АНУ-ын баатар, ахмад Вилиам Свенсон

2017 оны 02 сарын 15

АНУ-д тулааны талбарт өөрийнхөө амь насаа хайрлалгүй баатарлаг гавьяа байгуулсан зөвхөн цэргийн алба хаагчдад олгодог “Хүндэтгэлийн медаль”(Medal of Honor) гэж бий. Манайхаар бол “Улсын баатар”-тай дүйх уг цолыг АНУ-ын Ерөнхийлөгч, Конгрессын нэрийн өмнөөс биечлэн гардуулж өгдөг уламжлалтай. Харамсалтай нь уг хүндтэй шагналын эзэд цусан гавьяа байгуулаад амь насаа алдах нь олонтоо тул ихэвчлэн нэхэн шагнагддаг. Амьд байлаа ч гэсэн тахир дутуу болж үлдэх нь элбэг, тийм учраас амьд ахуйдаа уг медалийг авсан хүн гарын “таван хуруун”-д багтахаар цөөхөн бий. Америкчууд 2001 оноос эхлэн Афганистан улсад “терроризмын эсрэг” явуулж буй байлдааны ажиллагааны явцад нийтдээ 14 цэрэг эрс “Хүндэтгэлийн медаль” хүртжээ. Тэдний нэг болох АНУ-ын 1-р уулын дивизийн 3-р бригадын 1-р батальоны ахмад В.Свенсоны(William D.Swenson) түүхийг өгүүлж байна. 

2009 оны 9 дүгээр сарын 8-ны өглөөний 06.00 цагт Афганистаны Ганжар суурингийн орчимд тосгоны ахмадуудтай уулзалт зохион байгуулах зорилготой явж байсан америк болон афганистаны армийн хамтарсан цэргийн цуваа талибаны отолтод оржээ. Ганжар нь Афганистаны Канар мужийн өмнөд хэсэгт, Пакистаны хилийн ойролцоо оршдог суурин газар юм. Цуваанд америкийн 11 сургагч, афганистаны үндэсний арми болон афганы хилийн 95 цэрэг явж байсан бол эсрэг талд сайтар зэвсэглэсэн талибаны 60 орчим дайчид байв. Өнгөц харахад америкчууд болон афганы үндэсний армийн дайчдын тоо хамгаагүй илүү харагдаж байж болох ч ууланд хэн өндөрлөг газар, ашигтай байрлал эзэлсэн нь ялалт байгуулдаг “жам”-тай. Нэг ёсондоо байшингийн дээвэр дээрээс доор гудамжинд яваа хүнийг толгой дээрээс нь буудаж байгаатай дүйцүүлж болно. 

Ингээд ширүүн тулалдаан эхэллээ. Цуваа тэр чигтээ зогсож, дайсан гурван талаас толгой өндийх зай өгөхгүй автомат, пулемёт, гранатомётын галаар ширүүн галлаж байв. Тулаан эхэлснээс хойш цагийн дараа гэхэд нэлээд хэдэн хүнээ алуулж шархдуулсан ба цувааны толгойд явж байсан “хаммер” жийптэй 4 америкийн цэргүүдтэй холбоо тасарлаа. Харин цувааны сүүл хавьд явж байсан ахмад В.Свенсон далдлалтаас гарч дайсны галын дундуур урагшаа явж, замдаа таарсан шархдсан америк болон афган цэргүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж эхлэв. Мөн радио станцаар “Төв”-тэй холбоонд орж, байлдааны нисдэг тэрэгний болон артиллерийн галын дэмжлэг удаа дараа хүсэж, дайсны байрлалын координатыг дамжуулж байв. Бүр дайснууд баруун гар талаар нь ороож бүслэх маягтай давшиж эхлэх үед, тэрбээр бүрэн бүслэгдэхгуйн тулд өөрийн 3 цэргийн хамт шилжилт хийж дайсны өөдөөс хориглон тулалдаж эхлэв. Тэрбээр цагийн байдлыг үнэлээд ухрахаас өөр гарцгүй гэдгийг ойлгосон ба “төв”-өөс артиллерийн галаар утаан хөшиг тавьж өгөхийг хүссэн боловч ямар ч тусламж авч чадсангүй. Дайснууд тэднийг бүрэн бүсэлж авсан гэдэгтэй итгэлтэй байсан тул бууж өгөхийг шаардсан байна. Харин ахмад В.Свенсон орчуулагчаараа дамжуулан “Бууж өгөхгүй, эцсээ хүртэл тулалдах болно,” гэж хариу хашгираад гар гранат шидэж байв. 

