Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачдаг вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 09

Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн  газраас 2016 оны 4-р улиралд Монгол улсад  үйл  ажиллагаа явуулж буй хүүхдийн халамж,  асрамжийн төвүүдэд “Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын байгууллагуудын үйлчилгээний стандарт МNS 5852:2008 –ийн хэрэгжилтэд  хяналт мониторинг хийх ажлын хэсэг  томилогдон ажиллажээ.  Улсын  хэмжээнд  нийт 23  байгууллагын 36 асрамжийн төвд 1060 хүүхэд амьдарч, 448 албан  хаагч үйлчилгээ  үзүүлж   байна. 

Мөн дээрх төвүүд  халамж асрамжийн  үйлчилгээг  төвлөрсөн болон  хувилбарт үйлчилгээний  хэлбэрээр үзүүлдэг аж.  Монгол улсын  төрөөс, төсвөөс санхүүждэг гурван  төв буюу  "Өнөр  бүл" хүүхдийн  төв, "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор", "Нялхсын клиник сувилал" төвлөрсөн асрамжийн үйлчилгээ үзүүлдэг.

Тэгвэл  Засгийн Газрын  хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас асрамж халамжийн байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч, санал солилцох уулзалтыг өчигдөр /2017.02.08/ зохион байгууллаа. Энэ үеэр тэдний  үйл  ажиллагаанд  тулгамддаг зарим асуудлыг хэлэлцэж улмаар үйл ажиллагааны  төлөвлөгөөндөө  тусган  хэрэгжүүлж шийдвэрлэхээр  болов.


Тухайлбал тэдэнд тулгамддаг нийтлэг асуудлууд болох олдмол хүүхдүүдийг бичиг баримтжуулах асуудал, мөн тэтгэмжийн мөнгө нь олддоггүй, 18 нас хүрээд асрамжийн газраасаа явах болоход тэднийг нийгэмд хүлээн авах газар үгүй. Үүнээсээ болоод олон эрсдэлд ордог талаар асрамж халажийн газрын төлөөллүүд ГБХЗХГ-ын удирдлагуудад хэлж байлаа. Түүнчлэн тус салбарын бодлогын тогтолцоо нь алдагдсан,  засаг солигдох бүр тэдний асуудлыг "Шийднэ" гэж амладаг ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүйн дээр бүтцийн тогтвортой механизм байхгүйд асуудал оршиж байгаа болохыг ч н.Лхамсүрэн хэлэв.

Мөн Их, дээд сургуульд ороход нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт болоод орон байрны асуудалд нь анхаарч ажиллахыг хүсэв. Энэ нь асрамжийн төвийн хүүхдүүдийн хувьд тун хүнд асуудал болжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд төрөөс сар бүр өгч байгаа мөнгийг нь хадгалж хуримтлал үүсгэдэг. Гэхдээ энэ нь ойр зуурын хэрэглээнд нь зарцуулагддаг аж. Үүний цаана  хувцас, ном дэвтэр, дотуур байрны хөлс гэх зэрэг олон асуудал хэвээр байдаг талаар ний нуулгүй ярилаа.

Түүнчлэн асрамж халамжийн байгууллагуудын албан хаагч нарын ажлын нөхцөл маш хүнд байдаг ч  тэдний нийгмийн асуудал нь орхигдсон болохыг  ч энэ үеэр онцлон хэлж байсан юм.

"Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв”-ийн хувьд тухайн хүүхдийг 18 нас хүрэхээр нь "асран хамгаалагч" гэсэн хүнд нь шилжүүлж өгөхөөс бус цаашид яах эсэхийг нь бүрэн шийдэж өгөх боломж байдаггүй байна. Асрамжийн төвөөсөө гарсан хүүхдүүд хэд хэдээрээ нийлж амьдрах нэгэн ч байхад  тэгж чадахгүй, буруу зүйлд уруу татагдах нэг хэсэг нь ч бий. 

Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачих вэ гэдэг асуудал  үнэхээр хүнд байдаг. Цаашид амьдралд хөлөө олоход нь туслах боломж тэр бүр байдаггүй” энэ тал дээр холбогдох байгууллагууд нь анхаарч ажиллахыг  “Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв”-ийн хүмүүжүүлэгч багш  н.Одончулуун хэлж байлаа.

 


Энэ талаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун "Халамж асрамжын газруудад амьдардаг хүүхдүүдийн эцэг эх нь байгаа мөртлөө ихэвчлэн олддоггүй. Гэтэл эдгээр хүүхдэд тэтгэмж хөөцөлдөх гэхээр "Эцэг эхийнх нь нас барсны гэрчилгээг нь аваад ир" гэдэг. Гэтэл ээж,аав нь олдохоосоо олдохгүй нь их учраас  тэдний халамжийн асуудал нь орхигддог зэрэг маш олон асуудлыг бид ярилцлаа. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар халамж асрамжийн газруудын хүүхдүүдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх талаар  ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Үүний хүрээнд халамж асрамжийн газруудын удирдлагуудыг хүлээн авч тэдний  өмнө тулгамддаг асуудлыг сонслоо. Эндээс гарсан санал санаачлагыг цаашид бид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгах, гарцыг нь олох, ажил хэрэг болгоход энэхүү уулзалтын гол зорилго оршиж байна.  2009 онд гаргасан  халамж асрамжийн газруудын мөрдөж ажиллах стандартыг ч гэсэн одоо өөрчлөх шаардлагатай болсон. Мөн хувилбарт үйлчилгээний журам боловсруулах зэрэг эргэх холбоог сайжруулахгүй бол төрийн бус чиглэлээр ажилладаг халамж асрамжийн газруудын асуудал орхигддог. Мөн халамжийн дараах  үйлчилгээг идэвхжүүлэх зэрэг асуудлууд ч яригдаж байгаа" гэв.

Асрамж халамжийн үйлчилгээг гэр бүлийн  орчинтой дүйцэхүйц хувилбарт хэлбэрээр үзүүлэх  нь үйлчлүүлж буй хүүхдийн хөгжил, төлөвшилд илүү эерэг нөлөөтэй байхаас гадна амьдрах  ур  чадварт суралцах тал  дээр халамжийн хувилбарт үйлчилгээнд хамрагдаж  буй хүүхдүүд илүү сайн  байгаа нь дээрх ажлын хэсгийн  дүгнэлтээс харагджээ.

Асрамжийн төвийн багш нарын ярьж байгаагаар сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүд ирэх нь ихэссэн байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулж, тусдаа төв байгуулах шаардлагатай байгаа талаар мөн ярьж байлаа.

Б.Алтжин

 


 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2025 оны 03 сарын 13

Улсаас хуухдийн ирээдуйд хийх ажил их б на .Их ,дээд сургуульд суртал нь есгех хэрэгтэй биз дээ.Яагаад замаас нь зогсож б на,хуулиа боловсруулаа чээ. Зевхен 18 уу 16 хургээд хаячихаар энэ хуухэд яаж жумуужих бэ?бид нар ээж аав биз дээ.Гудамж нд гарчээ,Гэгээлэг зам руу дэмжье.

1  |  0
Top