тэнд нь түлхүүр хадгалагдсан байлаа ч үүнийг задлах ямар ч боломжгүй.

-Тэгэхээр энэ төрлийн бизнес манай улсад хөгжих боломжтой гэсэн үг үү?

-Технологи талаасаа хөгжих бүрэн боломж бий. Эдийн засаг талаасаа ямар сөрөг нөлөөтэйг хэлж мэдэхгүй байна.

 Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлбэл хууль зөрчсөнд тооцно

Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Энхболдбаатар:

-Биткоины үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг танай байгууллагаас ямар нэгэн байгууллага авсан уу. Энэ төрлийн гүйлгээ хийх нь хууль журамд зөвшөөрөгдсөн юм болов уу?

-2009 оны хуулиар “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ” гэж заасан бий. Энэ хуулиар бол биткоины үйл ажиллагаа нь хууль бусад тооцогдоно. Манайхаас нэг ч байгууллага энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг аваагүй. Хяналт шалгалтаар илэрвэл хуулийн дагуу хариуцлага тооцох болно.

-Албан байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэдий хугацааны давтамжтай зохион байгуулдаг вэ?

-Монголбанктай хамтарч өнгөрсөн оны есдүгээр сард ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийсэн. Бүх байгууллагыг шалгах хүндрэлтэй. Тиймээс түүврийн аргаар хууль бус гүйлгээ хийх магадлалтай зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудыг шалгаж, гарсан зөрчлийг арилгуулсан.

-Хэрвээ хууль бус юм бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг танайх шалгах уу?

-Яг одоогоор манайд ирсэн мэдээлэл, гомдол алга. Энэ асуудлыг манай байгууллага хянаж, шалгахгүй. Цагдаагийн байгууллага шалгах байх.

Ямартай ч дээрх гурван байгууллага ийм байр суурьтай байна. Энэ талаар Дэлхийн банк, Монголбанк болон Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодруулах гэсэн боловч хариуцсан ажилтан нь гадуур ажилтай байв. Харин Монголбанкны Хэвлэл мэдээллийн албанаас “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, хаврын чуулганд өргөн барихаар болсон. Энэ хуульд биткоин болон түүнтэй төстэй төлбөр тооцоо, гүйлгээний талаар нарийвчлан заасан байгаа” гэх тайлбар өгсөн юм. Дээр хэлсэнчлэн бохир мөнгө угаах, хар тамхи, хүн наймаалах, галт зэвсгийн худалдаа зэрэг хууль бус худалдааны өнгөлөн далдлалт болдог биткоинийг манай урд хөршөөс эхлээд дэлхийн олон оронд валют гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар төлбөр тооцоо хийхийг хориглосон байна. Үүний шалтгаан нь мөн л дээр хэлсэн гэмт хэргүүдээс үүдэлтэй аж. Гэтэл манай улсад энэ төрлийн бизнес дэлгэрээд зогсохгүй хүчээ аван хөгжиж буй нь Монгол Улс гэмт хэргийн үүр уурхай, тэр дундаа бохир мөнгө угаадаг “угаалгын газар” болчих вий гэсэн хардлага төрүүлж буй юм.

Г.Нацаг-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гулжан Темирбек(197.234.221.199) 2018 оны 10 сарын 16

Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com

0  |  0
Top