Энэ хугацаанд тэрбээр “үхлийн бүс”-ээс гурван ч удаа гарч америк болон афганы алагдаж, шархтай цэргүүдийг аюулгүй газар татан гаргасан байдаг. Ахмад В.Свенсон өөрийн бүлэгтэй хамт цувааны толгой руу бага багаар дөхөн холбоо тасарсан америкийн дөрвөн цэргийг хайж эхэлжээ. Ингэж явах замдаа таарсан шархдсан афган цэргүүдэд тусламж үзүүлж явав. Байлдаан явц сунжирч бараг үд дунд гэхэд/тулаан эхэлснээс хойш 6-7 цагийн дараа Р.Э./ цувааны толгойд явж байсан 4 америк цэргүүдийн байрлалд арай хийж хүрч очсон байна. Харамсалтай нь тэр 4 цэрэг бүгд амь үрэгдсэн байлаа. Тэдний машинд ачиж байх үед түүнтэй хамт явсан 1-р зэргийн ахлагч К.Вествроок хүзүүндээ хүнд шархдсаныг эмнэлгийн нисдэг тэрэг дуудаж, ар тал руу татан гаргаад эргээд тулааны талбар руу явсан байна. Ахлагч К.Вествроок эмнэлэгт үхэл амьдралтай 29 хоног тэмцсэний эцэст хүзүүндээ авсан шархаа даалгүй нас барсан юм. Ингээд тэр өдрийн тулаан афганы 10 цэрэг, америкийн 5 цэрэг амь насаа алдсанаар дуусчээ. Тулааны дараа ахмад В.Свенсон өөрийн дарга нар болон тухайн өдрийн жижүүрийн ажиллагааны офицеруудыг цагийн байдлыг зөв үнэлж, шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлж чадаагүй хэмээн хүчтэй шүүмжилсэн байдаг. Шүүмжлэл зарим даргын дургүйг хүргэв. Бүр түүнд “сангуулга” бүхий захиа хүргүүлж байв. Харин тухайн өдрийн тулалаанд оролцсон цэргүүд бүгд санал нэгтэйгээр ахмад В.Свенсонг гавьяа байгуулсан гэдгийг нотлож байсан тул 2009 оны 12 дугаар сард батальон захирагч нь түүнийг “Хүндэтгэлийн медаль”-д тодорхойлсон хүсэлтийг дээш нь явуулжээ. Гэвч энэ хүсэлт хачирхалтай тохиолдлоор замдаа алга болсон байдаг. Энэ байдлыг зарим хүмүүс түүнийг дарга нараа шүүмжилсэн учраас шийтгүүлж байгаа юм гэж ярьж байсан байдаг. 


Харин Ганжарын тулаанд ахмад В.Свенсоны хамтаар тулалдаж яваад гавьяа байгуулсан америкийн тэнгисийн явган цэргийн бага дарга Дакота Мейер/Dakota Meyer/ “Хүндэтгэлийн медаль” хүртлээ. Бага дарга Д.Мейер нь 38 жилийн дараа амьд ахуйдаа энэхүү хүндтэй шагналыг хүртсэн тэнгисийн явган цэрэг болсон юм. 

Дарга нараа шүүмжилсэн ахмад В.Свенсон нөгөө “ноёнтой өштэй хүн хонгогүй” гэдгийн үлгэрээр цаашид армид алба хаахад хүнд болов. Тэрбээр сайтар бодсоны эцэст 2011 оны 2 дугаар сард армиас тэтгэвэрт гарсанаар асуудал чимээгүй дууслаа. 
Гэвч бүх зүйл тийм амархан мартагдсангүй. Нөгөө ахмадтай хамт тулалдаж яваад “Хүндэтгэлийн медаль” хүртсэн тэнгисийн явган цэргийн бага дарга Дакота Мейер, Ганжарын тулалдааны тухай дурсамжийн ном бичжээ. Уг номонд ахмад В.Свенсоны байгуулсан гавьяаг яг үнэн бодитоор нь хар, цагаанаар нэг бүрчлэн бичсэн байсан тул маш олон хүмүүс түүний хаана байгааг сонирхон асууж сураглах болов. Бас нэг сонирхолтой тохиолдол боллоо. Тухайн өдрийн тулалдаанд эмнэлгийн татан гаргалтын нисдэг тэрэгний багийн нэгэн гишүүний дуулганы камерт ахмад В.Свенсон шархдсан цэргийг нисдэг тэргэнд оруулж өгөөд шууд тулааны талбар руу буцаж байгаа тухай нэгэн бичлэг гарч иржээ. Бичлэгт гарч буй шархдсан цэрэг бол нөгөө амиа алддаг 1-р зэргийн ахлагч К.Вествроок байсан ба ахмад түүнийг нисдэг тэргэнд оруулж өгөөд буцахдаа духан дээр нь үнсэж байгаа нь тод бичигдэн үлджээ. Тулалдааны талбарт зэвсэг барин мөр зэрэгцэн тулалдаж яваад үхлийн шарх авсан дайчин нөхрөө дахин уузлахгүйгээ мэдсэн юм шиг духан дээр нь үнсэж эцсийн замд нь үдэж буй ахмадын баатарлаг үйлдэл олон хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн тул америкийн олон нийт энэ талаар шуугин ярих болжээ.

Олон хүн түүнийг байгуулсан гавьяандаа таарсан шагнал хүртэх ёстой гэж үзэх боллоо. Тухайлбал америкийн тэнгисийн явган цэргийн генерал Р.Аллен, “Хэрвээ ахмад В.Свенсон байхгүй байсан бол Дакота Мейер ч гэсэн амиа алдах байсан юм,” гээд түүнд баатар цол олохыг шаардаж байсан байдаг. Ингээд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас түүний хэргийг дахин нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба дүнг нь 2014 оны 5 дугаар сард танилцуулав. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд Ганжарын тулалдаанд ахмад В.Свенсон нь үнэхээр баатарлаг тулалдсан нь бүх талаар нотлогдов. Харин өөр гурван офицерт шийтгэл оногдуулжээ. Удалгүй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ч.Хагел, АНУ-ын Армийн штабын дарга, генерал Рэй Одиерно нар түүнээс уучлал гуйж, хошууч цолтойгоор армидаа эргэн орж ажиллах урилга гардуулсан байдаг. Мөн аливаа “Хүндэтгэлийн медаль”-ийн тодорхойлолтыг заавад шат дараалан явуулахгүйгээр шууд армийн штабт ирүүлж байх шинэ журам гаргасан байна. 

Ахмад В.Свенсон нь “Хүндэтгэлийн медаль”-ийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу анх шагнал тодорхойлсон өдрөөс хойш 19 сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обомагаас гардан авчээ. Энэ нь Вьетнамын дайнаас хойш амьд ахуйдаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй анхны офицер болсон түүхтэй. Өнөөдөр тэрбээр хошууч цолтой 1 дүгээр корпусын төлөвлөлтийн офицероор ажиллаж байна.

Eggi Mongolian

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top